Сангийн сайд Б.Чойжилсүрэн уймраа чавганц шиг хэлсэн ярьснаа умартаж, өдөрт л нэг мэдэгдэл хийж суух. Үгүй ээ, тэгээд мартах ч бас биш юм. ОУВС-гийнхан тухайн үед юу гэж лүндэн буулгана. Түүнийг нь л хачиргүй дамжуулж байгаа нь энэ бололтой. Эрхэм сайдтан хэдхэн хоногийн өмнө л ОУВС-ын зээлээр валютын хомсдолд орсон улс эх орноо өрийн дарамтнаас залгаж, эрсдлээс хамгааллаа гээд л улаан тугаа өргөж гүйсэн нь саяхан. Гэтэл өнгөрөгч баасан гаригт сайд маань ОУВС-ынхантай уулзаад, хулхи нь бууж баярлах болоогүйгээ ухаарч. Тиймдээ ч давын өмнө ирэх сарын 5-нд нээлтээ хийх хаврын чуулганаар хамгийн түрүүнд энэ оны төсвийн тодотголыг хэлэлцэх нь тодорхой болов. Үнэндээ манай улс чадах чинээгээрээ ажиллаад, байгаагаа зараад олоод л байдаг гэвч олсон орлого нь наалдахгүй, эдийн засгийн хувьд бие даасан шийдвэр гаргах эрх нь хумигдмал, өмчтэй, баялагтай юм шиг боловч үнэндээ хүртээлгүй ийм л замд орчихоод байна…
Ямартай ч ОУВС-гийнхантай тохиролцсон ёсоор эхний ээлжинд зургаан төрлийн татварыг нэмэх нь.
Төсвийн тодотголд :
Тэгэхээр одоогийн бодит байдалд тулгуурлахад энэ онд Монголын Засгийн газар зөвхөн зээлийн өрийн үйлчилгээнд төсвийн 23 хувийг зарцуулах дүр зураг гарч ажиглагдаж байна. Энэ үзүүлэлтийг өмнөх жилүүдтэй харьцуулахад,аргагүй том тоо. Энгийн иргэд бид өдөр болгон “21 мянган төгрөг”-ийн шоунд орж буй аятай л гэдсээ татаад, бүсээ чангалах хэрэг гарах нь.
Ер нь манай улс ОУВС гээч юмтай нөхцсөнөөс хойш долоо хоног бүхэн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 0,2-0,5 хувиар өсөөд байгааг Монголын үндэсний статистикийн хорооны судалгаанаас харж болно. Гэхдээ энэ бол хөдөлмөрчин иргэд бидний давах ёстой хувь заяа. Цаашлаад, хүүхдийн мөнгөө ч нөхөж өгч чадахгүй нөхцөл байдалд орчихлоо. Хамгийн аймшигтай нь нөгөө алдарт Хөгжлийн банкны бондын 580 сая ам.долларын үндсэн төлбөрөөс гадна яригдаж буй 23 хувийн зарцуулалт шүү дээ. Хэрвээ бид 580 сая ам.долларыг өндөр хүүтэй зээл, бондоор сольж хойшлуулалгүйгээр төлдөг журмаараа төлсөн бол зээлийн өрийн үйлчилгээнд нийтдээ төсвийн 48 хувийг зарцуулах байлаа. Хэвийн үйл ажиллагаатай улсад зээлийн өрийн үйлчилгээнд улсын төсвийн 8-15 хувь зарцуулдаг бөгөөд энэ хэмжээнээс хэтэрвэл аюулын харанга дэлдэж буй хэрэг гэж үздэг. Ер нь бол олон улсын зах зээлээс долоон хувиас дээш хүүтэй олон саяын зээл авна гэдэг “өөрийн гараар голомтоо самарч” буй хэрэг. Учир нь зээлийн хүү нь хэт өндөрт тооцогддог бөгөөд зээлийн үйлчилгээний төлбөр нь улс орныг туйлдуулдаг нөлөөтэй. Тэгэхээр эцсийн эцэст сүүлийн 26 жилд зургаа дахь удаагаа манай эдийн засгийг аварч байгаа гэх эл хөтөлбөр Монгол Улсыг аварсан уу гэвэл үгүй. Харин чадваргүй эрх баригчдыг, олигархи засаглалыг, мөнхөд өртэй байлгаж ОУВС тэдний хамсаатнуудыг тэжээдэг гаж тогтолцоог аварсан уу гэвэл тийм гэж хэлэх байна.
О.МӨРӨН
2024-11-7
2024-11-7
2024-11-6
2024-11-6
2024-11-6
2024-11-5
87338
30306
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.