-Анх хэрхэн хүнсний ногоо тарих болов? Бизнес санаагаа яаж олсон вэ?
-Энэ төсөлд хамрагдах болсон шалтгаан их сонин гэх үү дээ, би хүний нутагт амьдарч байсан үе. Тэр үед хүү минь өвдөөд нутгаа санаад буцах уу, очоод юу хийх билээ хэмээн бодлого болж байсан үед энэ төслийн танилцуулгыг олж харсан юм. Тэгээд л эрс шийдээд нутагтаа ирээд уг төсөлд хамрагдан эрүүл эко ногоо тарихаар шийдсэн.
Монгол Улс жилд 20 орчим сая ам.долларын жимс, ногоог БНХАУ-аас худалдан авдаг гэсэн тооцоо байдаг юм байна. Манайх өвөл зунгүй жимс хүнсний ногоо тариалж ард иргэдээ хангах зорилготой байгуулагдсан. Ер нь өвлийн хүлэмжийн аж ахуйг хөгжүүлснээр импортын хамаарлыг багасгаж, валютын урсгалыг дотооддоо үлдээх боломжтой гэж салбарынхан үздэг.
2016 онд аж үйлдвэрийн сайдын тушаалаар Төв аймгийн Баянчандмань суманд “Чандмань агро парк” төслийг санаачлан сумын удирдлага болон аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн оролцоо, дэмжлэгтэйгээр ХААИС, Голомт банктай хамтран хэрэгжүүлж эхэлсэн. Энэ хүрээнд “Чандмань жимс” хувьцаа эзэмшигчдийн хөрөнгийг оруулсан компани бий болсон юм. Гэсэн хэдий ч биднийг удирдаж байсан менежментийн удирдлага ажиллах чадамжгүй гээд тарсан ч бид салах ямар ч боломжгүй нөхцөлд үлдсэн юм. Бид 26-уулаа дундаа 4 хүлэмжтэй. Үнэндээ сонгууль болж, нам солигдсоноос энэ ажил хаягдсан. Засгийн газар нь өмнөх засгийнхаа хийсэн ажлыг үгүйсгэдэг байдал аль ч салбарт харагддаг. Энэ байдал бидэнд ч нөлөөлсөн.
-Бие биеэ мэдэхгүй 26 хүн хөрөнгөө нийлүүлэн хүлэмжийн ногоо тарихаар нэгдсэн юм байна. Хүндрэл бэрхшээл гарч байв уу?
-Тал талаас цугласан, бие биеэ танихгүй хүмүүс болохоор эхэндээ хүндрэлүүд гарч байсан. Гэхдээ биднийг нэг л зүйл нэгтгэж байсан. Зөв замаар баялаг бүтээж, түүнийхээ үр шимээр амьдрах. Тариалалтынхаа үр өгөөжийг бага ч гэсэн амссан болохоор цаашдаа улам хичээх болж байна. Манай багт янз бүрийн мэргэжлийн хүмүүс бий, хүний нутагт 7,8 жил ажиллаж олсон мөнгөө энэ бизнест оруулсан, улсад 20,30 жил ажиллаж хадгалсан мөнгөө зориулсан, орон гэрээ барьцаалсан гээд хэцүү талдаа л хүмүүс байдаг. Миний хувьд ч эднийгээ орхих бодол төрдөггүй. Хувь тавилангаар учирсан хамт олон гэж боддог. Салбарын хувьд эрсдэлтэй ч, бидэнд үйлдвэрлэлээ өргөжүүлэн хөгжих боломж байгаа гэж хардаг.
Өвлийн хүйтэнд үйл ажиллагаагаа эхэлж байсан бидэнд халаалтын асуудал маш хүнд байсан. Монгол эрдэмтэн залуугийн зохион бүтээсэн “Эко халаалт” шийдлээр өвлийн ид хүйтэнд халаалтаа шийдсэн боловч, тийм ч хангалттай үр дүн өгөөгүй. Аль болох бид нүүрс түлэхгүй, хүлэмжийн хий гаргахгүй гэсэн үүднээс эрсдэлийг өөрсдөө үүрч гарсан. Яамнаас цахилгааны тарифыг тэглэнэ гэж яриад удаж байна.
-Төрөөс жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжиж буй бодлого эзэндээ хүрч чадаж байна уу, бизнес эрхлэгчийн хувьд та үүнийг хэрхэн харж байгаа вэ?
-Манай компани шиг ийм олон хөрөнгө оруулагчтай компани Монголд бараг байдаггүй. Хув хүмүүсээс бүрдсэн 26 хөрөнгө оруулагчтай. Төрийн бодлого шийдвэр, хөнгөлөлттэй зээл, тусламж хангалттай бий. Харамсалтай нь энэ боломж бололцоо нь газар тариалан эрхэлдэг, ажил хийх хүсэл тэмүүлэлтэй хүмүүс бус, элдэв төсөл хөтөлбөр, хөрөнгө мөнгөнд шунасан нэгэнд очдог. Танил талаараа тэрбум гаруй төгрөгийн зээл аваад үйл ажиллагаагаа явуулж чадахгүй үүдээ барьсан газрууд нэлээдгүй бий. Тэд бичиг цаасыг хэрхэн бүрдүүлэхийг л мэдэхээс үнэндээ газарт ганц төмс ч булж үзээгүй байх жишээний. Ийм л хүмүүст эрх мэдэлтэй хүмүүс зээл тусламж, дэмжлэг очиж байгаа гэдгээ мэдэх хэрэгтэй. Манай салбарын хувьд 1, 2 жилээр зогсохгүй нэлээн олон жил тэвчээртэй хөдөлмөрлөж байж ашгаа хүртдэг.
Засгийн газраас олгож байгаа төсөл, хөтөлбөр болон санхүүгийн дэмжлэгийг ямар компаниудад өгдөг нь хаагдмал байдаг. Мөн залгамж халаа маш ихээр алдагдсан. Сонгуулийн давтамжаар ажил явагддаг болсон гэх үү дээ, 4 жилийн циклтэй. Өмнөх гарсан бодлого нь тодорхой үр дүнд хүрч дуусаагүй байхад дараагийн дарга асуудлыг дэмжихгүй хойш тавьсаар балрах жишээний, энэ дунд жирийн иргэд хохирдог.
Бизнесийн салбарыг бодвол манай салбар хүмүүнлэгийн арай өөр бүтэцтэй, амьтай гэж хэлж болох юм. Оёдолчин хүн хувцас оёхтой адилгүй бизнес. Жишээ нь: Оёдолчин өдөрт 100 ширхэг цамц оёж, 200 мянгаар борлуулна ч гэж тооцоолж болдог бол бидний хувьд тодорхой хэлэх боломжгүй. Ялангуяа компанийнхаа эрхэм зорилгыг “Органик эко үйлдвэрлэл” хэмээн тодорхойлсон нөхцөлд хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээг эрүүл хүнсээр хангаж, салбартаа загвар аж ахуйн нэгж болж, хөрөнгө оруулагчдын үр өгөөжийг дээшлүүлэх зорилгынхоо төлөө зүтгэдэг.
-Уулзалтын үеэр та яамнаас жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих зээл эзэндээ олгох байдлыг хаагдмал, шударга бус байна гэж шүүмжиллээ. Уг нь бол 1000 гаруй өргөдөл зээлд хамрагдахаар бүртгэгдсэн юм байна.
-Би хамрагдах хүсэлт, материалаа өгсөн. Одоо хүлээх л үлдээд байна. Ил тод, шударга нээлттэй зарчмаар сонгон шалгаруулалт явагдаасай гэж хүсэх байна.
Дэлхийн жишгээс харахад аливаа сонгон шалгаруулалт бодитой, эргээд тайлагнах нөхцөлтэй байдаг. Экспертүүд үйл ажиллагааг нь үнэлдэг. Цаасан дээр хэн ч яаж ч бичиж хийж болно. Манайхан ялангуяа элдэв цаас цуглуулахдаа сайн юм шиг харагддаг. Яам, тамгын газар нь ч гэсэн элдэв цаасыг л нэхдэг. Бодитой, чадвартай хөгжих компани мөн эсэхийг чадвартай экспертүүд шууд болон шууд бус аргаар тандалт хийн, тодорхойлох бүрэн боломжтой. 200 гаруй хуудас цааснаас ингэж үнэлэх нь илүү гэж би боддог. 1000-аад компанийн бүх цаасыг үзэж хянаж байгаа гэдэгт би итгэдэггүй. Дээхэн салбарын яамаар очиход нэг жижиг өрөөгөөр бараг дүүрэн цааснууд байсан. Хэдхэн минут л тэр хавиар байхад энэ бичиг баримтаа тэрэнд өгөөд бүрдүүлье гэх мэт танил талаа харсан байдал олонтаа харагддаг.
Гадаадад сургууль төгссөн бидний адил үнэт зүйлстэй залуус Монголд зөндөө байгаа. Тэдэнд хийж бүтээх хүслийг нь дэмжиж туслах л дутаад байна.
-Нэг хураалтаар хэчнээн килограмм өргөст хэмх, улаан лооль хураадаг, хаагуур борлуулдаг вэ?
-Манай компани компани 800 м.квадрат талбайд 4 өвлийн хүлэмжтэй. Өргөст хэмх, улаан лооль, бууцай, салатны навч, яншуй гэх мэт 10-аад нэр төрлийн хүнсний ногоо тарьж, борлуулдаг. Жилд 138 сая төгрөгийн борлуулалтын орлоготой. Хөдөлмөрийн гэрээт болон ажил гүйцэтгэх гэрээтэй 15 хүн ажиллаж байна.“Чандмань жимс” хэмээх брэндийн гүзээлзгэнэ, “Чандмань хүлэмж”-ийн улаан лооль, өргөст хэмхүүд Улаанбаатар хотын хүнсний томоохон сүлжээ дэлгүүрүүдэд “Чандмань агропарк” хэмээх шошготойгоор борлуулдаг.
Миний хувьд органик гэхээсээ илүү Эко технологийг ашиглан эко хүлэмжийн үйл ажиллагаа явуулдаг гэж хэлэх дуртай. Хүлэмжид өргөст хэмх, улаан лооль зэрэг нарийн ногоо болон жимс жимсгэнийг жилийн дөрвөн улиралд тариалж хураан авах боломжтой байдгаараа давуу талтай. Хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх нь зөвхөн өрхийн амьжиргааг дээшлүүлээд зогсохгүй, эрүүл хүнсээр ард түмнээ хангах том зорилгыг биелүүлж байгаа хэрэг.
-Жимс, ногооныхоо үрийг хаанаас нийлүүлж байгаа вэ, өнгөрсөн жил Хүнсний хууль багтлагдсан, та бүгдийн үйл ажиллагаанд хэр нөлөөлж байна вэ?
-Ургамал хамгааллын бодис оруулдаг компани маш цөөхөн байдаг. Биологийн бэлдмэл, ургамал хамгааллын химийн бодис гэдгээр нь ялгасан зүйл байдаггүй. Биологийн бэлдмэл эко, химийнх бол ойлгомжтой химийн бодис. Яамнаас эдгээрийг захиалгаар их хэмжээгээр оруулдаг. Жижиг, дунд үйлдвэрлэгчид их хэмжээгээр авч чаддаггүй. Тэд гар дээрээс жижиглэнгээр авдаг. Зарим тохиолдолд энэ нь найдваргүй байх магадлалтай. Үүнийг төр хянадаг байх ёстой.
Пестицид гэдэг нь ургамал хамгааллын бодис, нэг үгээр химийн хор юм. Үүнийг манайхан хэрэглэдэг. Органик тариалалтад химийн хор, пестицидийн төрлийн бодисын огт хэрэглэж болохгүй. Хашаандаа ногоо тарьж байгаа хүн ямар бодис хэрэглэж байна гэдгийг мэддэггүй, хяналт ч тавьдаггүй. Пестицидийн худалдаа ч өнөөдөр ямар ч хяналтгүй зарагдаж байгаа. Бараг л монголд хятадаас муу ногоо ч бий гэхэд хилсдэхгүй.
Манайд уг нь хууль дүрэм байгаа хэр нь үүнийг нь хэрэгжүүлдэггүй дутагдал дэндүү их байна. Органик хүнсний хууль батлагдаад жил гаруй болж байгаа. Яам, тамгын газрууд нь хоорондоо уялдаагүй, багаар ажиллахгүй, нэгнийхээ хийсэн ажлыг үгүйсгэдэг, хэрэгтэй хэрэггүй олон бичиг цаас нэхэж суудаг нь цаг нартай уралдан ажилладаг бидэнд үнэхээр түвэгтэй.
Би Японы органик тариалалт эрхэлдэг бизнесментэй уулзаж байхад, Монгол Улс дотооддоо нарийн ногооны импортын хэрэгцээг хангаж чадахгүй байж, шууд органик руу орно гэдэг нь эдийн засгийн чадамжгүй улс оронд боломжгүй. Япон Улс органик бишээр хөгжиж байгаад одоо л органик руу орох гэж байна. Энэ чиглэлд шилжихэд маш их хэмжээний хөрөнгө мөнгө ордог. Байгалаар нь ургуулах гэдэг маш их хөдөлмөр ордог, эрсдэл ихтэй.
Зарим гадаадын орнуудад хүнсний аюулгүй байдалтай холбоотой үйлдвэрлэлдээ ихээхэн анхаардаг, тухайн улс оронд ямар өгөгдөл нь илүү байна түүгээрээ бизнес эрхлэгчдээ дэмждэг. Бид ч гэсэн ийм цаг ирэх байх гэж найдаж байна.
Д.ЭРДЭНЭСУВД
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30426
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.