Үс сайхан бол зүс сайхан гэдэг. Сайхан үстэй байхын тулд үсээ зөв арчлах ёстой. Үсээ зөв арчлахын тулд юуны өмнө үснийхээ төрлийг зөв тодорхойлох нь чухал юм. Үс нь хэвийн, хуурай, тослог, холимог гэсэн дөрвөн төрөлд хуваагддаг.
Хэвийн үс нь гэрэл сайн ойлгодог тул наранд гялалзаж харагддаг. Хэрэв таны үс зөөлөн налархай, ширэлддэггүй, самнахад хялбар, хэлбэрт амархан ордог, эрүүл өнгөтэй, толгойгоо угаасны дараа хэд хоногийн турш энэ байдлаа хадгалж чаддаг бол та үсээ онцлогт нь тохируулан сайн арчилж чаддаг, эрүүл сайхан үстэй юм байна.
Тослог үс нь бүрсгэр өнгөтэй, угаагаад удаагүй байхад тослогтон бөөгнөрч, хиртсэн юм шиг санагдаж эхэлдэг. Үс нь толгойн хуйхны өөхөн давхаргын булчирхайн идэвхжилтээс шалтгаалж тослогтдог. Энэхүү булчирхай нь олдмол болон удамшлаас шалтгаалж идэвхждэг байна.
Хуурай үс нь гэрэл муу ойлгодгоос болоод гялтганадаггүй, бүрсгэр харагддаг. Ийм үс нь амархан хугарч, орооцолдож ширэлддэг бөгөөд үзүүр нь салаалсан байна. Үсний хуурайшил нь ихэнхдээ тосны булчирхайн идэвхжил буурснаас бус харин үсээ буруу арчилснаас болж үүсдэг ажээ.
Холимог төрлийн үстэй хүмүүсийн тоонд гол төлөв урт үстнүүд ордог ба булчирхайнаас ялгарч буй тос нь үсний уртад бүрэн хүрэлцдэггүй учраас үсний уг нь тослог, үзүүр нь хуурай байдаг аж. Тиймээс холимог үсний үзүүр нь байнга салаалдаг тул тохирсон арчилгаа, эрүүл хоолны дэглэм хэрэгтэй.
ҮСНИЙ АРЧИЛГАА ЗӨВ УГААХААС ЭХЭЛДЭГ
Үсээ эрүүл сайхан, гэмтэлгүй харагдуулахын тулд цагаа олсон зөв угаалга маш чухал ач холбогдолтой юм. Ерөнхийдөө зайлшгүй шаардлагатай гэж үзсэн үедээ л үсээ угаах хэрэгтэй. Жишээ нь, үсний гель, хөөс, лак зэрэг хэлбэржүүлэгч бэлдмэл тогтмол хэрэглэдэг хүмүүс үсээ өдөр бүр угаах шаардлагатай болдог. Өдөр тутам үсээ угаадаг хүмүүс зориулалтын зөөлөн шампунь сонгохыг зөвлөе. Үсийг хэт халуун болон хүйтэн усаар угааж болохгүй. Усны температурын түвшин 35-45 хэм байхад тохиромжтой. Мөн үсний тослог их байх тусам усаа бүлээсгэх /хүйтэвтэр/ шаардлагатай болдгийг анхаараарай. Үүнээс гадна шампуниа хуурай үсэн дээрээ түрхэж болохгүй. Эхлээд үсээ сайтар норгоод дараа нь алган дээрээ бага зэрэг шампунь асгаж, 2 алгаа хавсран нялж толгойныхоо хуйханд хурууныхаа өндгөөр иллэг хийх маягаар жигд тарааж, хөөсрүүлэн угаах нь зөв. Мөн үсээ, дор хаяж 2 удаа угаах шаардлагатай ба эхний угаалтаар тоос шороо, хир, арьсны тослогыг арилгаж удаах угаалтаар шампуны эмчилгээний идэвхжил харагдах учиртай. Харин шампунь болон бусад угаагч бэлдмэл хэрэглэсний дараа үсний гадарга дээрх угаагч бодисын үлдэгдлийг сайтар усаар зайлан арилгах хэрэгтэй.
Мөн угаахаас өмнө сайн самнасан үс угаасны дараа орооцолддоггүй амархан хэвд ордог гэдэг. Богино үсийг угаас нь, харин урт үсийг үзүүрээс нь дээш ахих замаар самнах хэрэгтэйг сана. Үсийг нойтон байхад нь самнах буруу ба зайлшгүй тохиолдолд төмөрлөг биш хуванцар, модон самаар самнавал зохино. Үсийг хатаах хамгийн шилдэг арга бол өөрөөр нь хатаах явдал бөгөөд зарим тохиолдолд халуун алчуур хэрэглэж болдог. Хатаагч сэнс ашиглахаас аль болох татгалзах хэрэгтэй. Хэрэв үсээ сэнсээр хатааж хэлбэрт оруулах бол хүйтэн сэнсийг толгойноосоо 40 см хэртэй зайнаас барьж үлээлгэвэл зохино.
А.Уянга
3 цагийн өмнө
4 цагийн өмнө
7 цагийн өмнө
7 цагийн өмнө
Өчигдөр
87365
30398
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.