Наадмаар 638 автобус, 596 такси иргэдэд үйлчилнэ

2018-07-6 Нийслэл


Үндэсний их баяр наадам болох гэж байгаатай холбогдуулан нийтийн тээвэр болон такси үйлчилгээний хуваарь, маршрутыг баталжээ. Баярын өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээнд үндсэн /хотын доторх болон хот орчмын/ 89 чиглэлд их багтаамжийн 612 автобус, туслах дөрвөн чиглэлд бага багтаамжийн 11, зуслангийн гурван чиглэлд таван автобус, шөнийн тээврийн үйлчилгээний гурван чиглэлд 10 автобус буюу нийт 638 автобус үйлчилгээнд явах юм байна.

Долдугаар сарын 11, 12-ны өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэн орох наадамчдад зориулж “Мишээл экспо төв” рүү нийт 11 чиглэлийн 88 автобус, “Дүнжингарав худалдааны төв” рүү 19 чиглэлийн 136 автобус үйлчилнэ.
Долдугаар сарын 11, 12-ны өдрүүдэд Гандийн гудамжны автобусны зогсоолоос, Долдугаар сарын 13-ны өдөр хотын төв буюу “МУБИС”-ийн баруун тал буюу “Улаанбаатар зочид буудал”-ын автобусны зогсоолоос 08:00 цагаас 20 их багтаамжийн автобус 10 минут тутамд “Хүй долоо худаг” руу 1000 төгрөгийн тарифаар үйлчилнэ.
Нийслэлийн тээврийн газартай гэрээтэй ажилладаг 10 аж ахуйн нэгжийн 569 такси “Төв цэнгэлдэх хүрээлэн” орчмын гурван түр зогсоолоос иргэдэд үйлчлэх юм байна.

Тухайлбал,

“Төв цэнгэлдэх хүрээлэн”-гийн урд тал: Нийслэлийн гудамж, Хурд хорооллын урд зогсоол
“Төв цэнгэлдэх хүрээлэн”-гийн хойд тал: Махатма Гандийн гудамж, ХАҮТанхимын арын зогсоол
“Төв цэнгэлдэх хүрээлэн”-гийн баруун тал: Чингисийн өргөн чөлөө, KH apartment баруун талын зогсоол
Баяр наадмын өдрүүд буюу Долдугаар сарын 10, 11, 12, 13-ны өдрүүдэд “Амгалан”-аас “Давааны өртөө” хүртэл Рейлбус 1000 төгрөгөөр үйлчилнэ.

Наадамчдад зориулж нийтийн тээврийн үйлчилгээнд ажиллах тээврийн хэрэгслүүдэд Нийслэлийн тээврийн газраас таван төрлийн тусгай зөвшөөрөл олгоно.Такси үйлчилгээнд ажиллах тээврийн хэрэгсэлд олгох зөвшөөрөл ШАР өнгөтэй байх бол “Дүнжингарав -Төв цэнгэлдэх-Мишээл экспо төв”, “Дунд гол-Төв цэнгэлдэх хүрээлэн” чиглэлд үйлчлэх тээврийн хэрэгсэлд олгох зөвшөөрөл БОР өнгөтэй байна.

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн баруун тал буюу Чингисийн өргөн чөлөө, 120 мянгат, хойд тал буюу Махатма Ганди, урд тал буюу Нийслэлийн гудамжаар дайран өнгөрөх чиглэлд үйлчлэх тээврийн хэрэгсэлд олгох зөвшөөрөл Улаан өнгөтэй байх бол Дүнжингарав худалдааны төв болон Мишээл экспо төв орох чиглэлд үйлчлэх тээврийн хэрэгсэлд олгох зөвшөөрөл НОГООН өнгөтэй байх бөгөөд Хүй долоо худаг чиглэлийн богино эргэлтийн үйлчилгээнд ажиллах нийтийн тээврийн хэрэгсэлд олгох зөвшөөрөл ХӨХ өнгөтэй байх аж.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.