УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Ерөнхий сайдын мэдээллийг сонсов.
Хуралдааны үеэр гишүүд асуулт асууж, хариулт авсан бөгөөд агаарын бохирдлыг бууруулах талаар санал, санаачилга хэлж байв. УИХ-ын гишүүн З.Нарантуяа “Засгийн газар байгаа боломжоо ашиглах юм бол агаарын бохирдлыг бууруулж болно. Бид агаарын бохирдлыг бууруулах төслөө боловсруулаад олон улсад танилцуулах юм бол хөрөнгө оруулалт босгож болно” гэсэн бол УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Яндан цөөлөх асуудал бол ганц Улаанбаатарын асуудал биш ээ. Утааг бууруулах арга хэмжээг хэрэгжүүлэхдээ аймгийн төвүүдээ мөн цогцоор нь шийдэх хэрэгтэй. Мөн гэр хороололд амьдарч байгаа иргэдээ хашаандаа сайхан амьдрах боломжоор хангах хэрэгтэй байна. Заавал метр квадрат нь 1.8 сая төгрөгийн үнэтэй орон сууц авах бус цэвэр бохир ус, дулааны шугамыг нь шийдэж өгөн, хашаандаа гурав дахин хямд үнээр буюу м.кв нь 600 мянгаар амины орон сууцанд бариад амьдрах боломжоор нь хангаж өгье. Төсөв мөнгийг нь ч шийдэх хэрэгтэй. Үүнээс гадна утааг бууруулах бас нэг арга зам нь 100 хувь цахилгаан хөдөлгүүрт автомашиныг татваргүй оруулж ирье. Энэ төрлийн машин оруулж ирж байгаа бизнес эрхлэгчдээ татвараас нь чөлөөлж, цахилгаан машин унаж байгаа иргэдийнхээ хэрэглээг нь дэмжээд өгье” гэсэн санал хэлэв.
Энэхүү асуудалд БОНХЯ-ны сайд Цэрэнбат “Аймаг, орон нутгийн агаарын бохирдлын асуудалд БОНХЯ анхаарал хандуулж байна. 100 хувь цахилгаанаар явдаг автомашин оруулж ирэх саналыг 200 хувь дэмжиж байна. Яамны бодлогын түвшинд энэ асуудлыг хэлэлцэж байна” гэсэн юм. Энэ мэтчилэн асуулт хариулт, санал хэлснээр нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах асуудлаарх мэдээлэл дуусч, 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэлд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87366
30405
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.