Ирэх оны үндсэн чиглэлийн төслийг хэлэлцэж байна

2017-11-15 Нийслэл

НИТХ-ын хуралдаанаар Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийн явц, 2018 оны үндсэн чиглэлийн төслийг хэлэлцэж байна.
Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийн явц энэ оны аравдугаар сарын 1-ний байдлаар 88.8 хувьтай байгааг Нийслэлийн Засаг дарга С.Батболд хуралдаанд танилцуулав.
Тэрбээр, “Энэ онд Нийслэлийн эдийн засаг нийгмийг хөгжүүлэх чиглэл таван бүлэгтэй бөгөөд 334 ажил төлөвлөсөн. Үүнээс бүрэн хэрэгжсэн 216, хэрэгжих шатандаа байгаа 85 ажил байна. Мөн эрчимжүүлэх шаардлагатай 17, УИХ, Засгийн газар болон холбогдох агентлагийн үйл ажиллагаанаас шалтгаалан хэрэгжилт зогссон зургаа, хөрөнгө оруулалт шийдэгдээгүй 10 ажил байна.
Бүлэг тус бүрээр нь авч үзвэл Эдийн засгийн өсөлт өрх бүрт бүлгийн 45 ажил 80 хувь, Хот байгуулалт, дэд бүтэц бүлгийн 76 арга хэмжээний 89.9 хувь, Байгаль орчин, ногоон хөгжил бүлгийн 45 ажлын хэрэгжилт 86.7 хувьтай хэрэгжиж байна. Мөн Нийгмийн хөгжил бүлгийн 115 ажил 88.8 хувь, Засаглал бүлгийн 53 арга хэмжээний хэрэгжилт 89.6 хувьтай хэрэгжиж байна. 2017 оны үндсэн чиглэлийн гүйцэтгэл, үр дүнг ирэх сард нэгтгэн тайлагнах болно” гэлээ.
Ирэх онд нийслэлийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх зорилгоор Хотын дэд төвүүдийг хөгжүүлэх, үйлдвэр, технологийн паркуудын үйл ажиллагааг эхлүүлэх, эрчимжүүлэх, гэр хорооллын 3000 айлыг дэд бүтцэд холбох, 71 нам даралтын зуухыг буулгах зэрэг бодлогын арга хэмжээг хэрэгжүүлэх юм. Мөн Сэлбэ, Баянхошуу дэд төвүүдийн барилгын ажлыг эхлүүлэх зорилгоор цэвэр болон бохир ус дамжуулах шугам тус бүр 4 км, 3.2 км автозам, 1.8 км 35 кВт-ын цахилгаан дамжуулах шугам барих аж. Түүнчлэн 23.5 км автозам, 57 урт метр (У/М) гүүр, 6 км үерийн хамгаалалт шинээр барих, нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг 3.4 ам дөрвөлжинд хүргэх зэргээр 2018 оны Үндсэн чиглэлд нийт 400 гаруй ажил хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд үүнд нийт 1.3 их наяд төгрөгийн санхжүүжилт шаардлагатай юм. Санхүүжилтийн 90.9 тэрбум төгрөгийг улсын төсвөөс, 114.8 тэрбумыг нийслэлийн төсвөөс гаргах юм. Түүнчлэн гадаадын зээл, тусламжийн эх үүсвэрээс 745.9 тэрбум төгрөг, төр, хувийн хэвшлийн түншлэлээс 349.9 тэрбум төгрөг босгохоор төлөвлөжээ.

Танилцуулгатай холбогдуулан НИТХ дахь МАН болон АН-ын бүлэг санал, дүгнэлтээ танилцууллаа.
Өнгөрсөн онд автозам шинээр барих, сургууль цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдэд хууль эрхзүйн зөвлөгөө өгөх зэрэг олон үр дүнтэй ажил хэрэгжүүлснийг НИТХ дахь МАН дүгнэлтэдээ дурьдсан байна. Харин ирэх оны үндсэн чиглэлд Чингэлтэй дүүргийн дөрөвдүгээр хорооны цогцолбор байр барих, Шүд, эрүү, нүүрний эрүү нүүрний эмгэг судлалын төвийг өөрийн байртай болгох, гэр хорооллын тэлэлтийг зогсоох, зуухны хэрэглээг бууруулах, Ногоон хөгжлийн бонд гаргах, нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй түгээмэл тархацтай ашигт малтмал олборлогчид болон тоосго, төмрийн үйлдвэрүүдийг нүүлгэн шилжүүлэх зэргийг нэмж тусгах санал гаргалаа.
Одоо төлөөлөгчид асуулт асууж, санал хэлж байна.

Өнөөдрийн онч үг

19 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.