АЗ ЖАРГАЛ ХАЖУУД БАЙДАГ

2018-05-24 Амрах агшин


Нэг дияанч лам хөгшин эмгэний гэрт хоножээ. Эмгэн ч төгс сайн өргөл хүндлэлийг үзүүлсэн боловч нэг л уйтгартай, зовиуртай байх юм гэнэ. Дияанч лам явахдаа: “Эмээ та намайг сайхан дайлж хонууллаа. Харин та яахаараа ийм зовиуртай байдаг юм бэ? Би танд тус болж мэдэх юм шүү.” хэмээн асуужээ.

“Эмээ нь зовохгүй байж яахин чадах вэ? Би хоёр охинтой. Хоёр хүргэн маань наймаа хийдэг ухаантай юм л даа. Нэг нь шүхэр, нөгөө нь шаахай зардаг. Би бороо орох үед нь шаахай зардаг хүргэний маань наймаа сүйд боллоо гэж шаналаад, нар гарах үед шүхэр зардаг хүргэний маань арилжаа яаж байгаа бол хэмээн санааширсаар байгаад ертөнцөд нар хур хоёр ээлжилж байдаг болохоор надаас зовлонтой хүн алга болчихлоо.” гэж эмгэн хариулж гэнэ.

Дияанч лам түүний хариуд тас тас хөхрөөд: “Эмээ минь миний санахад энэ орчлонд тан шиг жаргалтай хүн үгүй бус уу? Та тэгвэл нар гарсан үед нь шаахай зардаг хүргэний маань наймаа овоо байж таарна гэж баясаад, бороо орсон үед шүхэр зардаг хүргэний маань арилжаа овоо байгаа даа хэмээн уужраад байвал тан шиг жаргалтай хүн үгүй баймаар санагдах юм.” гэж хэлсэн даруй эмгэн газар дээрээ хамгийн жаргалтай хүн болон хувирсан гэдэг.

Өнөөдрийн онч үг

22 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.