“ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД УУЛ УУРХАЙ” бодлогын чуулган болж байна

2017-12-8 Байгаль орчин

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам нь геологи, хайгуул, уул уурхай, олборлох болон боловсруулах салбарын үндсэн асуудлууд, цаашид авах арга хэмжээг тодорхойлох зорилгоор “ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД УУЛ УУРХАЙ” бодлогын зөвлөгөөнийг зохион байгуулж байна. Монгол орноо төв, баруун, зүүн, говийн бүсэд хуваан чуулган зохион байгуулсны үндсэн дээр энэхүү зөвлөгөөнийг нийслэлд зохион байгуулж байгаа билээ. 2017 оны 12 сарын наймны өдөр зохион байгуулж буй эл зөвлөгөөнд УИХ, Засгийн газар, яам, агентлаг, аймаг, орон нутаг, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагын төлөөллүүд оролцож буй юм.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумьяабазар уул уурхайн салбарын суурь асуудлуудыг “ЗАСАГЛАЛ, ХУУЛЬ ЭРХ ЗҮЙ, БАЙГАЛЬ ОРЧИН, ОРОН НУТАГ-ХАМТЫН АЖИЛЛАГАА, ДЭД БҮТЭЦ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТОГТОЛЦОО”-ны хүрээнд томъёолж, цаашид хэрхэн сайжруулах, олон улсын туршлагад хэрхэн нийцүүлэх талаар идэвхитэй санал, шүүмжлэл өрнүүлэн оролцохыг уг зөвлөгөөнд оролцогчдоос хүсэв. Мөн хамтран ажиллаж, зохион байгуулсан СЕСМИМ төсөлд талархал илэрхийллээ.

Монгол Улс нь уул уурхайн салбарын эрх зүйн орчныг цогцоор нь шийдэх бус гагцхүү зарим асуудлуудын хүрээнд шийдэхийг эрмэлзэж байсан нь өнөөг хүртэл сайны хажуугаар саар үр дүнг бий болгож байсан. Үүнийг 1994-2006 оны хооронд батлагдсан 3 удаагийн Ашигт малтмалын тухай хууль, түүний дотор 2006 оны Ашигт малтмалын тухай хуульд өнөөг хүртэл 250 гаруй нэмэлт, өөрчлөлт оруулаад буй. Түүнчлэн уул уурхай болон байгаль орчны салбарын өөр хоорондын уялдаа холбоог хангах бодит эрх зүйн зохицуулалт буюу уурхайн хаалтын зарчим бүрэн гүйцэд нутагшаагүй жишээгээр тус тус тайлбарласан салбар илтгэл, мэдээлэл, хэлэлцүүлэг нь зөвлөгөөний ач холбогдлыг өндөрт өргөж байлаа.

Зөвлөгөөнд Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г. Занданшатар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн мэндчилгээг дэвшүүлж үг хэлэхдээ “Уул уурхайн салбар бол тогтвортой хөгжлийн бодлогоор хангагдаж байж улс эх орны хөгжлийн тулгуур чанараа хадгалахыг” онцлов. Мөн УИХ гишүүн А.Ундраа “Уул уурхайтай улсын парламент болон Засгийн газар нь өөрөө хариуцлагатай байж сая хариуцлагатай уул уурхай хөгждөг олон улсын хандлага, туршлагыг цаашид анхаарах нь энэ арга хэмжээний нэг үр дүн юм” гэлээ.

Цаашид Монгол Улсын өрсөлдөх чадварыг олон улсын тавцанд нэмэгдүүлэх, Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030-ийн зорилтуудыг биелүүлэхэд “уул уурхайн салбарын бодлогыг тогтвортой, ил тод, хүртээмжтэй, үр өгөөжийг иргэд, олон нийт, орон нутгийн хөгжилд үр ашигтай” байлгахад голлон анхаарах шаардлагатайг зөвлөгөөнд оролцогчид хүслээ.

Үүнээс гадна “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого 2014-2025”-ийг хэрэгжүүлэхэд, уул уурхайн салбарыг гагцхүү нэг салбарын хүрээнд бус, мөн эрх зүйн орчныг нь Ашигт малтмалын хуулийн хүрээнд хэт явцуу байдлаар авч үзэхгүй байж, холбогдох бусад салбар, хоорондын уялдаа, хамтын ажиллагааг хангаж хөгжүүлэх суурь арга хэмжээг тусгасан “Эрдэс баялгийн салбарын хөгжлийн үндэсний хөтөлбөр”-ийг 2018 оны нэгдүгээр улиралд багтаан яам хоорондын ажлын хэсэг гарган боловсруулж, батлахыг Засгийн газраас хүссэн юм.

Өнөөдрийн онч үг

8 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.