Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Доан Тхи Хыөнгийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Монгол Улс, Вьетнам Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 63 жилийн ой энэ жил тохиож байгаатай холбогдуулан хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа хөгжин бэхжиж байгаад хотын дарга талархал илэрхийлэв. Улаанбаатар хот Вьетнам Улсын Ханой, Хо Ши Мин хоттой харилцаатай ч сүүлийн жилүүдэд хамтын ажиллагаа идэвхтэй бус байгааг хотын дарга дурдаад “Хоёр улсын харилцааг хөгжүүлэхэд хотуудын харилцаа, хамтын ажиллагаа чухал ач холбогдолтой. Харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөтгөн хөгжүүлэхэд Элчин сайдын зүгээс дэмжиж ажиллахыг хүсье” хэмээсэн юм.
“Миний бие хоёр улс тэр дундаа хотуудын харилцааг сайжруулахын тулд хичээн ажиллах болно. Энэ жил хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 63 жилийн ой тохиож байна. Монгол Улсын ард түмэн манай улсыг хүнд хэцүү цагт маш их тусалж, дэмжиж байсан. Манай ард түмэн үүнийг хэзээ ч мартдаггүй” хэмээн Элчин сайд Доан Тхи Хыөнг ярилаа. Мөн тэрбээр “Сүүлийн үед хоёр орны хооронд аялал жуулчлал хөгжих хандлагатай байгаа. Энэ салбарыг цаашдаа илүү хөгжүүлэх боломжтой. Элчин сайдаар ажиллах хугацаандаа худалдааны салбарыг хөгжүүлэхийн тулд хичээн ажиллах болно. Цаашид хоёр орны харилцаа өргөжин тэлнэ гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм.
Улаанбаатар хот 1982 онд Ханой хоттой анх харилцаа тогтоон 1998 онд “Улаанбаатар хот, Ханой хот хоорондын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Санамж бичиг” байгуулж байжээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
87350
30348
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.