Хорт хавдаргүй цорын ганц үндэстэн

2021-04-16 Амрах агшин

Энэтхэг, Пакистаны хил орчмын Хунза голын хөндийг “Залуужуулах баян бүрд” хэмээн нэрлэдэг. Энэ хөндийн ард түмэн 110-120 насалдаг аж. Тэд амьдралдаа бараг хэзээ ч өвддөггүй бөгөөд үргэлж залуу харагддаг аж. Тэгэхээр тэдэнд эрүүл, аз жаргалтай байдаг, 40-50 насанд тохиодог шиг өтлөлт явагддаггүй эрүүл амьдралын хэв маяг байж таарна.

Сонирхолтой нь Хунза голын хөндийн оршин суугчид хөрш үндэстэн угсаатнуудаа бодвол гадаад төрхөөрөө нэлээд европжуу гэнэ.

Хунзчууд -15 градусын хүйтэнд зайрмагтсан усанд орж, зуу хүртлээ хөдөлгөөнт тоглоом тоглож, 40 настай эмэгтэйчүүд нь охид шиг харагдаж, 60 насандаа ч гоолиг бие хаагаа хэвээр хадгалж үлдсэн байдаг. Тэр ч бүү хэл 65 насандаа хүүхэд төрүүлдэг байна. Зуны цагт түүхий жимс, ногоогоор хооллож, өвөлдөө наранд хатаасан чангаанз, бүрэн боловсорсон үр тариа, хонины сүүний бяслаг иддэг.

Нэг сонирхолтой зүйл ажиглагдсан нь тэндхийн оршин суугчдад жимс боловсроогүй цагаар “өлсгөлөн хавар” гэгч үе тохиодог бөгөөд энэ нь 2-4 сар хүртэл үргэлжилдэг байна. Энэ саруудад тэд бараг юу ч иддэггүй бөгөөд өдөрт ганц нэг удаа хатаасан чангаанзны ундаа ууж л голоо зогоодог. Хоолны ийм дэглэм, соёлыг нарийн дагаж мөрддөг.

“Хунзчууд бол өвчнийг мэддэггүй ард түмэн” номондоо Р.Бирхер энэ хэсгийн ард түмний хооллолтын давуу талуудыг бичжээ. Тухайлбал, тэд цагаан хоолтон бөгөөд түүхий бүтээгдэхүүн их хэмжээгээр хэрэглэдэг. Өдөр бүрийн хоолонд нь жимс, ногоо давамгайлдаг. Хүнсний бүтээгдэхүүнүүд нь химийн ямар нэгэн боловсруулалтад ороогүй, биологийн бүхий л үнэт бодисоо хадгалсан байдаг. Архи, амттаныг тун ховор хэрэглэдэг. Давсыг тун бага хэрэглэдэг бөгөөд зөвхөн байгалийн хөрсөнд ургасан бүтээгдэхүүн иддэг. Өлсөх тогтмол үеүдтэй.

Хооллолтоос гадна эрүүл урт наслахад таатайгаар нөлөөлдөг өөр хүчин зүйлсийг ч дурдах хэрэгтэй. 1963 онд Хунзийн хөндийд Францын анагаах ухааны шинжээчид иржээ. Тэдний олж тогтоосноор хунзчуудын дундаж наслалт 120 байсан нь тухайн үеийн европчуудын үзүүлэлтээс даруй хоёр дахин их юм. 1977 оны наймдугаар сард Парист болсон Олон улсын хорт хавдрын конгрессын үеэр дараах мэдэгдлийг хийжээ.

“Геоканцеологийн (дэлхийн бүсүүдэд хорт хавдрын өвчлөлийг судалдаг шинжлэх ухаан) мэдээллээс үзэхэд зөвхөн хунза угсаатны дунд л хорт хавдрын өвчин алга байна” гэжээ.

1984 оны дөрөвдүгээр сард Хонконгийн нэгэн сонинд дараах сонирхолтой тохиолдлыг мэдээлжээ. Саид Абдул Мобут хэмээх нэртэй хунз үндэстэн Лондоны Хитроу нисэх онгоцны буудалд ирэхдээ паспортоо үзүүлж, гаалийн ажилтнуудын мэл гайхуулсан гэнэ. Учир нь уг паспортод Мобутыг 1823 онд төрсөн, 160 настай гэжээ. Мобутыг дагалдан явсан хүний хэлснээр Хунза орондоо тэрбээр ариун, гэгээн хүнд тооцогддог гэжээ.

Мобут эрүүл саруул төдийгүй, ой ухаан нь ч саруул байжээ. Тэрбээр 1850 оноос хойш үйл явдлыг маш сайн санаж байв. Хунза голын хөндийн оршин суугчид урт наслалтынхаа нууцыг их энгийн хэмээдэг. Цагаан хоолтон байж, үргэлж биеийн хүчний хөдөлмөр эрхэлж, байнга хөдөлж, амьдралын хэмнэлээ өөрчлөхгүй байхад 120-150 насалж болдог гэнэ.

Өнөөдрийн онч үг

15 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.