Түүхч, зохиолч М.Тогмид: Толгойтын зүүн давааг сэтэлснээр хотын утаа арилна

2017-12-26 Нийгэм

Утаа гамшигийн хэмжээнд хүрсэн энэ үед олон нийтээрээ эсэргүүцэл илэрхийлж, төр засгийн өндөрлөгүүдэд зурвас илгээсээр байна. Мөн хувь хүмүүс утаанаас хэрхэн ангижрах талаар санал бодлоо хуваалцсаар байгаа юм. Манай улсын хувьд агаарын бохирдлын төвшний үндсэн хэмжүүр болох тоосонцорын концентрацыг хэмжиж үзэхэд тоосонцор, хүнд метал УЛААНБААТАРЫН гэр хороололд Монгол Улсын стандартаас 14 дахин, ДЭМБ-ын стандартаас 35 дахин илүү давсан гарчээ. Өөрөөр хэлбэл, зураг дээрх үзүүлэлт 100-гаас давсан бол хүний биед хортой хэмээн ДЭМБ-аас үздэг. Харин манайд 400 хүрээд байна.

Энэ удаад түүхч, зохиолч М.Тогмид утаанаас хэрхэн ангижрах талаар саналаа хуваалцаж байна.

 -Би хотын иргэний хувьд санаа зовж 2004 оноос судалгаа хийж эхэлсэн. Тэгээд хотыг утаанаас салгах хамгийн сайн аргыг бодож олсон. Энэ бол салхины хонгил гаргах юм. Хотын салхины тухай ямар ч цаг уурын байгууллага судлаагүй, мэргэжилтнүүд нь мэдэхгүй байгаа юм. Гэтэл хотын салхи тэр дундаа Улаанбаатарын салхи өвөрмөц. Шөнө нь хөндийгөөр уруудаж салхилдаг. Өглөө нь нар туссан хойно эргээд хөндийгөө өгсөөд салхилдаг. Гэтэл Улаанбаатар гурван мухар хөндийн аман дээр байгаа юм. Баянхошуу, Чингэлтэй, Хайлааст, Бэлх, Сэлхийн мухар хөндийд өглөөний утаа нь бүтэн өдөржин хургадаг. Харин шөнийн утаа гурван цаг үргэлжлээд хөөгдсөөр Төв аймгийн Лүн сум ордог юм билээ. Надад салхи хэмжих багаж хэрэгсэл байхгүй учир би зөвхөн салхилж байгаа чигийг нь тогтоож чадсан. Толгойтын зүүн, баруун даваа, Гүнтийн, Хужиртын, Хандгайтын, Шижирийн гээд олон даваа хотод бий. Энэ дундаас салхины хонгил гаргахын тулд Толгойтын зүүн давааг сэтлэх юм. Яагаад гэвэл салхи шууд Баянхошуу руу орно. Өвлийн цагт Рашаантын хөндийд маш их агаар мухардаад цугларч байдаг юм. Жаахан хэсэг нь Сонгинохайрхан уулын наагуур хотод орж ирдэг. Энэ агаарын урсгалыг Толгойтын зүүн салаагаар оруулж ирэх хэрэгтэй байна. Ийм учраас энэ хөтлийг сэтлэх нь чухал. Энэ ганц хөтлийг сэтлэх амархан. Харин Хайлаастыг цаашаа хонгил болгож болно.

Би мэргэжлийн хүмүүстэй хамтарч энэхүү судалгааг хийсэн. 2014 онд Инженерүүдийн зөвлөгөөнөөр энэ судалгаа, төслийг маань хэлэлцээд хэрэгжүүлэхэд үр дүнтэй гэж сайшаасан.

 

Хууль л амла!

Өчигдөр

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.