Каспийн хаяан дахь “Мэдлэгийн төв”-ийн ойр, орчинд

2018-10-9 Амрах агшин

 

Аян замын тэмдэглэл

  1. 1. Тэнгис дэх ордууд хийгээд “Цагаан хот” -Баку

Хотын захад хүрмэгц тэнгисийн хаяатай нийлнэ. Түүнээс чинагш тэнгис цэлийн хөхрөөд, тэнгэрийн хөхөмдөгт уусна. Эрэг дагуу нүсэр том хөлөг онгоцууд аргамжаатай. Ачаагаа ачаалан далайн замд гарах ээлжээ хүлээн байгаа нь тэр биз. Гэвч далайн мандалыг зүсэж, чухам ямар ачааг хааш нь хүргэдэг бол?

Тэнгисийн зах дахь хөлөг онгоцуудын зогсоол хавийн газраар бол мандал дээгүүр нь нил тос хөвнө. Энд асар арвин нөөц бүхий нефтийн гурав дөрвөн том орд, үйлдвэр бий гээд бодоход тэнгис ийнхүү тосоор халгих нь зүйн хэрэг байх. Улаанбаатар хотоос Киргизийн Бишкек, Туркийн Истанбул хотоор дамжин, онгоцоор арван хэдэн цаг нисэх зуур Арал тэнгис, Хар тэнгис, Каспийн тэнгисийн орчимд үүл нь хүртэл тос хөвсөн юм шиг ажиглагдахыг хараад гайхаж явав.  Энэ бүс нутагт хаа сайгүй газрын тосны ашигт малтмалаар баялаг хийгээд олборлолт эрчимтэй хийгдэх болсон нь үүнтэй ямар нэг байдлаар холбоотой болов уу гэх бодол төрсөн.  Каспийн тэнгисийн эрэгт замд гарах ээлжээ хүлээн зүүрмэглэх хөлөг онгоцнууд ч бас хэдэн мянган баррел нефтийн бүтээгдэхүүн ачаалан, тэнгисийн нөгөө эргийг зорьдог байх даа гэж бодогдоно.

Олон улсын Байгалийн нөөцийн Засаглалын хүрээлэн, Азербайжан дахь Евро-Азийн олборлох салбарын мэдлэгийн төв, Баку хот дахь Хазарын их сургууль, Швейцарийн холбоод хамтран, байгалийн баялаг бүхий орнуудыг ашигт малтмал, нөөц баялгаа шинжлэх ухаанчаар судлаж, ард олондоо наалдацтай, улс орныхоо ирээдүйг харсан, үр өгөөжтэй бодлого, зохицуулалт хийхэд нь тус нэмэр болох үйл ажиллагааг явуулах болсон. Энэ хүрээнд явагдаж буй “Байгалийн нөөцийн орлогын менежмент” сэдэвт гурван шатлалт олон улсын курс сургалтын үндсэн хэсгийг үзэж судлахаар бидний гурван Монгол (МУИС-ын багш, судлаач Ганбаатарын Мэндхүү, Азийн хөгжлийн банкны Монгол дахь салбарын мэргэжилтэн Лхагвасүрэнгийн Амар мөн миний бие) зургаадугаар сарын сүүлчээр Баку хотод хөл тавьсан юм. Энэхүү курсын эхний шатны сургалт онлайнаар нэг сарын хугацаатай явагдсан хийгээд сургалтын зорилго нь Еврази дахь байгалийн нөөц баялаг бүхий улс орнуудын эдийн засгийн урт хугацааны хөгжлийн төлөвлөлт, бодлогын загвар шийдлүүд, туршлагыг судлах, оролцогсдын хувьд өөрсдийн улс орнуудад тулгарч буй асуудлыг хэрхэн шийдвэл зохих тухай санал онолоо харилцан солилцох, энэ чиглэлээрх оролцогчдын мэдлэгийг гүнзгийрүүлэхэд чиглэгдэж байв.

Азербайжаны нийслэл Баку хот хэзээнээс инагш энэхүү Каспийн (Касвийн) тэнгисийн эрэгт оршин байсаар өдгөө ихэд цэцэглэн хөгжжээ. Нүд хужирлам өвөрмөц, чамин хийц загвартай барилга байшингууд сүндэрлэнэ. Газар нүхлэн байгуулсан хонгил замууд, газар дээрх засмал замуудаа ороож, сүлжсэн, тойргон хийгээд дүүжин гүүрүүд ирииж, хэдэн мянган машин тэрэг завсар чөлөөгүй сүлжилдэнэ. Гэлээ ч зам түгжирч төвөг удах нь барагтай. Манай Улаанбаатарын дэргэд бол хотын зам нь харьцангуй чөлөөтэй юм. Мэдээж энэ нь газрын хэвэл дээгүүр байгуулсан замаас гадна газар доогуур байгуулсан хонгил замууд, трамвай сэлтийг өргөн ашигладагтай холбоотой бололтой. 20 гаруй жилийн өмнө Баку хотод байгальд халтай технологи бүхий химийн үйлдвэрүүд голлож, утаа тортогт баригдсан, чухамдаа “Хар хот” гэгдэж байсан бол өдгөө дэлхийн банктай хамтран, хотыг шинэчлэн хөгжүүлэх хөтөлбөр хэрэгжүүлж, хотын нэрийг бүүр газрын зураг дээр хүртэл “Цагаан хот” гэж тэмдэглэх болсон нь “Зууны гэрээ” гэгдэх алдарт үйл явдалаас үүдэлтэй аж. Энэ тухай доор “Нефтийн сан хийгээд мэдлэгийн төв” гэсэн дэд гарчиг бүхий хэсэгт үгүүлэх болно.

Нар буцсаны дараахан зуны туйл үед энэ газарт халуун гэдэг жигтэйхэн, ид халууны үедээ агаарын хэм дундажаар нэмэх 40-тэй. Үдшийн цагаар далайн эрэг хавиар дөхвөл бин битүү уур манан болоод хамаг бие далайн ууранд баглагдан, хөлс алдах нь хэвийн үзэгдэл. Далайн түвшнээс доош 28 метрийн нам дор газар гэж бодохоор ийм байх нь арга ч үгүй.

Баку хотод уугуул Азербайжан үндэстнээс гадна армен, гүрж, иран, еврей, орос, араб, түргүүд, түүнчлэн баруун европынхон гэх мэт олон хэлийнхэн хөлхөлдөх агаад, тэд бүгд л хотын уугуул оршин суугчид гэх. Кавказын уулстай хаяа залгах үржил шимт нутагтай газар тариалан эрхлэж, мал адгуулах нь бий ч сүүлийн үед улсын эдийн засагт хөдөө аж ахуйн салбарын эзлэх хувь харьцангуй багассан гэцгээнэ.

Харин нефт, байгалийн хий зэрэг ашигт малтмал болон олборлох үйлдвэрүүдээрээ нэлээд “дээгүүр гишгэнэ”. Бас уламжлалт соёлын нэг зүйл болох хивсин урлалаараа алдартай аж. Эрт үед XIII-XVI зуунд Монголын эзэнт гүрний нэгээхэн хэсэг болон оршиж асан Ил хаант улсын үргэлжлэл болох дундат болон өмнөт Ази өдгөө Евро-Азийн гэгдэх болсон олон улс гүрний нэг Азербайжан улс өнөөдөр 86,600 км, квадрат нутаг дэвсгэртэй, 10.0 сая гаруй хүн амтай, Ерөнхийлөгчийн бүгд найрамдах засаглал бүхий нэгдмэл төрийн байгууламжтай, Абшерон, Агдам, Агжабеди, Акстафа, Огуз, Физули, Хожавед, Ярдымлы, Зердаб, Зангален, Качмаз, Хызы, Казах, Гобустан, Массалы, Исмайллы, Сабирабед, Шемаха, Имишли, Балакен, Билесувар зэрэг 59 аймагтай, нийслэл Бакугаас гадна, Гянжа, Сумгайт, Ширван, Мингечевир, Евлах, Нафталан, Шеки, Ланкеран, Шуша, Ханкенди гэсэн 10 хоттой, басхүү өөртэй засах засаглал бүхий нэг жижиг улсыг (Нахчыван) харъяандаа багтаадаг юм байна. Хил хязгаарын хувьд Арментай 500 гаруй км газраар, Гүржтэй 300 гаруй км газраар, Ирантай 400 гаруй, Дагестантай 200 гаруй км газраар хиллэнэ. Өөртэй засах Нахчыван улс нь Иран, Армен, Турк улсын нутаг дэвсгэртэй хил нийлнэ.

40 гаран хэмийн халуунд Баку хотын гудамжаар албаны хослол өмсөж, зангиа зүүсэн ажил хэрэгч эрчүүд, мөн албан ёсны хувцасласан эмэгтэйчүүд, битүү нөмрөг нөмөрч, нүүрээ гивлүүрээр бүтээсэн араб охид, хүүхнүүд нааш цааш зөрөлдөхийг харах тоолондоо бид хэд тэдний ёсорхуу, тэвчээртэйг гайхалзана. Амар маань маань байсхийгээд л “гүйээ ер, эд нар халууцдаггүй юм байх даа, богино өмд (шорт) өмсөөд явбал хөл гуя нь ил гарна гэж цээрлэдэг юм болов уу” хэмээн хачирхана. Эрчүүд нь ч эмэгтэйчүүд нь ч нөхөрсөг, эелдэг харьцаатай, зарчим, ёс горимд тахимдуу улс шиг санагдсан. Хоорондоо бүгд л төрөлх Азербайжан хэлээрээ ярьцгаах агаад төрөлх хэлээрээ ярих нь ч, орос, англи хэлээр ярих нь ч ялгаагүй, турк болоод оросын алтай, тува, хакас, бас казакстан зэрэг хаа газрын түргүүдийн, тэр ч атугай манай баруун Монголчуудын ярианы аялгатай хэмнэл, аялга нь ойролцоо юм шиг санагдах. Дашрамд хэлэхэд Азербайжан хэл нь түрэг хэлний огуз бүлгийнх ажээ.

Энд тэндээс жуулчид, аялагчид, албаны хүмүүс олноор ирдэг бололтой. Гудамжинд, зочид буудлын өргөгч шатанд, метронд, таксинд араб, еврей, перс, түрэг, орос бас европ төрхтэй хүмүүс тааралдах нь элбэг хийгээд бид хэдийг азийн аль орноос ирээ вэ? хэмээн хэрэг дурлах нь ч олонтоо. Тэгээд Монгол гэгмэгц л “Ой Чингис хаан” хэмээн уулга алдацгаана. Харин Баку хотын уугуул гэх нэг хоёр хүмүүсээс эрт цагт эндхийн улс гүрнүүдийг засаглаж байсан Хүлэгү, Абага, Өлзийт гэх мэт “Ил хаад”-ын (бага хаад) тухай мэддэг эсэхийг асуухад ихэнхдээ гайхалзан, зарим нь толгой сэгсрэнэ. Гэвч их сургуулийн багш нар, эрдэмтэн судлаачид нь бол энэ талаар сайн мэднэ.

  1. “Ил хаад”-ын мөр, улбаагаар

Түүх сөхөж үзвэл 1243 онд Көсэ-Дагийн тулалдаанаар Монголчууд Анатолыг болон Сельжүкийн султант улсыг эзлэн авч, вассалаа (түшмэг, харъяат) болгосон нь сүүлд Монгол “Ил хаад”-ын улс болжээ. Ил хаант улсыг үндэслэгч нь Чингис хааны ач, Толуй хааны хүү Хүлэгү хаан байв. Тэр 1255-1256 оны үед Байжугаас захирагчийн албыг хүлээн аваад, Египтийн хил хүртэлх” өрнө зүгийн исламын шашинт улс орнуудыг дагаар оруулах үүрэг хүлээжээ.

Энэ үүргээ тэрээр амжилттай биелүүлж, өнөөгийн Иран, Ирак, Афганистан, Туркеменистан, Армен, Азербайжан, Гүрж, Турк, баруун Пакистаны нутаг дэвсгэрийг хамарсан Персэд төвтэй Ил хаант улсыг байгуулж, түүний үр хойчис эдгээр улс үндэстнүүдийг 80 гаруй жил захиран суусан түүхтэй. (Нэвтэрхий толь), Хүлэгү хааны Персийг байлдан дагуулсаны зорилго нь бүүр урьдаас эхтэй гэх. Тэмүжин анх хаанд өргөмжлөгдөх үедээ итгэлт элч нарыг томилон тэдэнд хандаж, “Холын хоочаг, ойрын отора болтухай” гэж хэлсэн бол үүнээс хэдий олон жил өнгөрсөн ч гэсэн түүний ач хүү Хүлэгү дундад дорнотыг дагуулахын төлөөнөө “хоочаг, отара” хэмээхүй хатгах, цоолох, цочоон айлгах, исгэрэн сарниах зорилго бүхий сумны зэв адил олон үзүүрт дипломат бодлого хэрэгжүүлсэн. Тэрээр тус бүс нутаг дахь исламын шашны ёсны исмайлын  урсгалын хамгийн туйлширсан, харгис бүлэг болох Низари дэглэм, мөнхүү Аббасын халифын засагласан Багдад төвт бүх Исламчуудын нэгдсэн бүлэглэлийг довтлон дагуулж, улмаар Египтын мамлюк хийгээд султанд улсыг байлдан эзэлсэн байдаг. ( судлаач Наама О.Аром “Хүлэгү хааны сумны зэв – Дундад, дорно руу чиглэсэн элчин харилцаа” үгүүлэл) Сүүлд Ил хаант улсын засаглал мөхөх болсон нь дундад ази дахь Цагаадайн улс, Бат хааны улсуудын дайсагнал, Монгол эзэнт гүрний ханлигуудын хоорондын зөрчил тэмцэлтэй холбоотой гэдэг.

Хүлэгүгээс (1256-1265) хойшхи Ил хаадын тухай энд дурьдвал түүний хүү Абага ханы (1265-1282 явуулсан бодлого үйл ажиллагааны тухайд персийн түүхчдийн бүтээлд ихээхэн сайн хандлагатайгаар бичигдэж үлдсэн нь олон. Тэрбээр хот балгадыг сэргээн босгох, хөгжүүлэх зэрэгт эерэг бодлого хэрэгжүүлж, цэцэглэл хөгжилд нь ихээхэн түлхэц үзүүлсэн гэдэг. Бас энд нэг сонирхолтой зүйлийг дурьдваас тус бүс нутагт 1081 оноос  хойш төр барьж асан Комненой хааны удам угсааны VIII Михиал Палеологийн охин (хууль бус охин гэх), II Андроник хааны эгч Мария Диплобатацина нь Абага хааны хатан болсон бөгөөд түүнийг “Монголчуудын эзэгтэй” хэмээн өргөмжлөн нэрлэдэг байсан. Абага хааныг нас барснаас хойш хатан Мария нь “Монголчуудын гэлэнмаа нарын сүм” (Теодокос Панагиотисса)-г үүсгэн байгуулж, хаант улсын асар нөлөө бүхий хүмүүсийн нэг байсаар байсан тухай баримт сэлт байдаг аж.

Абага  хааны дараа Ахмед Тэкүдэр  (1282-1284), Аргун (1284-1291), Гайхату (129121295), Байду (1295), Махмуд Газан (1295-1304), Өлзийт (1304-1316), Абу Сайд Бахадур (1316-1335) нар хаанчилжээ.   

Азербайжан нь тэр үеийн Ил хаадын Засаглалд багтаж асан үндсэн хэсгүүдийн нэг гэдгийг дээр үгүүлсэн. Хүлэгү хаан Багдадыг довтлон эзлэх үед хот тосгодод дүрвэлт, хутган үймүүлэгчдийн үүсгэсэн үймээн, гал түймэр, үер зэрэг эмх замбараагүй байдлын улмаас номын сан, соёлын үнэт зүйлүүд багагүй сүйтгэгдсэний хор уршигийг багасгах, улмаар сэргээн босгох ажлуудыг Хүлэгү хааны зарлигийн дагуу өрнүүлсэн бөгөөд Халифын ордонд байсан номын сангийн ихэнх номыг Монголчууд Ил хаант улсын оюуны шинэ төв болсон Азербайжан руу нүүлгэн шилжүүлж байсан мэдээ байна. (Михал Биран Монголын үеийн Багдадын уналт ба сэргэлт үгүүлэл) Тэрчлэн Хүлэгүгийн цэрэгт Азербайжанчууд олноор алба хааж,Багдадыг эзлэх байлдаанд оролцож байжээ. Зохиогч нь үл мэдэгдэх нэгэн Перс сурвалжид Хүлэгү хааны цэрэгт Туркестан, Трансоксын цэргийн нэгтгэл, Фарсын Атабекүүд, Ирак, Азербайжан, Рүмийн султад, Хорасан, Систан, Мазандаран, Кирман, Рутамдар, Ширван, Гүристан, Арран, болон Луристаны ноед, вангууд оролцсон гэж байдгийг үзвээс эдгээр газар орнууд нь Багдадыг эзлэхээс бүүр өмнө нэгэнт Монголчуудад дагаар орсон байсныг гэрчилнэ. 1335 оноос хойш Ил хаадын улс задралын байдалд орж, олон жижиг хэсгүүд болон хуваагдаж эхэлсэн аж.

Нэгэнтээ дундат Азийн Азербайжан улсад хөл тавьсан талаар тэмдэглэл тэрлэж байгаагийн учир тухайн газар дахь Монгол хаадын хаанчлалын талаар дурьдалгүй өнгөрөх нь цулгуй хоосон болох шиг санагдсанаас үүнийг үгүүлсэн бөгөөд  Монголын эзэнт гүрний түүхийн судалгааны хүрээнд энэхүү Ил хаадын улсын талаар судалгаа нэн хомс байснаа сүүлийн жилүүдэд идэвхижиж эхэлж байгаа гэх юм билээ.

Ийнхүү нэгэн үед Монголын эзэнт гүрний бүрэлдэхүүнд багтаж асан Азербайжан улс хожим нь 1920 онд Зөвлөлт социалист бүгд найрамдах Азербайжан улс болж, Зөвлөлтийн бүрэлдэхүүнд 70 гаруй жилийг туулаад 1991 онд тусгаарлажээ. Өнөөгийн Азербайжанд, тухайлбал Баку хотод эртний хэрэм, цайз, хуучин хотын дурсгалууд элбэг агаад, эдгээр нь тэр үеийн дурсгалын ул мөр болов уу гэж бодогдох. Дээр үгүүлсэнчилэн Азербайжан нь Ил хаант улсын соёлын шинэ төв байсан гэвэл өдгөө хотын номын сангууд, архив зэрэгт тухайн үеийн үнэт сурвалжууд цөөн бус буй нь магад.

Баку хотын нэгээхэн хэсэгт “Хуучин хот” /Старий город/ город гэх дүүрэг байна. Тэндхийн чулуун гудамж, барилга, байшингууд нь дундат зууны үеэс хойш уламжилж ирсэн, хэдэн зуун жилийн настай хийгээд үлэмж бөх, батаас гадна эртний хэлбэрээ хадгалсан, өвөрмөц хийц маяг нь өөрийн эрхгүй сонирхол татна. Хуучин хотыг Бакучууд аялал жуулчлалын дүүрэг болгон зохицуулжээ. Эртний тэр барилгуудад байралсан ресторан, зочид буудал, үйлчилгээний газруудад ороход эгээ л үзмэрийн газарт /музейд/ орсон мэт сэтгэгдэл төрөх нь бишгүй. Үдшийн сэрүүнээр хуучин хотын хэрэм цайзын дундах, чулуун байшингуудын нүх, сүв бүрт байрлах уушийн газрууд, худалдааны газруудаар жуулчид, аялагчид хөлхөөстэй. Өөрийн хот хийгээд улсын нэр, газрын зураг сэлт, бас бус онцлог зүйлсийг шингээн урласан бэлэг дурсгалын зүйлс элбэг байх нь жуулчдын сонирхлыг татах бас нэг ур ухаан бололтой. Каспийн тэнгисийн яг эрэг дээр Баку хотын хивсний музей байх агаад хуйлаастай хивсний хэлбэрээр барьсан таван  давхар тэр музейд Азербайжан болон Дундат азийнхны хивс урлаж ирсэн хэдэн зуун жилийн түүхийг амьдчилан үзүүлэхийн зэрэгцээ улс үндэстний соёл, түүхийн цогц үзмэр болгож, чаджээ.  Нэгэн үдэш бид хуучин хотын ойролцоо салхилж яваад бяцхан хүү, охин хоёроо дагуулсан идэр насны Азербайжан эртэй тааралдаж, хэсэг яриа өрнүүлэв. Тэр эрийн ярих нь “Баку хот бол олон үндэстний хот, энд Армен, Иран, Еврей, Араб, Орос, Турк, Гүрж, Франц, Англи гээд янз янзын улсууд аж төрдөг. Монгол хийгээд дундат Азийнхан чинь төрөл угсаа нэгтэй гэж болохуйц адил төстэй үндэстнүүд шүү дээ” гэж байна. Тэгэхээр ийм бодолтой хүмүүс ч бас байдаг байх нь.          2013 оны үед гаргасан албан ёсны танилцуулгад Азербайжаны хүн амын бүрэлдэхүүнийг 90 хувь нь Азербайжан, 2,2 хувь нь Лезгичүүд, 1,8 хувь нь Оросууд үлдсэн хэсэг нь бусад үндэстэн гэсэн байх ба Бакуд уулзаж, учирсан, яриа өрнүүлсэн хүмүүсийн хэлэхээр бол Азербайжан үндэстэн нь талыш, лезги, авари, курд, армянуудыг мөн агуулдаг. 240.0 мянга орчим Армянчууд, бас курдууд 250 мянга гаруй, гэх мэт, тэдгээрээс гадна  Иран, Еврей, Орос Арабууд ч олон буй гэцгээх аж.

“Нефтийн сан” хийгээд “Мэдлэгийн төв”

(Аялагч миний бие)

Азербайжан улс хийгээд нийслэл Баку хотын өнөөгийн эдийн засгийн хөгжлийн үндсэн суурь нь нефтийн үйлдвэрлэл ажээ. Каспийн тэнгисийн “Азери”, “Чыраг”, “Гюнешли” гэсэн гурван ордыг хэрхэн ашиглах нь тус улсын хувьд нэн чухал байсан агаад 1994 онд эдгээр ордуудыг түшиглэсэн боловсруулах үйлдвэр байгуулах тухай хэлцэлд Их Британийн BP (хуучнаар “British Petroleum”) АНУ-ын Amoco, Unocal, Exxon, McDermott, Pennzoil, Оросын «Лукойл», Норвегийн Statoil, Саудын Арабын Delta Nimir, Шотладын Ramco, Туркийн TPAO, Азербайжаний төрийн өмчит SOCAR зэрэг компаниудыг оролцуулан, маш том гэрээ байгуулжээ. Хөрөнгө оруулагчид дээрх гурван ордод нийт 11.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулсан гэх . “Зууны гэрээ” гэгдэх болсон энэхүү гэрээний үндсэн нөхцөлүүдийн нэг гэвэл нефтийн үнэ өсөх тусам Засгийн газрын эзэмших хувь ихсэх болзолтой, гэрээний дагуу 2018 он гэхэд нефтийн үйлдвэрт гаргасан зардалаа нөхөж дуусах байв. Гэтэл олон улсын зах зээл дээр нэг баррел нефтийн үнэ 100 ам.доллараас давсан нь завшаан болжээ. Тэгээд бүүр 2008 он гэхэд нефтийн үйлдвэрт хөрөнгө оруулагчдаас оруулсан хөрөнгө буюу өр, өглөгөө бүрэн төлж дуусгажээ.

Хазарын Их сургуулийн профессор Фуад Расулов болон зарим судлаачдын ярьж буйгаар уг гэрээ нь нүсэр том хийгээд ойлгогдохгүй зүйл ч олон байсан. Англи зэрэг орноос мэргэжилтнүүдийг урьж ирүүлж байж гэрээнийхээ учрыг гүйцэд ойлгож байсан гэх.

Баку хотод Азербайжан улсын газрын тосны сан гэж том цогцолбор байна. Энэ санд өнөөгийн байдлаар 35.0 тэрбум гаруй ам долларын хөрөнгө хуримтлагджээ. Тэрээр нефт, газ, газрын тосны салбарын бүхий л үйл ажиллагааг зохицуулдаг бололтой юм. Тус сангийн дэргэдэх нефт, газын салбарын хөгжлийн түүх, өнөөгийн үйл ажиллагааг харуулсан мэдээллийн төвтэй танилцах үеэр тус сангийн мэргэжилтэн ярихдаа “тус улсад Олборлох салбарын ил тод байдлын санаачлага “ETI” –ийн дэмжлэгтэйгээр байгуулагдсан олон улсын комисс ажиллаж, олборлох салбарын санхүүгийн системийг нээлттэй ил тод, боловсронгуй болгоход чиглэгдсэн бодлогын цогц арга хэмжээг Засгийн газартай хамтран боловсруулж, хэрэгжүүлснээр энэ тал дээр ихээхэн амжилт олсон. Одоо тус улсад үйл ажиллагаа явуулж буй олборлох салбарын компаниудын тайлан мэдээллийг Азербайжаны бүх иргэд үзэж танилцах, энэ талаар санал бодлоо нээлттэй илэрхийлэх, санал зөвлөж өгөх боломжтой болсон агаад орон нутгийн болон олон улсын компаниудын үйл ажиллагааг жигд хөгжүүлж, адил нэг түвшинд хүргэх талаар ч бодлогын арга хэмжээнүүд хэрэгжүүлсээр байгаа” гэсэн.

Өнөөгийн байдлаар Азербайжан улс дэд бүтэц хийгээд эдийн засгийн хувьд харьцангуй  хөгжингүй болсон ч байгалийн нөөц баялгийнхаа бараг ихэнх хэсгийг ашиглачихаад байгаа тул цаашид хэрхэх билээ гэдэг асуудал толгой өвтгөж байгаа аж. Үүнтэй зэрэгцээ хүн амын зарим хэсэгт ажилгүйдэл, орлогын хомсдол ч амь бөхтэй оршсоор байгаа гэх. Баку хотод эрдэмтэн багш нар, судлаачдын лекц семинарыг сонсож суухад эрдэс баялгаас орж буй орлогыг хөдөө аж ахуй зэрэг уламжлалт салбар, аялал жуулчлал, электрон технологи гэх мэт ирээдүйд хөгжүүлэхэд тохиромжтой салбаруудынхаа хөгжлийг дэмжиж, эдийн засгийн нөөц чадавхи бүхий салбар бүрээ жигд хөгжүүлэхэд чиглүүлэх ёстойг ихэд чухалчилж байгаа нь анзаарагдсан. Тэрчилэн байгалийн нөөцөөр зогсохгүй, эдийн засаг, нийгмийн салбарын бодлого, стратегийг төлөвлөх, боловсруулах, урт, богино хугацаанд аливаа шийдвэр гаргахдаа нийгэм, олон нийтийн, олон талын оролцоог сайтар дайчилж, бүх талуудын эрх ашгийг орхигдуулахгүй, бас талуудад байгаа потенциалыг хэрхэн бүрэн дүүрэн ашиглаж, үр дүнд хүрэх аргачилалыг сайтар танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүлэн дадлага ажиллуулж байсан юм.

2014 оноос дэлхийн зах зээл дээр ашигт малтмал, эрдэс баялгийн бүтээгдэхүүний үнийн уналт нүүрлэхэд тэрхүү баялгийг экспортлож буй орнуудын эдийн засаг, нийгэмд олон сөрөг үр дагаврууд бий болсон. Үүнтэй зэрэгцээд баялаг бүхий орнуудын тухайн салбарт ил тод, нээлттэй тогтолцоог бий болгох, макро эдийн засгийн бодлого, орлогын удирдлагын үр өгөөжийг сайжруулах замаар эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах бодлогын шийдлүүд рүү онцгойлон анхаарах болсон авч, эдийн засгийн асуудлууд амжилттай шийдэгдэж чадаагүй гэж үзэж байна. Энэ тухайд Голландын их сургуулийн профессор Анар Ахмедов, Хазарын их сургуулийн профессор Ингилаб Ахмедов болон доктор Азер Мехтиев, Ниджат Гараев, Фарид Гулиев нарын бидэнд уншсан лекц болон дундын хэлэлцүүлгүүдэд олонтоо дурьдагдаж байсан.

Баку хот дахь Хазарын их сургууль дээр төвтэй Евро-Азийн Олборлох салбарын мэдлэгийн төвөөс явуулж буй үйл ажиллагаанууд нь чухам энэхүү тулгарч буй асуудлыг шийдэхийн тулд адил төстэй асуудал бүхий улс орнуудын төлөөллүүдтэй мэдээлэл хуваалцах, хамтарсан гарц, шийдэл эрэлхийлэх, туршлага судлахад чиглэгддэг юм байна. Өнөө жилийн курс сургалтанд Азербайжанаас гадна Украйн, Киргиз, Тажик, Монгол, Казакстаны төлөөллүүд хамрагдсан юм.

Азербайжаны газрын тосны /нефтийн/ сангийн мэргэжилтэн болон зарим эрдэмтэн судлаачдын амнаас сонсож байхад тус улсад ажиллаж буй олон улсын комисс болон Засгийн газрын зүгээс өөрийн оронд байгалийн нөөцийн бодлого, зохицуулалтыг боловсронгуй болгож хөгжүүлэх талаар явуулж буй үйл ажиллагаа, ололт туршлагаа ижил төстэй нөхцөл байдал бүхий бусад улс орнуудтай хуваалцах, олон улсад нийтлэг тулгарч буй “глобал” шинжтэй энэ асуудалд ончтой сайн шийдэл олоход олон улсуудтай, тэр дотроо Евро-Азийн бүс нутгийн гэгдэх улс орнуудтай хамтран ажиллах нь чухал гэсэн байр суурийг баримтлаж байгаа ажээ.

Хиргис Г.ТӨРМӨНХ

 

 

 

 

 

 

 

 

 

Өнөөдрийн онч үг

18 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.