УИХ-ын чуулганы пүрэв гаригийн нэгдсэн хуралдааны эхэнд УИХ-ын дарга М.Энхболд залруулга хийв. Тэрбээр “Б.Хурцыг Элчин сайдаар томилох асуудлыг Засгийн газар Ерөнхийлөгчтэй зөвшилцөж оруулж ирээд, УИХ-аар хэлэлцүүлсэн. Түүнээс УИХ томилоогүй. Элчин сайдын томилгоог Ерөнхийлөгч хийдэг. Зарим хүмүүс Элчин сайдын асуудлыг УИХ-д хамаатуулж яриад байх юм. УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нарын зохион байгуулсан нээлттэй хэлэлцүүлэг чуулганы хуралдаантай давхацсан. УИХ-ын даргын зөвлөл долоо хоногийнхоо хэлэлцэх асуудлыг урьдаас төлөвлөж баталдаг гэдгийг сануулъя. Тиймээс Элчин сайдтай холбоотой асуудлаар зөв мэдээлэл өгөх нь зүйтэй болов уу гэж үзээд, залруулга хийлээ” гэв.
Ингээд хуралдаан үргэлжилж, Үндсэн хуулийн Цэцийн 2017 оны долдугаар дүгнэлтийг УИХ хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан 2017 оны тавдугаар сарын 11-ний өдөр баталсан Зөрчлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж батлав.
Зөрчлийн тухай хуулийн дээрх заалт нь ”Согтууруулах ундаа хэрэглэсэн, эсхүл сэтгэцийн өвчтэй, эсхүл хөгжлийн бэрхшээлтэй хүнийг жагсаал, цуглаанд оролцуулсан, эсхүл жагсаал, цуглаанд оролцуулахын тулд бусдыг эд мөнгөөр татсан, эсхүл дарамт шахалт үзүүлсэн бол зөрчил үйлдэхэд ашигласан зэвсэг, хэрэгслийг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэсний “… эсхүл хөгжлийн бэрхшээлтэй хүнийг жагсаал, цуглаанд оролцуулсан…” гэж заасан нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн байна.
Гэхдээ дээрх заалтад иргэний эвлэлдэн нэгдэх, жагсаж цуглах эрхийг огт хөндөөгүй. Харин улс төрийн нам, хүчин хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг өөрсдийнх нь хүсэл зоригоос ангид байдлаар жагсаал, цуглаанд оролцуулан ашиглаж буй байдлыг зөрчил хэмээн үзэж, хариуцлага ногдуулж өгнө үү гэдэг хүсэлт иргэдээс ирсэн учраас хуульд тусган, баталжээ. Харин Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтад “Хүсэл зоригийнх нь эсрэг” гэдэг үг бичигдээгүй. Энэ нь хөгжлийн бэрхшээлтэй хүний жагсаал, цуглаанд сайн дураараа оролцох эрхийг хязгаарлах эрх зүйн орчин бүрдүүлсэн тул Зөрчлийн тухай хуульд дээрх асуудлыг тусгаж, нэмэлт өөрчлөлт оруулж, баталлаа.
Үүний дараа Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар Л.Элдэв-Очирыг сонгох тухай асуудлыг хэлэлцэж эхлэв. Тус байнгын хороог даргалж байсан Ц.Гарамжавын хуулийн хүрээнд ажиллах хугацаа дууссан тул Л.Элдэв-Очирыг томилох санал оруулжээ.
УИХ-ын чуулган үргэлжилж байна.
11 цагийн өмнө
13 цагийн өмнө
13 цагийн өмнө
15 цагийн өмнө
16 цагийн өмнө
Өчигдөр
87366
30404
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.