“Монгол анагаах ухааны тасаг” шинээр байгуулагдлаа

2018-02-23 Нийслэл

НИТХ-ын Тэргүүлэгч , Нийгмийн хөгжлийн хорооны дарга Д.Мөнхжаргал Нийслэлийн 9 дүүргийн Монгол уламжлалт анагаах ухааны 26 эмчийг ӨМӨЗО-нд мэргэжил дээшлүүлэх сургалтанд явуулсны эхний үр дүн гарч Багануур дүүргийн ЭМТ-д “Монгол анагаах ухааны тасаг” нээгдлээ. Нийслэлийн дүүргүүдээс анх удаа хэвтэн эмчлүүлдэг үйлчилгээтэй Монгол анагаах ухааны тасаг шинээр байгуулагдан, иргэд үйлчлүүлж эхэлж байгаа нь энэ юм. Тус дүүргийн эрүүл мэндийн төвийн Сэргээн засах тасаг нь 2016 онд 10 ортой үйл ажиллагаа эхэлж байсан бол эрэлт хэрэгцээ ихтэй байгаа тул “Монгол анагаах ухааны тасаг” болон өргөжиж 26 хүн хүлээн авах хүчин чадалтайгаар эмчилгээгээ хийж эхэллээ. Монгол тан болон эмийн бус үйлчилгээг европ анагаах ухааны ололттой хослуулан эмчлэх байдлаар өвчтөнүүдээ эмчилнэ гэж тасгийн ерөнхий эрхлэгч хэллээ. Цаашид тус тасгийн хамт олон НЭМТөвтэй хамтран иргэдийг өвдсөн хойно нь эмчлэх бус өвдөхөөс нь өмнө урьдчилан сэргийлдэг байх тал дээр анхаарал хандуулан ажиллана гэдгээ илэрхийлэв.
Монгол анагаах ухаан нь олон мянган жилийн түүхтэй, монгол үндэстэний баялаг өв, уламжлалт соёл юм. Эх орныхоо цаг агаар, хүнийхээ онцлогт тохирсон эм, эмчилгээгээр үйлчлүүлэх нь чухал. Сүүлийн үед амьдралын буруу хэвшил, хөдөлгөөн дутагдал нийгмийн сөрөг нөлөөлөл зэргээс үүдэлтэй мэдрэлийн гаралтай нурууны суулт, шохойжилт гэх мэт өвчлөл нэмэгдэж, хүн амын дунд ихээхэн тохиолддог өвчлөлөөр тархины цус харвалт нэрлэгдэж байна. Багануур дүүргийн хувьд зүрх судасны өвчлөлийн гаралт ихтэй дүүрэгт тооцогддог. Мөн стрессээс үүдэлтэй өвчлөл болон мэдрэлийн эрхтэн тогтолцооны өвчлөл зонхилох хандлагатай байна.Үйлдвэрийн ажилчдын мэргэжлээс шалтгаалах өвчин, харвалт их байгааг эмч нар хэллээ. Тиймээс сэргээн засах, нөхөн сэргээх эмчилгээнүүд зайлшгүй шаардлагатай байдаг. Энэ хэрэгцээг хангахад шинээр байгуулагдсан тус тасаг чухал үүрэг гүйцэтгэх юм.
Нээлтийн үйл ажиллагааны үеэр НИТХ-ын Тэргүүлэгч Д.Мөнхжаргал шинээр байгуулагдсан уламжлалт анагаах ухааны тасагт нэг бүр нь 400 мянган төгрөгийн үнэ бүхий 8 ширхэг цахилгаан зүүний аппаратыг бэлэглэлээ. Мөн цахилгаан төөнүүр авахад нь 1,6 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлэв. Тэрээр, “Монгол анагаах ухаан гэдэг бол манай улсын нэг том брэнд болж хөгжих ёстой. Цаашид бид Монгол анагаах ухааны эмчилгээний тасгийг дүүрэг бүрт хэвтэн эмчлүүлэх тасаг хэлбэрээр нээж ажиллалуухыг бодлогоор дэмжин ажиллана. Монгол хүн эрүүл саруул байж, эх орноо хөгжүүлэх болно” гэлээ.

Өнөөдрийн онч үг

13 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.