Алслагдсан дүүрэгт усан онгоцны эд анги үйлдвэрлэж байна

2018-09-19 Нийгэм

Япон Улсын Кавашима үйлдвэрийн захиалгаар усан онгоцны жин тэнцвэржүүлэгч гэх чухал эд ангийг хаягдал ашиглан үйлдвэрлэж 2013 оноос экспортлож буй орон нутгийн компани байдгийг сонсоод үйл ажиллагааг нь үзэж сонирхохоор бид Багахангайг зорилоо.

2011 онд Японд байгалийн гамшиг цунами тохиолдож олон хүн орох оронгүй болсон билээ. Энэ үеэр “Амарсанаа Степ” компани өөрийн үйлдвэрлэсэн хөнгөн цагаан хайлшин тогоог тус улсад хандив болгон илгээсэн гэдэг. Сайхан сэтгэлийн үзүүрт шар тос гэгчээр үйлдвэрлэсэн тогоог нь хүлээн авсан Япончууд өөр бүтээгдэхүүн үйлдвэрлүүлэх захиалга өгчээ. Ингэж л арлын Японы чухал салбарт, чухал эд анги үйлдвэрлэх захиалга, экспорт хийх эхлэл нь тавигджээ.

Зав зайгүй ажиллаж хөдөлмөрлөсөн, ажилч хичээнгүй хамт олон биднийг угтав.

“Амарсанаа Степ” компани хаягдал металл түүхий эдийн салбарт 2010 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж байна.

Сүүлийн үеийн тоо баримтаас харахад нийслэл хот гэхэд жил бүр 850 мянган тонн хог хаягдал үүсдэг гэх тоо баримт бий. Үүнээс 750 мянган тонн нь ахуйн, 80 мянган тонн нь барилгын, 10 мянган тонн нь аюултай хог хаягдал байдаг аж. Харин хог хаягдлыг дахин боловсруулж бүтээгдэхүүн үйлдвэрлэж улмаар экспортлодог сайн жишээ бол “Амарсанаа степ” компанийнхан.

“Амарсанаа степ” компани Багахангай дүүргийн үйлдвэрийн бүсэд 2010 онд өөрийн эзэмшлийн газартаа үйлдвэрийн байраа нээж улирлын чанартай үйл ажиллагаа явуулж байна. Дүүргийн 20 гаруй иргэнийг ажлын байраар хангаж, татвараа цаг тухайд нь төлсөөр иржээ.

Хаягдал ашиглан байгаль орчинд хор хохиролгүй бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг энэ хамт олон 2013 оноос Япон Улсын Кавашима группын захиалгаар усан онгоцны жин тэнцвэржүүлэгч үйлдвэрлэж эхэлжээ. Технологийн дэвшлээрээ тэргүүлэгч Япон Улсын стандартад нийцүүлэн чухал салбарын, чухал эд ангийг үйлдвэрлэнэ гэдэг гайхалтай. Сард дунджаар 100 тонныг нийлүүлдэг гэхээр бас ч үгүй ачаалалтай байдаг аж. Япон Улстай байгуулсан эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн дагуу хөнгөлөлт эдэлдэг гэнэ.

Тус компани хаягдал хөнгөн цагаан хайлшыг худалдан авч үйлдвэрлэснээр жижиг дунд бизнес эрхлэгч болох хоёрдогч түүхий эд авах цэгүүдийг харилцан дэмжиж ажиллаж байна. Сүхбаатар, Өвөрхангай, Дархан, Эрдэнэт, Архангай, Хэнтий, Хөвсгөл, Улаанбаатар хотод борлуулалтын 10 цэгүүдээр өөрийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд нийлүүлдэг юм байна. “Амарсанаа степ”-ийнхэн нийгэмд тулгамдсан асуудал болох хог хаягдлыг бууруулахаас гадна ажлын байрыг нэмэгдүүлж айл өрхийг амьдралын баталгаатай болгох, цаашлаад хэрэглэгчийн хүссэн хийц, хэмжээ, загвараар бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг зорьж байна.

Саяхнаас хөнгөн цагаан болон хөнгөн цагааны хайлшийг боловсруулан бүтээгдэхүүн үйлдвэрлэж экспортлох болжээ. Дахин боловсруулсан бүтээгдэхүүнийг БНХАУ болон Япон зэрэг улсруу экспортолдог юм байна. Мөн дотоод болон гадаадын зах зээлд хөнгөн цагааны хайлшин тогоо хувин гэх мэт эцсийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж нийлүүлдэг аж.

Бүтээгдэхүүнээ хэрхэн үйлдвэрлэдэг шат дамжлагыг нь үзлээ. Түүхий эд бэлтгэх цэгүүдээс түүхий эдээ татан авчирч ангилан ялгаж, үйлдвэрийн цехрүү оруулна. Оруулсан түүхий эдээ зуухандаа хийн нүүрсээр галлаж хайлуулна. Хайлсан хайлмагаас төмөр, шаар гэсэн хоёр төрлийн хаягдал гарах ба төмрийг буцаан борлуулж шаарыг дахин боловсруулалтад оруулдаг бөгөөд хөнгөн бетоны үйлдвэрт түүхий эд болдог аж. Ингээд түүхий эдийг цэвэршүүлнэ. Цэвэршүүлсэн түүхий эдийг дахин хайлуулж хэвэнд цутгахад бэлэн болгоно. Хэвлэгч хайлмагийг хэвлэгчээр дарснаар хагас бэлэн бүтээгдэхүүн гарна. Илүүдэл хэсгийг цохин авч угсрах цех рүү орж 3 төрлөөр бэлтгэгддэг аж. Хаягдал түүхий эдийг бэлэн бүтээгдэхүүн болгож гаалийн төв лабораторид шинжилгээнд оруулах хүртэл 20 иод дамжлага туулдаг юм байна.

“Амарсанаа степ” компани усан онгоцны жин тэнцвэржүүлэгчээ Японы JIS стандартад нийцүүлэн үйлдвэрлэдэг. Японы стандартад үндэслэн Стандарт хэмжилзүйн газраас CS11-0242 гэсэн өөрийн байгууллагын стандартыг мөн батлуулжээ.

Чанартай, хямд, өргөн хэрэгцээний хөнгөн цагаан сав суулга, бүтээгдэхүүн үйлдвэрлэж үйл ажиллагаагаа өргөтгөж өөрийн бизнесээ нэмэгдүүлж ажиллахыг эрхэм зорилгоо болгон хичээж байна гэж тус компанийн менежер н.ГанЭрдэнэ даруухнаар ярилаа. Харин бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж экспортлох хүртэл ямар бэрхшээл байдаг талаар асуухад түүхий эд бэлтгэдэг хүмүүс түүхий эдээ шууд гадагш нь гаргачихдаг учраас хомсдол үүсч бүтээгдэхүүний үнэ өсдөг гэж ярилаа. Энгийн хаягдал боловсруулалтаас экспортын үйлдвэрлэл рүү тэмүүлсэн “Амарсанаа степ” компанийн хамт олны ажлын нэг өдөр ийм байлаа.

Д.Золжаргал

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.