НИТХ дахь Ардчилсан намын бүлгээс НИТХ-ын үйл ажиллагааг хэвийн болгон хариуцлагажуулах үүднээс хурлын дарга С.Амарсайханыг огцруулах асуудлыг өргөн барьж буйгаа мэдэгдсэн байна.
Нийслэлийн гэр хорооллын дахин төлөвлөлт болон агаар орчны бохирдлыг бууруулах ажлын явцын талаарх НИТХ дахь Ардчилсан намын бүлгийн дүгнэлтийг бүрэн эхээр нь хүргэж байна.
ЭРХЭМ ХҮНДЭТ НИЙСЛЭЛЧҮҮДЭЭ, ЭРХЭМ ТӨЛӨӨЛӨГЧИД ӨӨ, ТА БҮХЭНД ЭНЭ ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЕ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаас өргөн барьсан Нийслэлийн орон сууц дэд бүтцийг хөгжүүлэх дэд хөтөлбөрийн төслийг НИТХ дахь АН-ын бүлэг 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаар хэлэлцлээ.
Нийслэлчүүдийн 57 хувь нь оршин суугаа гэр хорооллыг хөгжүүлэх асуудал бол нийслэлийн хөгжлийн гарц юм. Иймд гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг зогсоож бүтэн 2 жилийг алдсан ч гэлээ иргэдийн хүсэн хүлээсэн эл хөтөлбөрийг урагшлуулах алхам хийж, хэлэлцүүлж байгаад АН-ын бүлэг талархаж байна.
Гэвч та бүхний өргөн барьсан хөтөлбөрийн төсөл нь хэрэгжүүлэх бодит ажил бус, тунхагийн шинж чанартай болсон байна.
Тус хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийн эх үүсвэр бүрэн тодорхойгүй байна.
Тус хөтөлбөрт нийслэлчүүдийн хамгийн их хүсэн хүлээсэн ахмадын орон сууцны асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар тусгаагүй байна.
Иймд хөтөлбөрийн төслийг хэлэлцэхийг хойшлуулж, мэргэжлийн байгууллага, гэр хорооллын иргэдийг оролцуулсан Хамтарсан ажлын хэсэг байгуулж, төслийг дахин боловсруулах шаардлагатай гэж бид үзэж байна.
Харин өнөөдрийн хуралдаанаар үүнээс илүү та бидний өмнө тулгамдаж буй асуудлыг хэлэлцэх саналыг АН-ын бүлэг оруулж байна.
Нийслэлийн иргэдийнхээ сайн сайхныг бий болгохын төлөө амлалт өгч, Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгчид та бид өнөөдөр иргэдийнхээ итгэлийг хүлээн сонгогдсон. Харамсалтай нь өнөөдөр та бидний ажил урагшлахгүй, зогсонги байдалтай байна.
НИТХ-ын хуралдааны дэгийн 4.4-т “Хурлын ээлжит, ээлжит бус хуралдааны хэлэлцэх асуудлыг иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хурлаар тогтоож, таваас доошгүй хоногийн өмнө хуралдааны товыг зарлана” гэж бий.
НИТХ-ын хуралдааны дэгийн 11.6-д “Нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудалд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж, хуралдаан болохоос 3-аас доошгүй хоногийн өмнө хурлын төлөөлөгчид тараах бөгөөд энэхүү шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй” гэж заасан.
Харамсалтай нь өнөөдөр бидний хэлэлцэж буй “Нийслэлийн орон сууц, дэд бүтцийг хөгжүүлэх хөтөлбөрийн төсөл”-ийг дэгийн энэ заалтын дагуу хэлэлцэх боломжгүй байна.
Тэргүүлэгчдийн хурлын материал, нэгдсэн хуралдааны материал зөрүүтэй байна. Тэргүүлэгчдийн хурлын материалыг өөрчилж хувилсныг НИТХ-ын ажлын алба төлөөлөгчдөд тараасан байна. Тараасан материалын зарим тодорхой тоо баримтаас эш татвал 2018 оны 2 дугаар сар 14-ний өдөр хуралдахад өргөн барьсан материалд тус хөтөлбөрийн хэрэгжих хугацаа 2018-2021 он гэж байсан бол 2018-2022 он болж өөрчлөгджээ. Мөн өмнөх материалд 2017 онд 60 айлын орон сууц ашиглалтад оруулсан гэсэн бол дараагийн материалд 360 гэжээ.
НИТХ-ын хуралдааны дэгийн 4.3-т “Хурлын хуралдааны бэлтгэл хангах, хэлэлцэх асуудал боловсруулах зорилгоор нам,эвслийн бүлэг, Хурлын хороо, дэд хороо, түр хороодын хуралдааныг хуралдааныг хуралдуулна” гэж заасан.
Гэвч НИТХ-ын ирц бүрдэхээ больсон. Ажлын хороодын хурлын ирц бүрдэхгүйн улмаас хуралдаж чадахгүй байна. Нэг нам дийлэнх олонхио бүрдүүлсэн ИТХ-ын ирц бүрдэхгүй, хуралдахгүй байгаагийн улмаас ажлын хороодоос нэгдсэн хуралдаанд оруулах тодорхой санал гаргаж чадахгүй гацаж байна.
Энэ бол НИТХ-ыг нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллаж чадахгүй байгаагаас үүдэн гарч буй асуудал юм.
Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5-д “Нутгийн захиргааны байгууллага эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийн хяналт-шинжилгээ, үнэлгээний тайланг иргэдийн Төлөөлөгчдийн хуралд танилцуулж, 02 дугаар сарын 20-ны дотор Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлнэ” гэж заажээ.
Өнөөдрийн байдлаар НИТХ нь Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн биелэлт, Нийслэлийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийн тайланг дүгнэж хэлэлцээгүй байна.
Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.5-д “Хурлын дарга нь хурлын шийдвэрийн биелэлтийг хянан шалгах ажлыг зохион байгуулах бүрэн эрхтэй” гэж заасан.
Мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.7-д “Хурлын дарга нь Хурлын Тэргүүлэгчдийн хурлын хуралдаан, өдөр тутмын үйл ажиллагааг удирдах бүрэн эрхтэй.
Хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд НИТХ-ын дарга нь НИТХ-ын өдөр тутмын үйл ажиллагаагаа зохион байгуулж чадахгүй байгаагийн улмаас нийслэлийн захиргааны байгууллагууд нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын үйл ажиллагааг дэмжихгүй, үл хүндэтгэсэн байдлаар асуудалд хандаж байна.
Нийслэлийн харьяа байгууллагад мэдээлэл авахаар хүргүүлсэн албан бичгүүдэд цаг хугацаандаа хариу өгдөггүй, албан бичгийн дагуу мэдээлэл бэлтгэж ирүүлдэггүй асуудал удаа дараа гарсаар байна.
Иймд цаашид НИТХ-ын үйл ажиллагааг хэвийн болгож, хариуцлагажуулах үүднээс НИТХ-ын дарга С.Амарсайханыг огцруулах асуудлыг АН-ын бүлэг өргөн барьж байна.
Анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа
НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ ДАХЬ
АРДЧИЛСАН НАМЫН БҮЛЭГ
2018 оны 02 дугаар сарын 27-ний өдөр
8 цагийн өмнө
10 цагийн өмнө
10 цагийн өмнө
12 цагийн өмнө
13 цагийн өмнө
Өчигдөр
87365
30402
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.