Тэгээд яах гээд байгаа юм бэ?

2018-03-26 Нийгэм

Аливаа улс хөгжиж, тэлэхийн хирээр эрчим хүчний хэрэглээ төдий чинээ нэмэгддэг. Тиймээс Багануур дүүрэгт цахилгаан станц барих шийдвэр гаргаж, БНХАУ-тай 20 жилийн концессын гэрээ хийхээр холбогдох шатанд яригдаж байна. Манай улс цахилгааны хомсдолтой байдаг нь бодит үнэн.

Гэвч цахим ертөнцөд тус станцыг бариулна, бариулахгүй гэсэн улаан хэрүүл өрнөж эхэллээ. Тэмцэлд нэгнийгээ уриалсан хүмүүс цахимаар дүүрэн. Жагсаал, цуглаан хийж, эх орноо аварна л гэнэ. 10 мянган хятад оруулж ирж, үндэсний аюулгүй байдалд заналхийх гэж байна л гэнэ. Цахилгаан станцыг бариулахыг дэмжиж байгаа нь урд зүгийн цус холилдсон л гэнэ. Тэр ч бүү хэл урдаас цэргийн арми оруулж ирж, Багануур дүүргийг дагаар оруулах нь гээд л болохоосоо бүтэлгүй нь дийлдсэн саналууд ар араасаа хөврөх болов. 

Үгүй тэгээд 21 дүгээр зуунд нүүрс түлж, хөрсний бохирдолдоо живж үхсээр суу гээд байгаа юм уу, хэл амаа бэлүүдээд байгаа нөхдүүд. Эх орны ирээдүй болсон бяцхан үрсдээ “өвчин” өвлүүлж үлдээсээр байх уу.

Энд ганц жишээ дурьдахад, Баянхошуу, Да хүрээ, Нарантуул, Хотын төв болон Зайсан гэсэн таван цэгт хоёроос дээш жил амьдарсан 7-10 насны 15 хүүхдэд шинжилгээ хийжээ.

Шинжилгээний үр дүнгээр:

1. Баянхошуу орчимд байрладаг хүүхдүүдийн цусан дахь хар тугалны хэмжээ 15.9-22.6 мкг/дл
2.Техникийн зах орчимд амьдардаг 5.7-10 мкг/дл
3. Хотын төвд амьдардаг 4.2-8мкг/дл
4. Нарантуул зах орчимд амьдардаг хүүхдийн цусан дахь хар тугалгын агууламж 4-4.3 мкг/дл хэмжээтэй илэрсэн.
5. Харин Зайсан орчимд амьдардаг хүүхдүүдийн цусанд хар тугалга огт илрээгүй.

Мөн орон сууцанд амьдардаг хүүхдүүдийн цусан дахь хар тугалгын хэмжээ 3.7 мкг/дл, гэр хороололд амьдардаг хүүхдүүдийн цусан дахь хар тугалагын агууламж 10.8 мкг/дл илэрсэн байна. Жинхэнэ гамшиг чинь энэ шүү дээ. Ийм л улс орныг бид хойч үедээ өвлүүлэхээр амьдарч байна…

Цаашлаад хүйтний улиралд утаандаа хамгийн ихээр бөглөрч үхэх гээд хоолой мэдэн орилж, шаргал ордныг гороолж өвөлждөг нь хэн билээ. Мэдээж нийслэлийнхэн бид шүү дээ. Гэтэл утаанаасаа салахгүй, төрийн ажлыг дэмжихгүй байгаа тэр нөхдүүдийг гайхаад баршгүй. Ёстой тэр нөхдүүд өөрсдөө урд зүгийн гаралтай юм биш байгаа гэх бодол төрөх.

Бодит байдал дээр цахилгааны хомсдол байгаа нь манай улсын үндэсний  аюулгүй байдалд тодорхой хэмжээнд нөлөөлж байна. Утаанаас салах цор ганц шийдэл бол цахилгаан станцынхаа хүчин чадлыг нэмэгдүүлж байж, гэр хорооллыг барилгажуулах явдал юм. Гэтэл утаатай тэмцэж, жагсдаг улсууд нь цахилгаан станц бариулахгүй гэж ам хэлээ бэлүүдээд байгаа нь ямар учиртай вэ? Би цэвэр агаараар амьсгалж, үр хүүхэдтэйгээ элэг бүтэн амьдармаар байна.

О.ГЭРЭЛ

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.