Өнгөрсөн пүрэв гарагт АТГ-ынхан Нэгдүгээр сургуулийн захирал Г.Бум-Эрдэнийг авлига авч байхад нь үйлдэл дээр нь барьсан гэх сүржин мэдээлэл хэвлэлээр тарсан. Хэдийгээр авлигачдыг барьсан нь зөв ч гэлээ хууль хяналтынхан энэ мэт жижиг асуудлаар нийгэмд дуулиан тарьж олны доог тохуу болж байна. Харин ч тэд эсрэгээрээ нэг муу жараахай барьснаа дуулиан болгож байхын оронд улсаас олон зуун сая төгрөг хулгайлсан, хумсалсан дарга нарын хэргийг шалгаж үүнийгээ олон нийтэд сенсаацалсан бол чихэнд чимэгтэй байх байв. Тухайлбал, өнгөрсөн хоногуудад хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн ерөнхий зохицуулагч Д.Авирмэдийг Азийн хөгжлийн банкны зээлээр хэрэгжиж байгаа төслөөс их хэмжээний мөнгө тоншсон. Тиймээс түүний удирдаж буй төслийн багт аудит оруулж хуулийнхныг энэ асуудалд анхаарлаа хандуулаачээ хэмээн хэвлэлийнхэн хүссэн. Баримт нотолгоотой бэлээхэн материалыг олон нийтийн анхааралд оруулсаар байхад АТГ-ынхан яагаад энэ хэргийг шалгахгүй байна вэ гэж асуувал зохилтой.
Ц.Ариунбаяр ах дүү амраг садандаа тендер өгсөн үү гэдгийг нийслэлчүүд бид мэдэх эрхтэй
Дээрх олигархаас гадна бид өнгөрсөн дөрөвдүгээр сард Улаанбаатар хотын захирагч С.Батболдын эхнэрийн дүү Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын дарга асан Ц.Ариунбаяртай холбоотой ноцтой мэдээллийг олонд хүргэж түүний хууль бус үйлдэл хэр үнэний ортойг нотолж өгөхийг АТГ-аас хүсч байсан. Өөрөөр хэлбэл, хадам ахынхаа татаасаар Нийслэлийн бүхий л хөрөнгийг шийдэх суудалд тухалсан Ц.Ариунбаяр нийслэлд хийгдэх 44 тендер зарлагдсаны 30-ыг авсан нь ил болж, үлдсэнийг нь хотын даргын эгчийн “Голенхоул” ХХК-ийн нэрээр 100 гаруй сая төгрөгийн төсөвтэй цэцэрлэгийн дотоод агаарын чанарыг сайжруулах, агаар цэвэршүүлэгч худалдан авах ажлыг авсан.
105 сая төгрөгийн төсөвтэй хот байгуулалтын мэдээллийн тоног төхөөрөмж нийлүүлэх ажлыг мөн авсан нь эрх мэдлээ илт давуу байдлаар ашиглаж, хамаатан садандаа боломж олгосон нь яалт ч үгүй шалгах ёстой асуудлын нэг байсан учраас хуулийнхнийг анхаарлаа хандуулахыг хүсч байв. Уг нь Бараа, ажил, үйлчилгээг нийлүүлэх гэрээ байгуулах эрх олж авах зорилготой тендерт оролцогчдын өрсөлдөх үйл явц. Гэтэл тэд үүнийг хуулийн дагуу хийлгүйгээр зөвхөн өөрсдийн ах дүүсээ оролцуулсан уу?
Хэрэв Тендерийн хууль тогтоомжийг зөрчсөн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100-250 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, хохирол өндөр байвал 3-6 сараар баривчлах, цаашлаад онц их хэмжээний хохирол учруулсан бол таван жил хүртэл хугацаагаар ял оногдуулах хуулийн заалтаар буруутгагдана гэсэн үг. Мөн энэ асуудлаас гадна Ц.Ариунбаяр тус газрын даргаар ажиллаж байхдаа Сангийн яамнаас хийсэн шалгалтад бүдэрч ноцтой зөрчил гаргасан тухайг яамныхан тайландаа дурьдаж байсныг бид мэдээлсэн. Өөрөөр хэлбэл, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар худалдан авах ажлын төлөвлөгөөг хууль, журмын дагуу Сангийн яаманд ирүүлдэг ч өөрчлөлтийг нь ирүүлдэггүй зөрчил олон төсөл, арга хэмжээн дээр илэрсэн гэсэн үг.
Үүгээр зогсохгүй энэхүү баталсан төлөвлөгөөгөө ч мөрддөггүй байсан аж. Тухайлбал, тус газар 2017 оны худалдан авах үйл ажиллагааны төлөвлөгөөнд нийт 70 төслийн арга хэмжээний худалдан авах ажиллагааг хэрэгжүүлэхээр тусгасан аж. Эдгээр төсөл, арга хэмжээний гэрээг өнгөрсөн тавдугаар сард багтаан байгуулахаар төлөвлөсөн ч дөрөвдүгээр сард дөнгөж эхний гэрээг байгуулсан байв. Ямартай ч баримт сөхөхөд Нийслэлийн Засаг даргын 2017 оны нэгдүгээр улирлын тайлангаас үзэхэд 218 төсөл арга хэмжээ буюу задаргаагаар 339 төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн гэж байгаа нь Сангийн яаманд ирүүлсэн төлөвлөгөөнөөс нь ихээхэн зөрүүтэй байжээ. Угтаа хотын даргын эхнэрийн дүү ардаа асаалттай танктай гэгдэх Ц.Ариунбаяр ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ гаргасан төлөвлөгөөгөө тухай бүрт нь яаманд ирүүлээгүй гэсэн үг. Ийм нэг нөхөр яамны хяналтаас гадуур дураараа дургиж байсныг Сангийн яамныхан бэлээхэн гэрчлээд байна.
Товчхондоо Ц.Ариунбаяр тендерийн төлөвлөгөөгөө дутуу танилцуулахаас эхлээд үр дүнг нь хагас дутуу, буруу зөрүү тайлагнаж байсан гэдгийг нь илтгэж буй хэрэг. Хуулийн дагуу ярьвал Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан захиалагчийн эрх, үүргийг эрх шилжүүлсэн этгээдээс авч, өөрийн үндсэн чиг, үүрэгт хамааралгүй үйл ажиллагааг хэрэгжүүлсэн нь эрх зүйн үндэслэлгүй бөгөөд холбогдох хууль, журмыг зөрчсөн үйлдэл болсон гэсэн үг.
Ямартай ч С. Батболд хотын дарга болсноос хойш Нийслэлийн худалдан авах газраас 2016 онд зарлагдсан 15.2 тэрбум төгрөгийн төсөл арга хэмжээ, тендерийг шууд гэрээ байгуулах аргаар зохион байгуулсан нь хэн хүний амнаас гаргасан хардлага бус Сангийн яамны шалгалтаар тогтоогдсон тоо баримт гэдгийг дахин хэлье. Тиймээс Ц.Ариунбаярын уг үйлдэл нь Тендерийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 заалтыг зөрчсөн. Мөн өнгөрсөн онд буюу 2017 онд давхардсан тоогоор 208 тендер зарлагдсаны 149 тендерийн шалгаруулалтын дүнг л оруулсан гэдгийг дахин дахин хэлээд буй нь энэ юм. Үүнийг нарийвчлан мэдээлсний шалтгаан нь гэвэл өнгөрсөн хоёр жилийн хугацаанд нийслэлд зарласан тендерүүдийн 68 хувийг Ц.Ариунбаяр үнэхээр ах дүү амраг садандаа авч өгсөн үү гэдгийг нийслэлчүүд бид мэдэх эрхтэй.
Тиймээс түүнийг АТГ-т өгч, тендер тойрсон будлиануудыг нь шалгаж тогтоолгох нь шударга ёсонд нийцнэ гэж хэлээд буй юм.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30412
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.