“Хайрлахын учир” тайзны жүжгийн нээлт боллоо

2018-05-7 Амрах агшин

Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтэс, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, уран бүтээлийн “Хангарьд” нэгдэлтэй хамтран бүтээсэн “Хүүхдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсооё” сэдэвт “Хайрлахын учир” тайзны жүжгийн нээлтийн үйл ажиллагаа Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн театрт боллоо.

Жүжгийн нээлтэд ЦЕГ-ын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, Цагдаагийн дэд хурандаа Г.Арсланхуяг, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүх болон цагдаагийн алба хаагчид, гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын мэргэжилтнүүд оролцлоо.

Жүжгийг нээж, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүх “Цагдаагийн ерөнхий газар, Хангарьд уран бүтээлийн нэгдэлтэй хамтран энэхүү жүжгийг бүтээхэд дэмжин ажиллалаа. Энэ жүжиг бол бидний хамгийн их санаа зовдог сэдэв. Хамгийн чухал зүйл гэвэл, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр ажилладаг төрийн болон төрийн бус байгууллагууд идэвхтэй оролцож хамтран ажилласан. ЦЕГ, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтэс, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын төлөвлөгөөн дээр гэмт хэргээс урьдилан сэргийлэх асуудал нэлээд гүнзгий тусгагдсан. Энэ ажлын нэг нь хүмүүст урьдчилан сэргийлэх ажлын ойлголт, хандлага түрүүлэхэд чиглэгдэж байна. Би энэ жүжгийн нээлтэн дээр сэтгэл зовоомоор ганцхан үг хэлэхийг хүссэн юм. Энэ юу вэ гэвэл, өнгөрсөн жил гэр бүлийн орчинд хүчирхийлэлд өртсөн охидуудын 75 хувь нь өөрийнхөө гэрт гэмт хэргийн хохирогч болсон. Үүнээс харахад, хүүхдээ аливаа гэмт хэргийн хохирогч болохоос хамгаалах, урьдчилан сэргийлэх гэдэг ойлголт, хандлага эцэг эхчүүд биднээс их хол байгааг хэлж байна. Эцэг эхчүүд аюулгүй тайван орчныг бүрдүүлэх, гэр бүлээ аюулгүй байлгахад анхаарах ёстой. Өөрөөр хэлбэл, эцэг эхчүүд хараа хяналтаа сайжруулах ёстой гэж хэлж байгаа юм. Аливаа асуудлыг гарахаас өмнө урьдчилан сэргийлэх нь чухал. Тиймээс энэ асуудалд ЦЕГ-ын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтэстэй хамтран ажиллаж байна. Үүний нэг нь өнөөдрийн жүжиг юм. Энэхүү жүжгийг бүтээж, тайзны жүжиг болгоход хамтран ажилласан бүх хүмүүст чин сэтгэлийн талархал илэрхийлье” гэв.

Хүүхдийг гэмт халдлагаас хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилго бүхий энэхүү жүжгийг МУГЖ, “Хангарьд” нэгдлийн захирал Б.Жаргалсайхан найруулж, тус нэгдлийн уран бүтээлчид тайзнаа амилууллаа.

Энэхүү жүжгийг Дуурь Бүжгийн Эрдмийн театрын тайзнаа 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүртэл тоглох юм.

Мөн энэхүү жүжгийг Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн, өртөж болзошгүй 1000 хүүхдэд үнэ төлбөргүй үзүүлэхээр төлөвлөөд байна.

Өнөөдрийн онч үг

21 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.