ТҮЦ ЭРХЛЭГЧИДТЭЙ УУЛЗЛАА

2018-05-25 Нийслэл


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал болон холбогдох албаны хүмүүс өнөөдөр /2018.05.24/ “ТҮЦ-ээр амь зуугчдын холбоо”-ны төлөөллийг хүлээн авч уулзлаа. Иргэдийн зүгээс өөрсдийн ТҮЦ-ний байршлыг өөрчлүүлэхгүй, одоо байгаа газраа үргэлжлүүлэн ажиллуулах хүсэлтэй байгаагаа хотын удирдлагуудад уламжлав.

“Нийслэлийн Засаг даргын гаргаж байгаа эрх зүйн акт нь нийтийн эрх ашгийн төлөө байдаг. Гэхдээ цөөнх болж байгаа хувь хүмүүсийн эрх ашгийг хөндөхгүй байх учиртай. Өөрийнхөө амьжиргааг залгуулж, амьдралаа авч явж байна гэдэг маш сайн зүйл. Үүнийг үгүйсгэхгүй. Гэвч дүрэм, журманд захирагдаж явах нь чухал юм. Би та бүхэнтэй санал нэг байна. Энэ асуудлыг шийдэхдээ нэг мөр, хамгийн оновчтой байдлаар шийдэх ёстой. Улаанбаатар хот төвийн цөөхөн гудамжтай. Энэ гудамжууддаа бид ариутгах татуургын систем, ариун цэврийн өрөө байхгүй, явган хүний зам дээр, автобусны буудал дээр ТҮЦ тавих нь зохимжгүй. Маш олон иргэн энэ асуудлыг шийдэж өгөхийг хүсч надад хандаж байна. Бид ТҮЦ ажиллуулаад амьжиргаагаа залгуулж байгаа иргэн болон бизнес болгож 50-60 ТҮЦ эзэмшээд, түрээслүүлж байгаа хоёрыг ялгаж, салгахыг хичээн ажиллаж байна. Одоо бид НИТХ-аар журам батлуулах гэж байна. Энэ журманд та бүхэн саналаа оруулах хэрэгтэй. ТҮЦ эрхлэгчдийн эрх ашгийг хөндөхгүй, хотын соёл, бусад иргэд, нийтийн эрх ашгийг зөрчихгүй байх нь чухал” хэмээн хотын дарга С.Батболд уулзалтын үеэр хэллээ.

Уулзалтын төгсгөлд хотын даргаас журам батлуулахаас өмнө хэлэлцүүлэг зохион байгуулж, журамд хэрхэн өөрчлөлт оруулахыг ТҮЦ эрхлэгчдээс саналыг авч, аль аль талдаа эерэгээр шийдэхийг Улаанбаатар хотын ерөнхий менежер Т.Гантөмөрт үүрэг болголоо гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Өнөөдрийн онч үг

18 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.