Нефтийн хомсдол, шатахууны үнэ нэмэгдсэн асуудлаас болж нийгэмд бухимдал үүсээд байсан юм. Тиймээс уг асуудлыг Засгийн газрын хуралдаанаар яаралтай хэлэлцэх шаардлага тулгарсан ч Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар гадаад томилолттой байсан тул Сангийн сайд Ч.Хүрэлбаатар яаралтай арга хэмжээ авч хуралдаанд танилцуулжээ. А80, АИ92 шатахууны онцгой албан татварыг тэглэсэн талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын байр суурийг хүргэж байна.
-Өнгөрсөн оны долоодугаар сараас эхлэн олон улсын зах зээлд нефтийн бүтээгдэхүүний үнэ нэг баррел нь 45 ам.доллараас 65 ам.доллар хүртлээ өсөөд байна. Судалгаанаас харахад 70 ам.долларт хэлбэлзэх төлөвтэй байгаа. ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдаж байсан өнгөрсөн оны үед нефтийн үнэ 40 орчим ам.доллартай тэнцэж байсан.
Тийм учраас олон улсын зах зээлийн нөхцөл байдлыг харгалзан А80, АИ92 автобензиний Онцгой албан татварыг тэглэх шийдвэр гаргаж байна. Ингэснээр одоо бий болоод байгаа шатахууны хомсдол бүрэн шийдэгдэнэ гэдэгт итгэлтэй байна.
-Бусад автобензин, дизелийн түлшний тухайд?
-Евро стандарттай АИ95, АИ98 автобензин, дизелийн түлшинд тогтоосон Онцгой албан татварыг хэвээр үлдээсэн.
-Онцгой албан татварыг хэвээр үлдээснээр үнэ хэт өсөх эрсдэл үүсэхгүй юу?
-Дэлхийн зах зээл дээр нүүрс, зэс, алтны үнэ өндөр байна. Уул уурхайн салбарын бүтээгдэхүүний үнэ өндөр байхад улсын зүгээс дизель түлшинд татаас өгөх замаар хөнгөлж болохгүй, зах зээлийн зарчим яах аргагүй баримтлах ёстой гэсэн байр суурьтай байгаа. Үүнээс гадна А95, А98 автобензинийг боломжтой хүмүүс авч хэрэглэдэг.
Тиймээс үүнд зах зээлийн зарчмаар татвараа оногдуулаад явах ёстой. Харин А80, АИ92 нь өргөн хэрэглээний барааны суурь үнийг хөдөлгөх эрсдэлтэй учир гадаад зах зээл дээрх савлагааг өргөн хэрэглээний бараанд нөлөөлөхөөс сэргийлж ийм шийдвэр гаргаж байна.
-Онцгой албан татвар ногдуулах замаар төсөвт бүрдүүлэх орлогыг яаж нөхөхөөр тооцсон бэ?
-А80, АИ92 автобензинд ногдох Онцгой албан татварын хувь хэмжээг өөрчилснөөр улсын төсвөөс 68 тэрбум төгрөгийн орлого дутна. Үүнийг төсөв тодотгохгүйгээр, бусад орлогын нөхөлтөөр гаргаж авахаар тооцсон.
-Шатахуун импортлогчдын зүгээс зарим шатахууны үнийг нэмж, зохиомол хомсдол үүсгэсэн гэж иргэд бухимдаж байгаа. Үүнд ямар арга хэмжээ авах бол?
-Үнийн зөвлөл өмнө нь хуралдаад үнэ нэмэхгүй гэсэн шийдвэр гаргачихсан байсан. Гэсэн ч олон улсын зах зээл дээрх үнэ өсчихсөн, Онцгой албан татвар нэмэгдсэнтэй холбогдуулан үнэ нэмэгдэх хүлээлт үүсчихсэн байсан учир татан авалт дээрээ хязгаарлалт хийж, багасгасан байсан болов уу гэж бодож байгаа.
Үүнээс үүдэн хомсдол, иргэдийн дараалал үүссэн байх. Засгийн газар яах аргагүй хурдан шуурхай ажиллаж, шийдвэр гаргахгүй бол хомсдол үүсэх эрсдэл байсан учир ийм шийд гарлаа.
-Европын холбоо Монгол Улсыг “хар жагсаалт”-аас гаргаж, Мүүдиз агентлаг зээлжих зэрэглэлийг нэмэгдүүллээ. Энэ нь манай улсын эдийн засгийн эерэг үзүүлэлтийг бататгаж байна гэж харж болох уу?
-Өчигдөр Европын холбооноос албан ёсоор “Татварын зорилгоор хамтарч ажилладаггүй орны жагсаалт”-аас Монгол Улсыг хассанаа мэдэгдсэн. Гэхдээ хаслаа гээд бүх асуудал шийдэгдэж байгаа зүйл биш. Бидний хувьд татварын орчноо олон улсын стандартад нийцүүлэх, ил тод, нээлттэй болох чиглэлийн эрх зүйн орчноо шинэчлэх, мэдээлэл солилцох тогтолцоог бүрдүүлж хэвшүүлэн, ажилтан сургах зэрэг олон зүйлийг шийдвэрлэх шаардлагатай байгаа.
Т.Сайхан
Эх сурвалж: Зууны мэдээ сонин
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30429
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.