“Хүүхэд хамгааллын үндэсний сүлжээ” ТББ-ын тэргүүн П.Цэвээн, “Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийн эсрэг үндэсний сүлжээ” ТББ-ын тэргүүн Ц.Баттуяа нар өнөөдөр сэтгүүлчдэд хандлаа.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс энэ сарын 05-нд Засгийн газрын тогтоолоор зохион байгуулахаар товлоод байсан хурдан морины өвөл, хаврын бүсийн уралдаануудыг түр түдгэлзүүлэх шийдвэр гаргасан. Тэд шүүхийн шийдвэрийг биелүүлэлгүй хурдан морины өвөл, хаврын уралдаан зохион байгуулсан иргэн, төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдэд хариуцлага хүлээлгэхээр Захиргааны хэргийн шүүхэд ханджээ.
Засгийн газраас өнгөрсөн сарын 22-нд хурдан морины хаврын бүсийн уралдааны товыг зарласан. Энэ нь Хөдөлмөрийн сайдын 2016 оны хоёрдугаар сарын 08-нд баталсан Насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглох ажлын байрны жагсаалттай зөрчилдөж байгаа аж. Уг жагсаалтад бага насны хүүхдээр жил бүрийн 11 дүгээр сарын 01-нээс тавдугаар сарын 01-нийг хүртэл хурдан морь унуулахыг хориглосон байна. Хурдан морины өвөл, хаврын уралдааны үеэр хүүхэд унаж гэмтэх, хацраа хөлдөөх зэрэг эрсдэл ихтэй байдаг аж. Тиймээс өвөл, хаврын уралдаан нь хүүхдэд Үндсэн хуулиар олгогдсон эрүүл, амьд явах эрхийг зөрчиж байна хэмээн үзэж “Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийн эсрэг үндэсний сүлжээ”, “Хүүхэд хамгааллын үндэсний сүлжээ” нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага (НҮТББ)-аас Засгийн газрын тогтоолыг түдгэлзүүлэх хүсэлтийг Нийслэл дэхь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлжээ. Уг хүсэлтийг Захиргааны хэргийн шүүх энэ сарын 03-нд хэлэлцээд Хаврын бүсийн уралдааныг зохион байгуулахыг түр түдгэлзүүлэх шийдвэр гаргасан байна. Засгийн газраас давж заалдах шатны шүүхэд хандсан ч өмнөх шийдвэрийг хэвээр үлдээжээ.
Гэвч шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүйгээр Төв, Говь-Алтай, Хөвсгөл, Ховд, Дорноговь аймагт зохион байгуулсан хурдан морины өвлийн уралдааны үеэр 50 гаруй хүүхэд мориноос унасны улмаас 10 хөнгөн, 6 нь хүнд гэмтэл авчээ. Түүнчлэн Ховд аймгийн Дөргөн суманд болсон уралдааны үеэр нэг хүүхэд амь эрсэдсэн байна. Тиймээс шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд, холбогдох хүмүүст хариуцлага хүлээлгэхээр шүүхэд хандсан хэмээн “Хүүхэд хамгааллын үндэсний сүлжээ” НҮТББ-ын тэргүүн П.Цэвээн хэллээ.
Өвлийн уралдааны үеэр хүүхдүүд чөлөө авах эсхүл таслах зэргээр хичээлээсээ хоцордог гэдгийг “Бүх нийтийн боловсролын төлөө иргэний нийгмийн байгууллагуудын сүлжээ” ТББ-аас мэдээлэв. Хурдан морины уралдаан болохын өмнө морины уяа, сойлгыг тааруулахаас эхлээд 1-2 сарын хугацаа шаарддаг. Энэ хугацаанд хүүхдүүд хичээлээсээ чөлөө авах, тасалдаг байна.
А.Уянга
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30429
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.