Эрх олгох шалгалт баасан гаригт болно

2017-12-7 Нийтлэл

Санхүүгийн зохицуулах хорооноос Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт болон Монголын хуульчдын холбоотой хамтран үнэт цаасны зах зээлд оролцогчдод үйлчилгээ үзүүлэх хуульч, аудиторуудад зориулсан сургалтыг зохион байгуулав. Энэ удаагийн сургалтыг шинэчилсэн хөтөлбөр, онол, дадлага хосолсон аргаар явуулснаараа онцлог боллоо.

Үнэт цаас, хөрөнгийн зах зээлд мэргэшсэн, туршлагатай мэргэжилтнүүдээр сургалтыг удирдуулж, хичээлийн сэдэв, чиглэл бүрийг онцлогт нь тохируулан онол болон практик ажиллагаа хослуулан явуулж, хамрагдагсдыг үнэт цаасны зах зээлийн дэд бүтцийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцууллаа. Аудиторуудад үнэт цаас гаргагчийн санхүүгийн тайланд аудит хийхэд анхаарах асуудлууд, брокер, дилер, андеррайтер, хөрөнгө оруулалтын сан, кастодианы нягтлан бодох бүртгэл, тайлагналын асуудал, түүнчлэн аудитын чанарын хяналт, аудиторын ёс зүй зэрэг хичээлүүд орсон бол хуульчдад иргэний болон үнэт цаасны эрх зүйн зохицуулалтын харилцан хамаарал, компанийг өөрчлөн байгуулах, нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөхтэй холбоотой эрх зүйн зохицуулалт, хөрөнгө оруулалт, бизнесийн харилцаанд үүсэх гэрээний болон гэрээний бус маргаан, санхүүгийн гэмт хэргүүд, түүний дотор дотоод мэдээлэл эзэмшин арилжаанд оролцох, зах зээлийг урвуулан ашиглах үйлдлийг тогтоох гэх өргөн хүрээний сэдвээр лекц, танилцуулга хийв.

Үр дүнд чиглэсэн уг сургалтад нийт 51 аудитор, хуульч хамрагдсан бөгөөд эрх олгох шалгалтыг энэ сарын 8-ны өдөр авахаар тогтож, журам, огноо, цагийг баталлаа. Шалгалтыг тест асуултуудаас гадна ур чадварыг үнэлэх кэйс дадлагын болон мэргэжлийн ёс зүйг тодорхойлох эх бичвэрийн даалгавруудаар авна.

Эх сурвалж: СЗХ

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.