Нийтийн тээврийн системийг шинэчлэхэд онцгой анхаарна

2017-04-11 Нийслэл

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өнөөдөр нийтийн тээврийн өнөөгийн нөхцөл байдал, энэ салбарт хэрэгжиж буй “Ухаалаг систем”-ийн үйл ажиллагаатай танилцлаа. Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, НЗДТГ-ын Төрийн сангийн хэлтсийн дарга Э.Ганхүү, Зорчигч тээврийн нэгтгэлийн дарга Г.Төмөрбаатар, Тээврийн газрын удирдлага болон Улаанбаатар смарт карт компанийн төлөөллүүд дагалдан явсан юм. Хотын даргаар ахлуулсан баг Таван шар-Офицер чиглэлийн автобусаар зорчиж иргэд, нийтийн тээврийн төсөв, зарлага, өнөөгийн нөхцөл байдлын талаар иргэд болон салбарынхны сэтгэгдлийг сонслоо.

Нийслэлийн Засаг дарга С.Батболд “Бид гурван сарын хугацаанд судалгаа хийж 100 хувь картаар зорчих системд нэвтрүүллээ. Иргэдийн хувьд картаар зорчих болсонд ам сайтай байна. Картын борлуулалт нэмэгдэж байна. Үүнийгээ дагаад ухаалаг системийн энэ ажил сайжрах боломжтой. Цаашдаа бид бүхий л төлбөрийн хэрэгслүүдээр автобусанд зорчих боломж болоод орон нутгаас ирсэн иргэдэд зориулсан нэг удаагийн карт гаргах талаар судалж байна. Цаашлаад нийтийн тээврийн сүлжээг хэрхэн илүү боловсронгуй болгох вэ гэдэгтэй холбогдох албаны хүмүүстэй ярилцаж байна. Учир нь зарим чиглэлд олон давхцал гарч, зарим чиглэлд автобус хүрэлцэхгүй байх асуудал гарч байна” хэмээлээ.

Шугамын орлого 25 хүртэлх хувиар өссөн

Нийслэлийн Тээврийн газар, Улаанбаатар Смарт карт ХХК, нийтийн тээврийн үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгжүүд хамтран нийтийн тээврийн салбарт шинэчлэл хийж энэ сарын 1-ний өдрөөс эхлэн нийтийн тээврийн тогтолцоо 100 хувь картын төлбөрийн системд шилжүүлсэн. Шинэчлэл хийгдсэний дараах 10 хоногийн байдлаар шугамын орлого 25 хүртэлх хувиар өссөн аж.

“Улаанбаатар Смарт карт” ХХК-ийн Үйл ажиллагааны хэлтсийн Тээврийн хэсгийн ахлах менежер Ц.Түвшинжаргал “Шинэчлэл маань амжилттай хэрэгжээд явж байна. Цаашдаа төлбөр төлөлтөд хяналтыг сайжруулж ажиллана. Ингэснээр шугамын орлого өсөх хандлагатай байгаа. Нийслэлийн хэмжээнд өдөр тутамдаа 400 мянга орчим хүн автобусаар зорчдог. Бид өнөөдрийн байдлаар 847 мянган карт борлуулсан байна. Үүнээс гадна одоогийн байдлаар иргэд энгийн “U-money”, сарын хугацаанд хязгааргүй зорчих эрхтэй карт, юнителийн “NFC”сим карт, хаан банкны “City bus” гэх мэт дөрвөн төрлийн картаар төлбөрөө төлөн үйлчлүүлж байна. Манай байгууллагаас энэ бүх боломжийг нэмэгдүүлэхийн тулд анхааран ажиллаж байгаа” хэмээж байлаа. Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар Смарт картыг цэнэглэгч 430 цэг ажиллаж байгаа юм. “Улаанбаатар Смарт карт” компаниас энэ сардаа багтааж цэгийн тоог 500-д хүргэхээр зорин ажиллаж байгаа аж.

Жолооч нарын амрах байрыг нэмэгдүүлнэ

Нийслэлийн Засаг даргаар ахлуулсан баг Улиастайн автобусны эцсийн буудалд очин нийтийн тээврийн жолооч нарын амралтын байрны нөхцөл байдалтай танилцлаа. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2011 онд Шархад, Нарангийн гол, Баянхошуу, Улиастай зэрэг дөрвөн газарт жолооч нарын амрах байрын барилгыг бариулсан байна. Жолооч нар өдрийн хоолоо идэх, автобусаа угааж цэвэрлээд чиглэлдээ гарах зэрэг боломжийг бүрдүүлсэн ч одоогийн байдлаар зориулалтаараа нь ашиглахгүй байгаа аж.

“Эдгээр амрах байрыг сэргээж, ашиглалтыг сайжруулан зориулалтаар нь ажиллуулах болно. Цаашдаа хөрөнгө мөнгөний боломжоороо эцсийн буудлууд дээр ийм байрыг нэмж байгуулах шаардлагатай. Ингэснээр автобусны эцсийн буудалд ирсэн жолооч нар автобусаа цэвэрлэж, өөрсдөө хоол ундаа идээд ажилдаа явах боломж бүрдэнэ” хэмээн хотын дарга ярилаа. Үүний дараа нийслэлийн Засаг дарга Зорчигч тээврийн нэгтгэлийн 1 дүгээр баазын үйл ажиллагаатай танилцсан юм. Зорчигч тээврийн нэгтгэлийн нэгдүгээр бааз нь 14 чиглэл нийт 129 автобус явуулдаг аж. Хотын дарга баазын авто гарааш, засвар үйлчилгээ, автомат угаалгын төвийн нөхцөл байдалтай танилцаж, баазын удирдлагуудын санал хүсэлтийг сонслоо.

Хотын дарга С.Батболд “Автобусны эцсийн буудлууд дээрх нийтийн тээврийн жолооч нарын амралтын байрны өмчлөлийн асуудлыг яаралтай шийдэж, зориулалтын дагуу ажиллуулах хэрэгтэй. Эхний ээлжинд барьсан байгаа дөрвөн цэгийг сэргээж ашиглалтад оруул. Шаардлагатай гэж үзвэл 2018 оны нийслэлийн төсөвт тусган амралтын байрыг нэмж барих хэрэгтэй” хэмээн Нийтийн тээврийн газрын дарга Д.Отгонбаатарт үүрэг өглөө.

Түүнчлэн “Зорчигч тээврийн нэгтгэлийн автобуснууд найман жилийн өмнө шугаманд гарсан. Одоогоор 650 мянган гүйлтийн километр зааж байгаа. Гүйлт хэтэрсэнээс иргэддээ тав тухтай, аюулгүй үйлчилэхэд хүндэхэн болсон. Тиймээс парк шинэчлэлийн асуудал чухлаар тавигдаж байгааг “Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн дарга Г.Төмөрбаатар хэллээ. Хотын дарга хэлэхдээ “ Нийтийн тээврийн парк шинэчлэлд онцгой анхаарна. Засгийн газарт хүсэлт тавьсан байгаа. БНСУ ын хөнгөлөлтэй зээлийн хөрөнгөөр парк шинэчлэлийг хийх талаар яригдаж байна гэдгийн онцолсон.

Нийтийн тээврийн асуудал хотын бүх л иргэдэд хамаатай чухал үйлчилгээ.. Улаанбаатар хот өдөр ирэх тусам өргөжин тэлж байна. Үүнийгээ дагаад нийтийн тээврийн системийг шинэчлэх зайлшгүй шаардлагатай. Тээврийн газрын анхаарах зүйлс байна. Чиглэлүүдэд харьцангуй тоогоор автобус явж байгаа асуудал байна. Нийтийн тээврийн үйл ажиллагаанд оролцож байгаа компаниудын тоо 23-д хүрсэн нь хэт олон гэж үзэж байна. Үүнийг тодорхой стандартад оруулж цөөлөх арга хэмжээ авах хэрэгтэй. Дараагийн гол зүйл бол төлбөр төлөлтийн систем юм. Бэлэн мөнгөний хайрцгийг аваад 10 хонож байна. Шугамын орлого эрс нэмэгдсэн байна. Цаашдаа нийтийн тээвэр ухаалаг алхамруу бүрэн шилжих нь зүйтэй” хэмээн хотын дарга ярилаа. Мөн “Том оврын автобус эрхлэгчдийн холбооны” төлөөлөлтэй уулзаж, тулгамдаж байгаа асуудлыг ярилцаж, нийтийн тээврийн системийн болон чиглэлийг олон улсын түвшинд хүргэх талаар хамтран ажиллана гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Өнөөдрийн онч үг

18 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.