Монгол Улсын Засгийн газраас өвөлжилтийн хүндрэлийг даван туулахад хүмүүнлэгийн тусламж үзүүлэх хүсэлтийг өнгөрсөн оны 12 дугаар сард олон улсын  байгууллагуудад хүргүүлсэн билээ. Тэгвэл Нэгдсэн үндэстний байгууллага нь Монгол Улсын Засгийн газарт дэмжлэг үзүүлэн, өвөлжилт хүндэрсэн аймгуудын малчдын нэн шаардлагатай хэрэгцээг хангахад зориулсан хүмүүнлэгийн тусламжийг үзүүлсээр байгаа юм.

Тухайлбал, Онцгой байдлын үед зарцуулах НҮБ-ын Нэгдсэн сангаас өвөлжилт хүндэрсэн аймгуудын нэн эмзэг малчин өрхүүдэд 1.1 сая ам.долларын тусламж үзүүлэхээр шийдвэрлэж, хүмүүнлэгийн тусламжийн эхний хэсэг болох 100 ам.доллартай тэнцэх бэлэн мөнгөний тусламжийг цагаан сарын өмнө олгосон.

Тэгвэл хүмүүнлэгийн тусламжийн хоёр дахь хэсэг болох малд зориулсан тэжээл, эрдэс бодис, амтн дэм, шаардлагатай эм тарианаас бүрдсэн багцыг өнөөдөр хүлээлгэн өгч, тусламжийн багцыг ачсан цувааг аймгууд руу хөдөлгөлөө.

Тусламжийн багцыг  хонин толгойд шилжүүлснээр 200 толгойгоос доош тооны малтай малчин өрхүүдэд олгох аж. Тэгэхдээ малын тооноос хамааран хуваарилалтыг хийх юм байна. Нэг өрхөд дунджаар 130 долларын өртөг бүхий тэжээлийн болон сувилалын багц ногдоно гэж тооцжээ.

Тусламжийн цувааг хөдөлгөх ёслолын ажиллагаанд Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх оролцож, өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрсэн аймаг сумдад хүмүүнлэгийн тусламж үзүүлсээр байгаа НҮБ, суурин төлөөлөгчийн газрынханд талархаж буйгаа илэрхийлсэн.

Мөн энэ үеэр НҮБ-ын Суурин зохицуулагч хатагтай Биата Транкман “НҮБ нь Монгол Улсын Засгийн газрын хүчин чармайлтыг дэмжин ажиллаж байна. Бэлэн мөнгөний тусламж нь малчдын нэн шаардлагатай хэрэгцээг хангах зорилготой байсан. Гэхдээ малынхаа хүч тамир, эрүүл мэнд, чанарыг сайжруулахын тулд тэдэнд нэмэлт тусламж хэрэгтэй байгаа юм. Тиймээс өнөөдрийн энэхүү малын багц эмзэг малчин өрхүүдэд тус дэм болно гэж найдаж байна” гэв.

Тусламжийн багц нь 10 аймгийн 35 сум, нийслэлийн нэг дүүргийн 3500 малчин өрхөд очих юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.