ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгууль ид сонирхолтой үе дээрээ байна. Ерөнхийлөгч В.Путин “Нэгдмэл Орос” намаа орхин бие дааж өрсөлдөж буй нь яах аргагүй энэ удаагийн сонгуулийн гол онцлог. Өөртөө найдахаар шийдсэнийх нь учрыг мэргэжилтнүүд “Бүх дэмжигчдээсээ санал цуглуулахын тулд” хэмээн тайлбарлаж байгаа юм. Бие даан нэр дэвшсэнээр өөрийгөө зөвхөн нэг намаар хайрцаглагдахаас сэргийлж, эсрэгээрээ дэмждэг хүмүүсийнхээ саналыг хураах боломжтой гэсэн энэ гаргалгааг батлах бодит үзүүлэлт ч бий. Судалгааны байгууллагын прогнозоор В.Путины нэр хүнд өнгөрсөн сард олон нийтийн дунд 75 хувьтай гэсэн дүгнэлт гарчээ. Харин “Нэгдмэл Орос” намыг иргэдийн 50 хүрэхтэй үгүйтэй хувь нь л дэмжиж байгаа аж. Эдийн засаг доройтохын хэрээр эрх баригч “Нэгдмэл Орос” намын нэр хүнд буурч буй нь бодит байдал. Амьжиргаа алсуураа доройтож байгаа нь барууны орнуудтай холбоотой гэдгийг масс ойлгохгүй. Эрх баригчдыг л буруутгаж, сольж санаа амардаг нь бичигдээгүй хууль. Дээрээс нь, намын нэрээр томилогдсон өндөр албан тушаалтнууд нь авлигад автагдсан нь намаас зай барих болсон бас нэг шалтгаан. В.Путин шуурхай арга хэмжээ авч 10 гаруй мужийн амбан захирагчийг огцруулсан ч энэ байдал сонгуулийн үр дүнд нөлөөлөх нь гарцаагүй.
Ийм эгзэгтэй үед В.Путин шиг хүчирхэг бие хүн уруудаж яваа намаас нэр дэвших нь живж яваа хөлөг онгоцонд суухтай ижил гэдэг нь үнэн ч байж мэднэ. Ямартай ч В.Путин өөрийнхөө өнцгөөс харж сонголтоо хийж, иргэдийн дэмжлэг дээр хийх тоглолтоо эхлээд байна.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30412
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.