“Токио бүс нутгийн удирдагчдын олон улсын форум”-д оролцож байна

2018-05-23 Нийслэл

Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан “Токио бүс нутгийн удирдагчдын олон улсын форум”-д оролцож байна. Энэхүү форумд “Тогтвортой хот суурин газрын хүрээлэн буй орчин: Өнөөгийн байдал ба хотуудын үүрэг” сэдвээр илтгэл тавьжээ.

Тэрээр илтгэлдээ “Дэлхий нийтэд тулгараад байгаа уур амьсгалын өөрчлөлт, хүн амын болон хэрэглээний хурдацтай өсөлт, хотжилт, байгалийн нөөцийн хомсдол нь байгаль орчны тэнцвэртэй байдалд аюул учруулж байгаа тул улс орон бүр үйлдвэрлэл, хөгжлийн хандлагыг, иргэн бүр өөрийн ахуй амьдралынхаа хэв маягийг эрс өөрчилж байгальд ээлтэй, “ногоон” хэв загварт шилжих шаардлага бий болоод байна. Улаанбаатар хот нь өнөөг хүртэл хот хөгжүүлэх 5 ерөнхий төлөвлөгөөг батлан хэрэгжүүлж ирсэн.

Сүүлийн жилүүдэд Монгол Улсын эдийн засаг, нийгмийн өөрчлөлтөөс үүдэлтэй хотжилт маш хурдацтай явагдаж байгаа тул тэргүүлэх 6 чиглэл бүхий “Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага”-ыг боловсруулж УИХ-ын 2013 оны 23 дугаар тогтоолоор баталсан. Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотын агаарын бохирдол нэмэгдэж, ялангуяа өвлийн улиралд агаарын бохирдлын хэмжээ Монгол Улсын Агаарын чанарын стандартаас давж, хотын хүн ам, ялангуяа хүүхэд, өндөр настны дунд агаарын бохирдлоос шалтгаалсан амьсгалын замын өвчлөл улам ихэсч, эрүүл мэндэд нь ноцтой хохирол учруулж байна.

Улаанбаатар хотын агаарын бохирдлын 80 хувийг гэр хорооллын айл өрхийн гэрийн зуух болон аж ахуйн нэгж, байгууллагын 3200 орчим халаалтын зуух, 10 хувийг замын хөдөлгөөнд оролцож байгаа 400 мянга гаруй авто тээврийн хэрэгсэл, 5-6 хувийг дулааны цахилгаан станцууд, 4 хувийг замын тоос шороо, ил задгай хаясан үнс, хог хаягдал зэрэг бусад эх үүсвэр ялгаруулж байна. Улаанбаатар хотын гэр хороолол тэлэхийн хэрээр стандартын шаардлагад нийцэхгүй, доторлогоогүй ариун цэврийн байгууламж нэмэгдэж байгаа нь ус, хөрсний бохирдлын гол эх үүсвэр, халдварт өвчин дэгдэх суурь нөхцөл болж байна.

Улаанбаатар хотын гэр хорооллын 190 мянга гаруй өрхийн ариун цэврийн байгууламжийн 80 хувь нь стандартад нийцэхгүй байна. Иймд агаар, орчны бохирдлыг бууруулахад чиглэсэн ойрын хугацаанд үр дүнд хүрэх, бодитой үйл ажиллагааг тодорхойлсон нэгдсэн бодлого боловсруулж, техник, технологи, хөрөнгө санхүү, хүний нөөцийн бүхий л боломжийг ашиглан салбар дундын нэгдсэн зохицуулалтыг ханган хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага гарсныг үндэслэл болгон “Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийг Засгийн газрын 2017 оны 98 дугаар тогтоолоор батлан хэрэгжүүлж байна.

Дэлхийн хамгийн хүйтэн нийслэл болох Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж байгаа хүн амд хүрч ажиллах нийгмийн үйлчилгээ болон дэд бүтцийг дахин төлөвлөж, нүүдэлчний соёл уламжлалыг шингээсэн шинэ үеийн ухаалаг, нүүрстөрөгчийн ялгарал багатай хот болгон хөгжүүлэх томоохон сорилтуудтай нүүр тулан ажиллаж байна” гэж дурдлаа.

“Токио бүс нутгийн удирдагчдын олон улсын форум” нь “”Clean city&Clear sky” уриатай зохион байгуулагдаж байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Өнөөдрийн онч үг

18 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.