Манай улс өрийн дарамтнаас нэг л буруу замаар мултраад байна

2017-11-2 Нийтлэл

Манай улсын эдийн засгийн уналтын мөчлөг нэг үеэ бодвол бага багаар дээрдэж, урдахаа хойдохоороо нөхөөд аргалж л байна. Гэвч ирэх онд манай улсын өр 24,3 их наяд төгрөг буюу жилд олж байгаа мөнгөнөөсөө зургаа дахин их гэсэн үг. Өөрөөр хэлбэл бүтэн зургаан жилийн улсын төсөвтэйгөө тэнцэх гадаад өртэй болжээ, бид. Ирэх жилийн төсвийн алдагдал дахиад хоёр их наяд гаруй төгрөг гээд бодохоор өрийн сүлжээнээс хэрхэн, ямар замаар гарах вэ гэсэн асуулт тэг хариулттай хэвээр байна. Харин манай улсын урдаа барьдаг нэр бүхий эдийн засагчид өнөөдрийн үүсээд буй нөхцөл байдлыг “Зориудаар өрийн сүлжээнд оруулж, гарцгүй болгоод баялгийг нь хямд цөлмөдөг эдийн засгийн “алуурчид”-ын технологийг амжилттай хэрэгжүүлж буй үндэстэн дамнасан компаниуд, тэдний гар хөл бологсод зорилгоо туйлын амжилттай хэрэгжүүлж байна” хэмээн дүгнэх болов.

Харин Олон улсын валютын сангийн баг манай эдийн засгийг хурдацтай сэргэж байна гэх дүгнэлтийг гаргажээ. Монголын эдийн засгийн өсөлт энэ онд 3.3 хувь, ирэх онд 4.2 хувь хүрэхийг тус сангаас таамаглав. Тодруулбал, ОУВС-ын Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр манай улсад зорилгодоо хүрч хэрэгжиж байгааг Улаанбаатарт ажилласан баг дүгнэжээ. Ойрын хугацаанд ОУВС Монголын банкны салбарыг дэмжих, мөнгөний бодлогын хэрэгжилтийг сайжруулах зэрэгт анхаарч ажиллах гэнэ.

ОУВС-ын багийн тэргүүлэгч Жёфф Готтлиеб хэлэхдээ “Монголын эдийн засаг бидний төсөөлснөөс хурдан сэргэж байна. Үүнд, нүүрсний экспорт нэмэгдэж, үйлчилгээ сэргэсэн нь нөлөөлжээ. Гэхдээ ирэх онд нүүрсний зах зээл эрсдэлд учирч болзошгүй байгааг онцлов. Улсын төсвийн зарлагад хяналтаа сайжруулснаар мөнгөний бодлогын өнөөгийн тоон үзүүлэлтүүд эерэг гарчээ.

Монголын албаныхан хөтөлбөрийн хүрээнд ОУВС-ын багтай эхний болон хоёр дахь шалгалт явуулахаар зөвшилцөлд хүрсэн. Хөтөлбөрийг бүрэн хэрэгжүүлснээр Монгол Улс ОУВС-аас 440 сая ам.доллар, Япон, Өмнөд Солонгос зэрэг донор орнуудаас 5.5 тэрбум ам.долларын зээл тусламж авна” хэмээж.

Дахиад л өрнөөс өр. Хэдийгээр тус сангийн хэлж байгаачлан манай улсын “сэхээнд” байсан эдийн засаг сэргэж байгаа ч ирээдүйд биднийг юу хүлээж байна вэ. Томоохон улс орнуудаас бадар барьж, өр ширээ эргүүлээд өрөөр гэтэлгэж байгаа нь лав л сайны ёс биш гэдгийг энэ салбарынхан халаглаж сууна.

Уг нь бидэнд эцэг өвгөдөөс үлдээсэн их өв бий. Энэ буяныг зөв тогтолцоогоор эдийн засгийн эргэлтэнд оруулж, өрийн дарамтнаас гарах нь хамгийн зөв гарц. Нэг үгээр хэлбэл, цагаан захтнууд эх орноо гэсэн чин сэтгэлээр ажиллаж чадвал өрийн сүлжээнээс өлхөн гарах хөрөнгө газар доор маань бий. Гэвч төр түшилцэх хэдэн нөхдүүд нь өдгөөгийнх шиг эрх мэдэл, хөрөнгө мөнгөнд амиа тавиад байвал энэ улсын орших уу, эс оршихуйн тухай хөндөгдөхөд хүрэх нь лавтай…

Нөгөөтэйгүүр, үнэхээр Ерөнхийлөгчиийн хэлснээр “30 гэр бүл” энэ улсын хамаг өнгөтэй өөдтэйг цалгиад байна уу. Хэрвээ тийм бол, ийм гэр бүлүүд байгаад бүхэл бүтэн тусгаар улсын эрх ашгийг хөндөөд байвал шуудхан ил зарлаж, хууль шүүхийн байгууллагаар шийдвэрлэх ёстой. Гэвч Ерөнхийлөгч яагаад ард түмнээр таавар таалгаад, З.Энхболдоор үг дайгаад чимээгүй сууна вэ?

Эсвэл асуудлын цаана Ерөнхийлөгч Х.Баттулгад энэ нууцыг задлахгүй байх том шалтгаан байна уу. Яагаад тэрбээр эдгээр нэрийг хэлэхээс татгалзаад байгаа нь хачирхалтай. Нэгэнт л эдгээр гэр бүл Монгол Улсын хувь заяанд тоймгүй хохирол учруулаад байгаа юм бол төрийн тэргүүний хувьд улс эх орон, ард иргэдийнхээ тусын тулд илчлэх нь түүний үүрэг баймаар. Харин одоо мань хүн энэ их нууцыг ганцаар олж мэдээд, түүгээрээ өрсөлдөгч нараа намнаж, сүрдүүлээд байгаа мэт л харагдаж байна.

Ямартай ч өрийн дарамтнаас богино хугацаанд, хохирол багатай гарахын тулд бид юуны өмнө эхлээд төрийн төсөв мөнгөний бодлогын алдааг засч залруулах хэрэгтэй. Төрийн бодлого, үйл ажиллагаа нь уялдаа холбоотой, улс орны эдийн засгийн нөхцөл байдалд нийцсэн байвал, мөн хямралаас гарахад шаардагдах валютын орлогыг бүрдүүлж чадвал хоёр жилийн дотор гарах боломжтойг салбарынхан онцолж сууна. Гэвч бодлогын алдааг зассан ч түүний хор уршиг нь хэдэн арван жилдээ арилдаггүйг мартаж болохгүй. Тухайлбал, 1996-2000 оны хооронд ажиллаж байсан Засгийн газруудын явуулсан бодлого, үйл ажиллагааны хор уршиг өнөөг хүртэл арилаагүй. Наанадаж л, боловсруулах аж үйлдвэрийн салбарыг хувьчлал нэрийн дор сүйтгэж, цөлмөсөний уршгаар манай улс импортлогч, хэрэглэгч улс болсон гэдгийг ч санах нь зүйн хэрэг юм.

О.Гэрэлчулуун

Өнөөдрийн онч үг

2 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.