Идэвхгүй веб сайтаа хэрхэн борлуулалтын цөм болгох вэ?

2020-12-15 Амрах агшин


Вэбсайтыг ихэнх тохиолдолд цахим орчин дахь нүүр царай, брэнд хоногшуулалтын нэг хэсэг мөн хэрэглэгчид мэдээлэл хүргэх нэг суваг гэдэг утгаараа байгууллагууд хийлгэдэг. Гэвч зөвхөн дээрх шаардлагуудаар вэбсайтаа хөгжүүлэх нь өрөөсгөл. Учир нь технологи, интернэт хэрэглээний хурдацтай хөгжлийн үед вэбсайтын бас нэг үүрэг бий болсон нь дижитал маркетинг, борлуулалтыг голлох цөм болсон явдал юм.

Энэ удаад та бүхэнд нэлээн эрт үед хийгдээд одоо үеэ өнгөрөөсөн, аль эсвэл маш өндөр зардал гарган хийлгэсэн ч тэр нь сэтгэлд тань хүрэхгүй байгаа идэвхгүй, үр ашиггүй тэрхүү вэбсайтаа хэрхэн борлуулалтын чухал хэрэгсэл болгох зөвлөмжийг хүргэе.

Эдгээр зөвлөгөөнүүд энгийн мэт боловч бидний төдийлөн анхаардаггүй чухал зүйлсийг ойлгуулж чадаж байгаа гэдэгт итгэлтэй байна. Тиймээс өнөөдрөөс өөрийн байгууллагын вэбсайтдаа анхаарал хандуулан бизнесийг тань дэмжиж чадаж байгаа эсэхийг нэг шалгаад үзээрэй.

1. Гар утсанд тохируул

Гар утасны хэрэглээ өсөж байгаагын нэг илрэл бол нийт онлайн хайлтын 60% гар утаснаас хийгдэж байна гэсэн үр дүн юм. Энэ хувь ирээдүйд бүр илүү өснө. Тиймээс одоо байгаа вэбсайтаа хамгийн түрүүнд гар утсанд тохирсон эсэхийг шалгах хэрэгтэй. Хэрэв гар утсан дээр тохиромжгүй байгаа бол 1 дүгээрт Google хэзээ ч таны вэбсайтыг хайлтын илэрц дээр гаргахгүй 2 дугаарт хэдий хэрэглэгч өөрөө олоод вэбсайт руу орсон ч тун удахгүй үргэн гарах болно. Үр дүнд нь борлуулалт хийх боломжтой нэг урсгалаа алдаж байна гэсэн үг.

2. Вэбсайтаа үргэлж амьд байлга

Төсөөлөөд үзье. Та өөрийн сонирхож буй байгууллагын вэбсайт руу орлоо гэж бодоё. Өнөөдөр 2018 он гэсэн ч вэбсайт дээрх мэдээлэл 2015 оноос хойш шинэчлэгдээгүй бол таны толгойд юу буух вэ? Хамгийн түрүүнд энэ байгууллага одоо байгаа юу? аль эсвэл үйл ажиллагаагаа зогсоосон байх гэсэн бодол төрнө. Уг нь танай байгууллага хэвийн үйл ажиллагаагаа явуулж байгаа ч цахим орчинд вэбсайт дээр мэдээлэл, агуулгаа шинэчлэдэггүйгээс болж дахиад л нэг борлуулалт хийх боломжтой байсан зочдын урсгалаа алдана.

3. Хэрэгцээт, шинэлэгч контентоор вэбсайтаа тогтмол баяжуул

ROBO эффэкт буюу хэрэглэгч худалдан авалт хийхээсээ өмнө тогтмол онлайнаар хайлт хийдэг. Онлайн хайлтын ихэнх нь хэрэглэгч өөрт тулгамдсан асуудалдаа шийдэл хайж байдаг. Хэрэв танай байгууллагад тэрхүү шийдэл байгаа бол яах вэ? Хэрэглэгч зөвхөн танай байгууллага, аль эсвэл борлуулалт, маркетингийн албатай холбогдож байж шийдлээ олно гэвэл явдал чирэгдэл ихтэй бөгөөд бүх хэрэглэгчид тэгж чадахгүй. Тиймээс цахим орчинд хэрэглэгчийн асуудлыг ойлгуулсан, шийдлийг танилцуулсан шинэлэг, хэрэгцээт контентыг байршуул.

Контент нь юу ч байж болно. Нийтлэл, зураг, видео, татаж авах материал, онлайн хичээл, зөвлөмж гэх мэт. Нэгдүгээрт контент хэрэглэгчид үнэ цэнэтэй мэдээлэл өгдөг, хоёрдугаарт борлуулалтын сэжим үүсгэж байдаг. Энэ нь одоо биш ч ирээдүйн худалдан авагчдыг тогтмол сургаж, худалдан авах процессод бэлддэг. Мөн хэрэглэгчидтэй урт хугацааны найдвартай харилцаа үүсгэхэд туслах болно.

4. Зочдыг сэжим болгох замыг тодорхойл

Вэбсайтын хамгийн чухал үр дүнг хэмжих үзүүлэлт бол Conversion rate буюу хувиргалтын хувь. Энэ нь танай байгууллагын үйл ажиллагаа, бүтээгдэхүүн үйлчилгээ, шийдлийн талаар ойлголт ч байхгүй хүнийг хэрхэн вэбсайтаар дамжуулан зөв зохион байгуулалт, хэрэгцээт мэдээллийг хүргэн худалдан авалт руу чиглүүлж байна вэ? гэдгийг илтгэх хувь юм. Энэ хувийг өндөр байлгах аргачлалыг Conversion rate optimization /CRO/ гэдэг.

Ихэнх тохиолдолд вэбсайт хөгжүүлж буй байгууллагууд харагдах загвар дизайн дээр хэтэрхий их ач холбогдол өгч, хамгийн чухал хэсэг болох conversion rate өндөр байлгах тал дээр төдийлөн ач холбогдол өгдөггүй. Магадгүй энэ нь бидний эхэнд хэлсэнчлэн вэбсайтыг зөвхөн брэнд хоногшуулалтын нэг хэсэг хэмээн хардагтай холбоотой байх. Мэдээж харагдах байдал, хийцлэл чухал ч танай вэбээр орж ирсэн зочидтой харилцаа холбоо тогтоож, хэрэглэгч болгох үйл явцыг яавч мартаж болохгүй.

5. Вэбсайтдаа шууд харилцаа үүсгэх боломжийг бий болго

Яг одоо цахим орчинд хамгийн үр дүнтэй маркетингийн аргачлал юу вэ? хэмээн асуувал сonversational marketing буюу харилцааны маркетинг хэмээн бүхий л дижитал маркетингийн тэргүүлэгчид дуу нэгтэйгээр хэлнэ. Энэ нь цахим орчинд хэрэглэгчид харилцаа үүсгэх бүх боломжийг бий болгож, үүсэж буй харилцаа бүрийг цаг алдалгүй барьж авах тухай юм. Учир нь хэрэглэгч худалдан авалтын шийдвэрээ гаргахын тулд хамгийн сүүлд танай байгууллагатай холбогдон мэдээллээ баталгаажуулж шийдвэр гаргадаг. Тиймээс хэрэглэгч заавал вэбсайтын холбоо барих хэсэг рүү дамжихгүйгээр шууд танай байгууллагатай холбогдох бүх боломжийг бий болго. Жишээ нь фэйсбүүк мэссэнжэр холбох, сошиал хуудсуудын линкийг холбох, холбоо барих и-мэйл, утасны дугаарт линк холбох гэх мэт.

6. CRM системд холбох

Орж ирсэн урсгалаа бүртгэж чадахгүй, хянаж чадахгүй бол борлуулалтын талаар яриад ч хэрэггүй. Хэмжиж чадвал, удирдаж чадна гэдэг алдартай үг байдаг. Тиймээс вэбсайтаар дамжин орж ирсэн хэрэглэгчдийн мэдээллийн бүртгэх, хэрэгтэй мэдээллээр хангах, сонирхож буй, худалдан авахаар зорьж буй бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгох гээд өргөн цар хүрээнд ажиллахад тань CRM систем туслах болно.

7. Өдөр тутмын үйл ажиллагааны нэг хэсэг болгох

Бидний вэбсайт хөгжүүлж буй туршлагаас үзэхэд хэдий та дээрх бүгдийг хийсэн ч вэбсайтаа ямар нэгэн байдлаар өөрийн өдөр тутмын үйл ажиллагааны нэг хэсэг болгохгүй бол тодорхой хугацааны дараа бусад ажилдаа дарагдан мартаж, орхигдуулах тохиолдолд нэг бус удаа гарсан. Тиймээс ямар нэгэн байдлаар үр дүнд хүрэхийг хүсвэл тууштайгаар вэбсайтаа удирдан авч явах хэрэгтэй. Бусад ажилаасаа болон вэбсайтаа үргэлж удирдах хэцүү байгаа бол вэбсайтыг автоматжуулах маш олон шийдлүүд байдгыг санаарай.

8. Эцэст нь тасралтгүй урсгалыг бий болго

Хэдий чинээ их хандалт байна, төдий чинээ их борлуулалт байна. Тиймээс вэбсайт руу хандах хэрэглэгчийн бүх боломжыг нээж өгч, тогтмол урсгалыг бий болгох хэрэгтэй. Үүнд гүүглийн илэрцэд дээгүүр гаргахад хайлтын системийн оновчлол хэрхэн хийхэд анхаарах, сошиал сувгуудаар вэбсайтын линкийг холбож урсгал үүсгэх, дотоод болон гадаад линк холбоосуудыг нэмэх, вэб рүү хандсан хэрэглэгчдийн вэбд өнгөрүүлэх хугацааг аль болох урт байлгахад анхаарах гэх мэт хамаарна.
Ж.Дашням
https://www.bzp.mn/

 

Өнөөдрийн онч үг

15 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.