-УИХ-ын гишүүн Д.Гантулга гишүүнээсээ түдгэлзэх өргөдлөө өгсөн. Танай бүлэг энэ асуудлаар ямар шийдвэрт хүрсэн бэ?

-Манай бүлгийн зүгээс УИХ-ын гишүүн Д.Гантулгыг аваад үлдэх чиглэл намын удирдлагуудаас аваагүй. Хуулийн хүрээнд шийднэ гэсэн. Өнгөрсөн долоо хоногт прокуророос ирүүлсэн бичиг, УИХ-ын гишүүн Д.Гантулгын өргөдлийн дагуу Халдашгүй байдлын дэд хороо хэлэлцээд дараа нь Төрийн байуулалт, Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцээд УИХ-аар эцэслэн шийдэх хуулийн заалттай. Прокуророос ирүүлсэн албан бичиг Д.Гантулга гишүүний бүрэн эрхийг УИХ-ын тухай хуулийн 9.1 дэх заалтын дагуу түдгэлзүүлэх хүсэлт ирүүлсэн. Гэтэл Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаар энэ заалтыг хүчингүй болгосон. Үндсэн хуулийн их суудлын хуралдааны дүгнэлтийг УИХ дахин авч хэлэлцэхгүй, ҮХЦ-ийн дээд шатны хурал юм. Тиймээс хуулийг эргэж харах зайлшгүй шаардлага гарсан. УИХ-ын тухай хуульдаа өөрчлөлт оруулах хэрэгтэй гэж хуульчид бидэнд зөвлөсөн. УИХ-ын гишүүн өөрөө түдгэлзэх өргөдлөө өгсөн. Гэвч хуулиар түдгэлзэх үндэслэл байхгүй. Тиймээс бүх зүйлийг хуулинд нийцүүлж шийднэ. УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулж байж, Д.Гантулга гишүүний асуудлыг шийднэ. Түүнээс Д.Гантулга гишүүнийг МАН хамгаалахгүй.

-Хуулийн мухардалд орсон гэлээ. Үндсэн хуульд гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх заалт байгаа. УИХ Үндсэн хуулиа бариад ажиллаж болдоггүй юм уу?

-Би хуульч хүн биш учраас нарийн тайлбарлаж чадахгүй байна. Хуульчдын зүгээс УИХ цэц дээр унасан заалтыг үндэслэж, гишүүнийг бүрэн эрхээс нь түдгэлзүүлж болохгүй. Мөн Үндсэн хуулийн 29.3-ийг дангаар нь барьж болохгүй гэж зөвлөж байгаа. Ямар ч тохиолдолд УИХ хуульдаа нийцэж ажиллах учиртай.