Дональд Трампын албан ажил юунаас эхлэв

2017-01-27 Ертөнц

АНУ-ын 45 дахь ерөнхийлөгч Дональд Трамп албан үүргээ хүлээн авч анхны зарлигтаа гарын үсэг зурлаа. Тэрбээр орон нутгийн цагаар буюу баасан гаригт тангараг өргөн Цагаан ордны тэргүүн болсон. Гэвч энэхүү ёслолын дараа түүнийг эсэргүүцсэн 200 мянга орчим хүн Вашингтон хотноо жагсаал хийжээ. Харин түүний ажлын гараа дараах албан жагсаалтаар эхэлсэн болохыг гадны хэвлэлүүд онцолж байна.

Үүнд:

-Тэрбээр өмнөх ерөнхийлөгч Барак Обамагийн санаачилсан Эрүүл мэндийн даатгалын хууль нь Обамакейрийг эдийн засагт дарамт болж байна хэмээн үзэж өөрчлөх зарлиг гаргажээ.

– Дональд Трампын баг өмнөх ажлын хэсгийн хөтлөн явуулж байсан цахим хуудсуудыг өөрчлөх ажилдаа орсон байна.

-Түүний анхны томилгоо тэтгэвэртээ гарсан генерал Жеймс Маттисыг Батлан хамгаалахын сайдад томилсон явдал байв.

-Шинэхэн баг “Номхон далай дамнасан түншлэл” гэгддэг чөлөөт худалдааны хэлэлцээрээс татгалзсан байна. Зүй нь NAFTA буюу Хойд Америкийн чөлөөт худалдааны гэрээ одоо ч дээсэн дөрөөн дээр байгаа юм.

-Мөн үр хөндөлт хийдэг байгууллагуудад олгодог олон улсын тусламжийг хоригложээ.

-Түүнчлэн өмнөх засгийн газрын зогсоогоод байсан Keystone XL буюу Дакотагийн газрын тос дамжуулах хоолойн төслийг дахин сэргээжээ.

-Тэрбээр сонгуулийн үеэр амласан ёсоороо АНУ ба Мексикийн хилийн дагуу 3200 км үргэлжлэх хэрэм барих зарлигт гарын үсэг зурлаа. Энэхүү ажлын төсөвт зарцуулах хөрөнгийг Конгресс батлах ёстой юм. Ерөнхийлөгчийн үзэж буйгаар хэрэм босгох ажилд найман тэрбум ам.доллар шаардлагатай. Гэхдээ энэхүү ажилд шүүмжлэгчид үүнээс хоёр дахин их мөнгө зарцуулагдана гэж үзэж байгаа аж. Харин Бүгд Найрамдах намынхны тооцоолж буйгаар 12-15 тэрбум ам.доллар шаардлагатай хэмээн үзэж байна. Түүнчлэн хэрэм босгох хөрөнгийг 100 хувь АНУ-ын төсвөөс гаргах гэнэ. Гэхдээ явцын дунд Мексикээс зардлыг бүрэн нөхөн авна гэв. Харин Мексикийн ерөнхийлөгч Энрике Пенья Ньето хариу мэдэгдэлдээ “Мексик улс ямар ч хананы төлөө ямар ч мөнгө төлөхгүй” гэсэн байна.

-Мөн тэрбээр хууль ёсны бичиг баримтгүй цагаач иргэдийг орогнуулдаг гэх хотуудаас татаас авахаар шийджээ. Цагаадчын асуудалтай холбоотой өөр нэгэн хүлээгдэж буй шийдвэр нь Ойрхи Дорнод болон Африкийн долоон орноос цагаач иргэдийг хүлээн авахаас татгалзах тухай юм.

Ийнхүү шинэхэн ерөнхийлөгчийн амласан хараахан үзэглээгүй байгаа найман хуудас бүхий зарлигийн төслийн талаар барууны хэвлэлүүд мэдээлж байна. Төсөлд Сирийн дүрвэгсдийн хөтөлбөрийг тодорхойгүй хугацаагаар зогсоох, АНУ-ын аюулгүй байдалд заналхийлж буй гэх улсуудын иргэдэд виз олгохоос татгалзах зэрэг асуудал багтжээ. Тэдгээр орнуудын нэрс тодорхой болоогүй байгаа ч Сири, Ирак, Иран, Ливи, Судан, Сомали, Йемен зэрэг улс багтсан гэх мэдээлэл байгаа юм. Цагаан ордны зүгээс төслийн талаар албан ёсны тайлбар өгөөгүй ч гарын үсэг зурж, баталгаажуулахын өмнө нягтлан судлах шаардлагатай гэж мэдэгджээ.

-Харин TPP хэлэлцээрийн талаар тодруулбал, дэлхийн зах зээлийн 40 хувийг хамарсан худалдааны гэрээ юм. 2015 онд АНУ, Япон, Малайз, Австрали, Шинэ Зеланд, Канад, Мексик зэрэг улсуудын хооронд хэлэлцээр явагдаж, шийдэлд хүрээд байсан юм. Энэхүү хэлэлцээрийн зорилго нь гишүүн орнуудын эдийн засгийн өсөлтийг дэмжиж, дотроо харилцан тарифийн хөнгөлөлт эдлэх явдал юм. Мөн хөдөлмөр, байгаль орчны, оюуны өмчийн, патентын нэгдсэн стандартуудыг хэрэгжүүлэх арга хэмжээ багтаж байгаа. Зүй нь АНУ-ын бизнесийнхэн хүчтэй дэмжиж байгаа TPP-ийг хэрэгжүүлснээр Европын Холбоо шиг нэгдмэл том зах зээл үүсэх байв.

Эх сурвалж: Newsmedia.mn

 

Чуулган: Байр суурь

3 цагийн өмнө

Өнөөдрийн онч үг

3 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.