Хотын дарга С.Батболд шоуныхоо сэдвийг бариад авч. Тэгэхдээ бүр яг одоо нийслэлчүүдийн хоолойд тулсан асуудлыг шүү. Тиймдээ ч мань хүн нэлээд пээдгэр, харц дээгүүр алхаж явсан биз ээ. Гэвч түүний энэхүү “мэх” түмэн олонд төдийгүй мөр зэрэгцэн ажиллаж буй албаныханд нь таалагдахгүй байна. Тэр зүгээр л сэдэв атгаж, олон түмэнд таалагдсан сайн захирагч болохыг хүсэж. Үнэн хэрэгтээ нийслэлийн утаа нэмэгдсэн үү гэхээс энэ өвөл ганц хувиар ч буурсангүй. Тийм учраас л энэ хүний албан суудал ганхаж эхэлжээ. Учир нь өнөөдөр Улаанбаатар хотын захирагч С.Батболдыг огцруулах асуудлыг Нийслэлийн ИТХ-аар хэлэлцэх юм гэнэ.
Тэгээд ч намын луухгарууд фракциараа бүлэглээд ХҮК-ийн танхимыг болон нийслэлийг дарга цэрэгтэй нь бусниулах их ажилд ханцуй шамласан тухай шорвог мэдээ шаргал ордноор хөврөх болов. Зүй нь намдаа ноосоо тушаасан гишүүд Их хурлын үлдсэн хугацаанд ямар нэгэн албан тушаал горилох гээд тэсч ядан хүлээж суугаа нь тодорхой биз ээ.
Нэг ёсондоо Су.Батболд хотын захирагчийн албыг авснаасаа хойшхи 1.6 жилд хийсэн ажил гэвэл нэлээдгүй өртгөөр бүтсэн “Улаанбаатарын намар”, “Face of beauty international” урлагийн томоохон арга хэмжээнүүдийг л зохион байгуулж. Харин өдгөө утааны талаар уянгалуулан донгодох болжээ.
Ядаж байхад уйлах хүүхдийн хошного урд өдрөөсөө умалзана гэгчээр сүүлийн үед Су.Батболд дарга БОАЖ-ын сайд Н.Цэрэнбаттай хошуу холбоол “Жинхэнэ утаа гаргадаггүй зуух тараана” гэж яриад явсан. Одоо ийм тэнэг үлгэрт хэн итгэх вэ. Нүүрсийг огт утаа гаргалгүй гэрийн зууханд шатааж болно гэж бодоод, итгээд байгаа хүмүүс хотын зүүн захад орших сэтгэцийн эмнэлэг бараадвал яасан юм бэ? Зуух байгаа л бол яндан байж таарна. Яндан байгаа л бол утаа гарч таарна. Тийм биш гэж үү. Бүхэл бүтэн 672 тэрбум төгрөгөөр утаагүй зуух нэрийдлээр дахиад тоглох нь. Тоглох ч гэж дээ. Улс орны эмзэг асуудал дээр дөрөөлж, томчууд үрчийж байгаад хувааж халааслах төлөвлөгөө гаргасан нь энэ байх. Хэнийг хуурах гээд хэний утсан хүүхэлдэй болоод явааг чинь ойлгомоор байна, хотын захирагч аа. За одоо тэгээд энэ жаргадаггүй үлгэр, төгсдөггүй шахаанд чинь хууртлаа юу, монголчууд…
Үнэн хэрэгтээ 672 тэрбум төгрөгөөр нийтийн байр барьж болно. Орон сууц барилаа гэхэд хэдэн зуун айл зуух, яндангаа хална гэсэн үг. Гэтэл төр засаг нь ард түмнээ доромжлоод байгаа юм уу? Бид нүүрснээсээ яаж салах вэ гэж өдрийн бодол шөнийн зүүд болж байхад хотыг бүхлээр нь нүүрсний агуулах, уурын зуух болгох гээд зүтгэж байгааг ухралт гэхгүй өөр юу гэх юм? Хотын дарга, салбарын сайд, дагуул тойрон хүрээлэгч, кноп нэмэрлэгч нар нь утаандаа хордоод учиргүй тэнэг болчихоо юу, яасан ч шахаа нь дуусч, шавар нь хатдаггүй төр юм бэ дээ?
О.МӨРӨН
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30412
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.