Х.Сэргэлэнбат: Байгалиа хайрлах сэтгэл энгийн зүйлээс эхэлдэг

2018-04-30 Нийгэм
Гэрэл зурагчин Х.Сэргэлэнбат

Гэрэл зурагчин Х.Сэргэлэнбат

Залуу гэрэл зурагчин Х.Сэргэлэнбаттай ярилцлаа.

БАЙГАЛИА ХАЙРЛАХ СЭТГЭЛИЙГ ӨВЛҮҮЛЭХ ЧИН ХҮСЭЛТЭЙ

... Монгол орныхоо байгалийн сайхныг танин мэдүүлж, байгалиа хайрлах сэтгэлгээ, сэдлийг бага ч гэсэн өгөх болов уу гэж горьдож байгаа. Байгалийн гэрэл зургаар дамжуулан энэ бүгдийг ойлгуулах нь миний чин хүсэл юм. Хувь хүний төлөвшилд оруулж буй миний хөрөнгө оруулалт.

Олон үзэсгэлэн нээгддэг ч тэр бүр орон нутгийн иргэдийн хүртээл болж чаддаггүй. Тиймээс “Миний эх орон” байгалийн гэрэл зургийн үзэсгэлэнгээ 21 аймгийн нутгийн иргэд, хүүхэд залуучууддаа хүргэхээр зорьсон. 


 

-“Миний эх орон” байгалийн гэрэл зургийн үзэсгэлэн 21 аймагт гарахаар болжээ. Үзэсгэлэнгийнхээ талаар мэдээлэл өгнө үү?

-“Миний эх орон” байгалийн гэрэл зургийн үзэсгэлэнгээ 21 аймгийн хүүхэд залуус, нутгийн иргэдэд зориулж гаргаж байна. Хамгийн гол зорилго нь Монгол орны байгаль, түүх соёл, дахин давтагдашгүй өвийг үлдээх, байгалиа хайрлах сэтгэлийг өвлүүлэх юм.

Монголын ирээдүй бол хүүхдүүд. Тиймээс хүүхдүүддээ одооноос эхлэн Монгол орныхоо байгалийн сайхныг танин мэдүүлж, байгалиа хайрлах сэтгэлгээ, сэдлийг бага ч гэсэн өгөх болов уу гэж горьдож байгаа. Олон үзэсгэлэн нээгддэг ч тэр бүр орон нутгийн иргэдийн хүртээл болж чаддаггүй. Тиймээс “Миний эх орон” байгалийн гэрэл зургийн үзэсгэлэнгээ 21 аймгийн нутгийн иргэд, хүүхэд залуучууддаа хүргэхээр сэтгэл шулуудсан.

 

Вансэмбэрүү цэцэг. Далайн түвшнээс дээш 3000 метрээс өндөрт ургадаг. Монгол орны хувьд устах аюулд орсон 132 ургамлын нэг. Улаан номонд 1997 онд бүртгэгдсэн дархан цаазтай ургамал юм.  Цэцэглэх явц нь 3-8 жил үргэлжилдэг байна. Нөөц эрс хомс учраас үрийг нь гадаадад худалдах гаргахыг 1974 онд Олон улсын конвенцээр хоригложээ.

Вансэмбэрүү цэцэг. Далайн түвшнээс дээш 3000 метрээс өндөрт ургадаг. Монгол орны хувьд устах аюулд орсон 132 ургамлын нэг. Улаан номонд 1997 онд бүртгэгдсэн дархан цаазтай ургамал юм.  Цэцэглэх явц нь 3-8 жил үргэлжилдэг байна. Нөөц эрс хомс учраас үрийг нь гадаадад худалдах гаргахыг 1974 онд Олон улсын конвенцээр хоригложээ.

-Үзэсгэлэнгээ 21 аймагт ямар хугацаанд гаргахаар төлөвлөсөн бэ? Нээлтээ яагаад Дундговь аймгаас эхлэв?

-Үзэсгэлэнгээ гуравдугаар сарын 1-нээс гурван сарын хугацаанд зүүн, баруун, хойд, төвийн бүс гэж ангилан гаргахаар төлөвлөсөн.

Аав минь Дундговь аймгийн Дэлгэрцогт, ээж Дэлгэрхангайнх. Би өөрөө Дундговийн уугуул хүү. Тиймээс өнгөрсөн хоёрдугаар сарын эхэнд төрөлх нутгаасаа “Миний эх орон” байгалийн гэрэл зургийн үзэсгэлэнгээ эхлүүлж , бүтээлээ олны хүртээл болголоо. Аймгийн удирдлагууд, ард иргэд маань маш сайхан хүлээж авсан. Байгалийн шинжлэх ухааны хичээлийн цагаар сурагчдад үзэсгэлэн үзүүлэхээр болсон. Бидний хичээл зүтгэлийг үнэлж, дэмжсэн Засаг дарга О.Бат-Эрдэнэ, Засаг Даргын орлогч Ж.Мөнхчулуун, Боловсрол, соёл, урлагийн газрын дарга Ц.Бумангэрэл, Дундговь аймгийн музейн захирал М.Бямбажав нартаа баярласнаа илэрхийлье.

 

 

-Фото зургийн үзэсгэлэнг “аялал”-тай зүйрлэж болно гэж боддог. Таны энэ удаагийн “аялал”-д ямар бүтээлүүд багтсан бэ?

-Үзэсгэлэнд Дэлхий болон Монголын нэн ховордсон зэрлэг ан амьтан, ховор ургамал, төрийн тахилгат уулс, байгалийн үзэсгэлэнт газрууд, Монгол орны дөрвөн улирлын өнгө төрхийг илэрхийлсэн 40 гаруй бүтээл багтсан.

Байгалийн гэрэл зураг бол маш олон өнгө төрхийг агуулдаг дахин давтагдашгүй байдаг. Учир нь нартай, бороотой, салхи шуургатай алинд ч байгаль нэг янзаар байдаггүй. Тиймээс гэрэл зургийн үзэсгэлэнг байгалийн шинжлэх ухаан, танин мэдэхүйн хичээл гэж ойлгож болно. Таны хүүхэд үзэсгэлэн ирж үзсэнээр Монгол орны гайхамшигтай сайхан газруудын зургийг өөрийн нүдээр харна. Ингэснээр аялах сонирхолтой болно, танин мэднэ, илүү их мэдээлэл хайна, дээр нь ухамсарт нь ан амьтан, байгалиараа хамгаалах, бахархал төрнө гэж бодож байна. Байгалийн гэрэл зургаар дамжуулан энэ бүгдийг ойлгуулах нь миний чин хүсэл юм. Хувь хүний төлөвшилд оруулж буй миний хөрөнгө оруулалт гэсэн үг.

-Энэ үзэсгэлэнгээ нээх санааг хэзээнээс тээж эхэлсэн бэ? Хэр удаан төлөвлөж биелэлээ олов?

-Жил хагасын өмнөөс байгалийн гэрэл зургийн үзэсгэлэн гаргахсан гэж бодож эхэлсэн. Харин 21 аймагт гаргах санааг “Монголын зэрлэг ан амьтны тусгай”үзэсгэлэнгээ солонгосын ард иргэдэд монголоо таниулж байхдаа бас бодож Монгол орныхон бүх хүмүүс үзүүлнэ гэж сэтгэл шулуудсан даа.

 

-Зурагчин хүний дотоод сэтгэлд эх орон илүү ойр байдаг болов уу?

-Тийм шүү. Улс үндэстэн бүр соёл, шашин шүтлэг, сэтгэлгээний арга нь өөр өөр байдагтай нэгэн адил. Гэрэл зургаар эх орныхоо сайхан зүйлсийг хүний сэтгэл зүрхэнд илүү гүн хүргэхсэн гэж байнга толгойдоо бодож байдаг. Энэ бүх үйлдэлээрээ ард түмэн минь ийм сайхан эх орноо хайрлан хамгаалаасай, хойч үедээ эрүүл сайхан газар шороо, онгон байгалиар нь өвлүүлэн үлдээгээсэй гэж хүсдэг. Эцсийн цэг бол эх орон юм шүү дээ.

Байгалийн зураг авдаг хүний хувьд урсаж байгаа ус, ургамал, уул маань хүний буруутай үйл ажиллагаанаас болоод устаж сүйдэх вий л гэж харуусал төрдөг дөө. Зургийг нь авах уулгүй, усгүй болохоос их айдаг.

 

-Эх оронч үзэл гэж юу юм бол?

-“Эх оронч үзэл” гэдэг нь төрөлх нутгаа хайрлах хайр юм. Тэгэхлээр маш олон талаас харах л ёстой л доо. Миний хувьд эх оронч үзэл гэдгийг гэрэл зургаар дамжуулан үзэсгэлэнт байгаль, ёс заншилаа хамгаалах хүсэл, үзэл төрүүлэх гэж ойлгодог доо.

– Гэрэл зурагт сонирхолтой болоход юу нөлөөлсөн бэ?

-Гэрэл зургийг анх 2010 оноос сонирхож эхэлсэн. Амарч явж байгаад цэцэгний зураг авсан чинь их сонин үзэсгэлэнтэй харагдсан. Тэр цагаас хойш байгалийн гоо үзэмж, гайхамшигт өнгөнд дурлаж эхэлсэн.

 

БАЙГАЛИЙН ГЭРЭЛ ЗУРАГ БҮР ӨӨРИЙН ГЭСЭН БАРТААТ ЗАМТАЙ

-Та найм дахь үзэсгэлэнгээ гаргаж байна. Бүтээл бүр л үнэ цэнэтэй. Бүтээлүүдээ яаж үнэлдэг вэ?

-Миний хийсэн бүтээсэн зүйл бүрийн ард хайртай гэр бүлийнхэн, надад итгэж намайг дэмждэг найз нөхөд, ард түмэн байдаг. Тэдний дэмжлэггүйгээр би өнөөдөр камер бариад уул хад хэсээд зураг аваад явж чадахгүй. Ийм олон хүний л хөдөлмөр сэтгэл шингэсэн болохоор миний бүтээлүүд тэр хэрээрээ л үнэлэгддэг.

Хүрэн баавгай

 

-Ан амьтны зургийг авахад хамгийн хэцүү гэдэг. Тэр тусмаа зэрлэг амьтдын зургийг авна гэдэг асар их тэвчээр, цаг хугацаа, хүч хөдөлмөр зарцуулдаг. Таны бүтээлүүдийн тухай сонирхож байна ?

-Улаан номонд орсон 33 хөхтөн амьтны 15-ынх нь зураг энэ үзэсгэлэнд дэлгэгдсэн байгаа. Ер нь зураг авахаар явахаасаа өмнө тухайн амьтныхаа нутагладаг газрууд, хэр олон төрөлтэй, ааш авир, идэш тэжээл зэрэг хамаатай бүхий л зүйлийг судалдаг. Энэ үзэсгэлэнд тавигдсан бүтээлүүд маань миний долоон жилийн хөдөлмөр зүтгэлээр үүссэн.Сүүлийн таван жилийн хугацаанд тус амьтдыг баримтжуулахаар голлож ажиллаж байгаа.

Байгалийн гэрэл зураг бүр өөрийн гэсэн бартаат замтай. Онгон дагшин байгаль бартаагүй газар байх ч аргагүй. Аль болох хүмүүсийн аваагүй өнцөг, өгүүлэмжийг тэр чигт нь дурандаа буулгахыг зорьдог. Амьтдаас Алтайн Аргал, хүрэн баавгайн зургийг авах гэж их цаг зарцуулсан. Зэрлэг амьтдын зургийг авах хамгийн хэцүү гэдэг үнэн. Зэрлэг амьтан байгальдаа сонор соргог байдаг. Өчүүхэн чимээнд л үргэж сайхан зургийн төсөөллийг маань сарниах тохиолдол олон байсан. Тиймээс амьтнаа маш тайван байхад нь сүрлэг сайхнаар нь дурандаа буулгахын тулд хэдэн цагаар ч хүлээх тэвчээр шаарддаг.

 

ХҮН БҮРТ ХОГОО ХАЯХГҮЙ БАЙЯ ГЭЖ УРИАЛМААР БАЙНА

Хүдэр

...Улаан номонд орсон 33 хөхтөн амьтны 15-ынх нь зураг энэ үзэсгэлэнд дэлгэгдсэн байгаа. Ер нь зураг авахаар явахаасаа өмнө тухайн амьтныхаа нутагладаг газрууд, хэр олон төрөлтэй, ааш авир, идэш тэжээл зэрэг хамаатай бүхий л зүйлийг судалдаг. Энэ үзэсгэлэнд тавигдсан бүтээлүүд маань миний долоон жилийн хөдөлмөр зүтгэлээр үүссэн.Сүүлийн таван жилийн хугацаанд тус амьтдыг баримтжуулахаар голлож ажиллаж байгаа…


 

-Таны зураг авах дуртай шалтгаан юу вэ?

-Байгальд зургаа аваад явж байхад зурагчин хүний хувьд асар их тайвшралыг авч байдаг. Байгалийн сайханд нүд, сэтгэл баясч, гол горхины чимээ, борооны дараах чийгний үнэрт сэтгэл татагддаг. Сүүлдээ хобби болж хувирсан.

-Гэрэл зураг эхлэн сонирхогчдод юуг зөвлөмөөр байна вэ?

-Эхлээд гэрэл зурагт дуртай эсэхээ баттай мэдээрэй. Дараа нь өөрийн гэсэн гэрэл зургийн аппараттай болоод аппаратаа бүрэн эзэмшихэд суралцаж эхлэх хэрэгтэй.
Тэгээд зураг өөрөө олон төрөл байдаг. Хөрөг зураг, студи, Байгалийн гэрэл зураг гээд тэр авах төрлөө сонгоод тэгээд зураг авч эхэлнэ дээ. Байгалийн зураг авахаар болсон бол өглөөгүүр хөх өнгө голлодог бол нар жаргаж байхад улаан өнгө давуу байдаг. Нарны тусгал, ус яаж авах уу гээд ер их л байгальтайгаа ойрхон болдог доо. Энэ бүгдийг өөрийн биеэр туулснаар суралцаж, сайжирна.

-Гэрэл зургийн үзэсгэлэн сонирхдоггүй хүнтэй таарч байв уу?

-Үзэсгэлэн үздэггүй хүн гэж байхгүй. “Гэрэл зураг мянган үг өгүүлнэ” гэж хэлсэн байдаг. Гагцхүү орчин нөхцөлийг бүрдүүлчихвэл хүн бүр үзнэ шүү дээ.

-Зурагчин хүний харуусал юунд оршдог юм бол?

-Би байгалийн зураг авдаг хүний хувьд урсаж байгаа ус, нөгөө ургамал, уул маань хүний буруутай үйл ажиллагаанаас болоод устаж сүйдэх вий л гэж харуусал төрдөг дөө. Зургийг нь авах уулгүй, усгүй болохоос их айдаг.

Байгалиа хайрлаж, хамгаалахад хүний зөв хэвшилт үйлдэл маш чухал. Хогоо хаяхгүй байхаас л эхэлнэ. Тиймээс хүн бүрт ХОГОО ХАЯХГҮЙ БАЙЯ гэж уриалмаар байна. Таны байгалиа хамгаалах сэтгэл ийм энгийн зүйлд оршдог.

-Ярилцсанд баярлалаа.

Эх сурвалж: NEWSMEDIA.MN

Алтайн аргал

Хууль л амла!

Өчигдөр

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.