УИХ энэ өдрүүдэд 2018 оны төсвийн төслийг хэлэлцэх учиртай ч 65-ын бүлэг ажлын тав хоногийн завсарлага авсан нь төсвийг хуулийн хугацаандаа баталж чадах уу гэх асуулт гарахад хүргэж байна. Тэгвэл УИХ дахь МАН-ын бүлэг төсвийн төсөлд авсан тав хоногийн завсарлагын хугацаагаа наашлуулж, өнөө маргаашдаа багтаж 2018 оны төсвийн эхний хэлэлцүүлгийг хийхээр тохирчээ.

Үүнээс өмнө Төсвийн байнгын хороо хуралдаж, Монгол Улсын Ерөнхийлөгч Сангийн сайдын томилгоонд тавьсан хоригийг хэлэлцэх юм. Энэ асуудлыг хэлэлцэхээр тус байнгын хорооны хурлыг өнгөрсөн баасан гаригаас хойш гурван удаа зарласан ч гишүүдийн ирц бүрдээгүй. Тэгвэл өнөөдөр тус байнгын хороо хуралдана гэх мэдээллийг холбогдох албаныхан өгч буй юм.