Шүүхийн байгууллага авлига хамгийн их тархсан институц болжээ

2018-12-25 Мэдээ, мэдээлэл

АТГ-ын сар бүрийн 25-ны өдөр хийдэг хэвлэлийн хурал боллоо. Хуралдааны гол зорилго нь ирэх онд тус байгууллага авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, олон нийтийг соён гэгээрүүлэх, албан тушаалтнуудын ХОМ-ийг хянан шалгах чиглэлээр ямар түвшинд ажиллах вэ гэдэг талаар, дэвшүүлсэн зорилтуудын талаараа сэтгүүлчдэд мэдээллээ.

Хэвлэлийн хуралд Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням, Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү, Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Хашбаатар, Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, ахлах комиссар Ч.Жаргалбаатар, Хэвлэл олон нийттэй харилцах ажилтан, комиссар Т.Мөнхтунгалаг нар оролцож байна.

Хурлын эхэнд комиссар Т.Баярхүү авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр ямар үйл ажиллагаа явуулж буй талаар тодруулсан юм. Энэхүү мэдээллийг тоймлон хүргэвэл, Монгол Улс дахь авлигын нөхцөл байдлыг тодорхойлоход судалгаа, шинжилгээ ямар үүрэг гүйцэтгэж ирсэн талаар онол практикийн бага хурлыг энэ сарын 4-ний өдөр Азийн сантай хамтран зохион байгуулжээ. Түүнчлэн АТГ-аас гаргадаг “Шудрага байдлын үнэлгээ-2018” судалгааны дүнгийн нэг үзүүлэлт болох “авлига тархсан институц” асуулгаар боловсролын байгууллага 41.0 оноо авсан байна. Өөрөөр хэлбэл 2016 онд есдүгээрт эрэмбэлэгдэж байсан бол 2018 онд тавдугаарт эрэмбэлэгдэж нөхцөл байдал муудсан байна.

Мөн аливаа улс орны боловсролын тогтолцоо авлигаас ангид байх ёстой гэдгийг тэрбээр онцлов. Энэ хүрээнд тус газраас төрийн болон төрийн бус байгууллага, судлаач, иргэдийн төлөөллийг оролцуулан “Боловсролын салбар дахь авлига, түүнээс урьдчилан сэргийлэх арга зам” сэдэвт хэлэлцүүлгийг энэ сарын 5-ны өдөр зохион байгуулсан аж.

Түүнчлэн ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн хөрөнгийн эх үүсвэр, зориулалт, эрх зүйн зохицуулалт, шийдвэр болон зарцуулалтыг цаашид авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид, нээлттэй, ил тод болгох талаар тодорхой шийдэл гаргах зорилгоор арга хэмжээ зохион байгуулжээ. Тодруулбал, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Сангийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Үндэсний Аудитын газар, Монголбанк, Үндэсний хөгжлийн газар зэрэг төрийн байгууллагын албан тушаалтнууд, Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхим, МУИС, СЭЗДС, Монголын Хуульчдын холбоо, Монголын банкны холбоо, Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо, АТГ-ын дэргэдэх Иргэний хяналтын зөвлөл, Ил тод байдал сан, www.ikon.mn сайт зэрэг байгууллагын тэргүүн, эрдэмтэн судлаачидыг оруулсан “ЖДҮ-ийг хөгжүүлэх сан: Асуудал ба шийдэл” сэдэвт хэлэлцүүлгийг энэ сарын 6-ны өдөр зохион байгуулжээ. Дээрх хэлэлцүүлгүүдэд оролцогчдоос гаргасан санал, дүгнэлтийг нэгтгэж, холбогдох байгууллагуудад Зөвлөмж болгон хүргүүлэхээр бэлтгээд дуусч байгаа аж. Харин эдгээрийн хэрэгжилтэд АТГ бусад төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран, хяналт тавьж ажиллахаар болжээ. Мөн цаашид энэ төрлийн хэлэлцүүлэг, уулзалтуудыг салбар бүрт хийхээр төлөвлөн ажиллаж байна гэв.

АТГ нь төрийн үйлчилгээ авсан иргэд, байгууллагын судалгаанд тулгуурлан төрийн байгууллагын шударга байдлын түвшинд хоёр жил тутамд үнэлгээ гаргаж, олон нийтэд мэдээлэх үүрэгтэй байдаг. Энэ хүрээнд 2018 онд нийтдээ 62 байгууллагыг үнэлсэн бөгөөд үнэлгээний судалгаанд нийтдээ 9411 нэгжээс мэдээлэл цуглуулах ажлыг улсын хэмжээнд зохион байгуулан ажиллажээ. Судалгаанд хамрагдсан нийт оролцогчдын үнэлгээгээр шударга байдлын үнэлгээ 68.8 хувь гарч өнгөрсөн оны үзүүлэлтээс 1.0 пунктээр буурсан байна. Анх судалгаа хийгдсэн 2015 оны үнэлгээтэй харьцуулахад 5.0 пунктээр бага үзүүлэлттэй гарсан байна. Үнэлгээг байгууллагаар авч үзвэл энэ онд Соёл, урлагийн газар, Завхан аймгийн Засаг даргын Тамгын газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Гадаад харилцааны яам, Батлан хамгаалахын яам зэрэг байгууллагууд хамгийн өндөр үнэлгээг авсан байна. Харин Эрчим хүчний яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Татварын ерөнхий газар, Биеийн тамир спортын газар, Баян-Өлгий, Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газар бага оноо авчээ.

Хяналт шалгалт, дүн шинжилгээний чиглэлээр:

Он гараад улсын хэмжээнд нийтийн албан тушаалтнуудын мэдүүлгийг бүртгэх ажил эхэлнэ. Энэ ажил хуульд зааснаар хоёрдугаар сарын 15-ныг дуустал үргэлжилнэ.

АТГ улсын хэмжээнд хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх үйл ажиллагаа эхэлсэнтэй холбогдуулан зарим анхаарах асуудлын талаар төрийн болон нутгийн захиргааны нийт 109 байгууллагад албан бичгээр чиглэл хүргүүлсэн байна. Түүнээс гадна яам, агентлаг, нийслэл, дүүрэг, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж байгууллага, тэдгээрийн салбар нэгжийн 300 орчим мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий албан тушаалтнуудыг оролцуулсан нэгдсэн сургалтыг зохион байгуулжээ.

2018 онд АТГ орон нутагт ажиллахад нийт 264 зөрчил илэрсэн. Зөрчлийн дагуу нийт 130 албан тушаалтанд сануулах, цалингийн хэмжээг бууруулах, албан тушаалаас нь чөлөөлөх зэрэг сахилгын шийтгэл ногдуулсан аж. Зарим зөрчилд газар дээр нь холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлжээ.

Аймгуудаар авч үзвэл:

Аймаг Албан тушаалтны тоо Аймаг Албан тушаалтны тоо
Төв аймаг 3 Сүхбаатар аймаг 29
Дархан-Уул аймаг 2 Өвөрхангай аймаг 1
Баянхонгор аймаг 12 Өмнөговь аймаг 13
Завхан аймаг 11 Орхон аймаг 2
Булган аймаг 8 Архангай аймаг 1
Хэнтий аймаг 8 Баян-Өлгий аймаг 5
Дорнод аймаг 21 Увс аймаг 1
Сэлэнгэ аймаг 9 Дундговь аймаг 4

Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 664 этгээдийн урьдчилсан мэдүүлгийг хянан шийдвэрлэсэн бөгөөд уг хугацаанд ЦЕГ, ЭХЯ, ЗХЖШ, ОБЕГ-аас ирүүлсэн урьдчилсан мэдүүлэг бусад байгууллагатай харьцуулахад өндөр дүнтэй байна гэв.

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс ирүүлсэн хүсэлтийн дагуу хяналт шалгалтыг явуулж үндсэн ажлаас гадуур олсон орлогоо хөрөнгө, орлогын мэдүүлэгтээ мэдүүлээгүй Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Д.Лхагвасүрэнд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын тушаалаар албан тушаалын цалингийн хэмжээг бууруулах сахилгын шийтгэлийг ногдуулсан байна.

Одоогийн байдлаар иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 50 өргөдөл, гомдлыг хуулийн хугацаанд хянан шийдвэрлэсэн, одоо ажиллагаанд 63 гомдол, мэдээлэл хянан шалгагдаж байна гэлээ.

Тухайлбал:
1. Гадаадын иргэн харьяатын газрын Баруун бүс дэх газрын Баян-Өлгий аймаг дахь хэлтсийн хяналтын улсын байцаагч Х.Өмиргүл нь өөрийн хамаарал бүхий этгээд болох хамтран амьдарч байсан хүнийхээ эрх ашгийг хөндсөн тушаал, шийдвэр гаргахдаа ашиг сонирхлын зөрчил үүссэн эсэх талаар мэдэгдэл, тайлбарыг гаргаагүй нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2, 8.6 дахь хэсэгт заасан заалтуудыг зөрчсөн нь тогтоогдсон тул Гадаадын иргэн харьяатын газрын даргын тушаалаар цалингийн хэмжээг бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан.
2. Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Д.Бат-Эрдэнэ нь Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь хэсэгт заасан албан үүргээ гүйцэтгэхдээ бусдын эрхийг хязгаарласан шийдвэр гаргасан нь тогтоогдсон тул Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын тушаалаар цалингийн хэмжээг бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан.
3. Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Т.Мөнхсүлд нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйл /Албан үүргээ гүйцэтгэхтэй холбогдсон хориглолт, хязгаарлалт/-ийн 11.1-д “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно.” гэж заасныг зөрчсөн нь тогтоогдсон тул Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын тушаалаар нийтийн албанаас халах сахилгын шийтгэл тооцуулсан.

Мөрдөн шалгах чиглэлээр:

Мөрдөн шалгах хэлтсээс энэ сард гэмт хэргийн шинжтэй 59 гомдол, мэдээлэл хянан үзсэн. Хүлээн авсан 59 гомдол, мэдээллээс 29 гомдол, мэдээлэл буюу 49.2 хувьд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх санал гаргасан, 17 гомдол, мэдээлэл буюу 28.8 хувьд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах санал гаргасан, 2 гомдол, мэдээлэл буюу 3.4 хувийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлжээ. Одоо 11 гомдол, мэдээллийг шалгаж байна. Гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийн шийдвэрлэлт 81.4 хувьтай байна.

Мөрдөн шалгах хэлтсийн хэмжээнд 2018 оны 12 дугаар сард хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 385 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулснаас 17 буюу шалгасан хэргийн 4.4 хувийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт, 24 буюу шалгасан хэргийн 6.2 хувийг хэрэг бүртгэлтийн хэрэг хаах саналтайгаар прокурорт, 27 буюу шалгасан хэргийн 7.0 хувийг харьяаллын дагуу шилжүүлж, одоо 315 эрүүгийн хэргийн үлдэгдэлтэй байна гэв. Эдгээрийн 266 нь хэрэг бүртгэлтийн хэрэг, 49 нь мөрдөн байцаалтын хэрэг байна. Тус хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргийн 18.2 хувийг шийдвэрлэжээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.