Ц.Нямдорж: Өнөөдөр Б.Хурц өөрийгөө илчиллээ

2017-10-26 Парламент

Хэвлэлийн бага хурал

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж Төрийн ордонд мэдээлэл хийлээ. Учир нь тэрбээр хэдхэн хоногийн өмнө С.Зориг агсны хэргийн захиалагчийг зарлана хэмээн мэдэгдсэн. Харин өнөөдөр ТЕГ-ын дарга Б.Хурц Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржтой холбоотой мэдээлэл хийж, түүнийг “С.Зоригийн хэрэг дээр шалгах ажиллагаа явуулсан ажлын хэсгийг өнгөрсөн 19 жилийн хугацаанд 10 удаа тараасан. Дөрвийг нь Ц.Нямдорж сайдаар ажиллаж байхдаа тараасан, Ц.Нямдорж “Эрдэнэт” үйлдвэрт шахааны бизнестэй хэмээн мэдэгдсэн юм.

Харин энэхүү мэдээллийн хариуд Хууль зүй, дотоод хэргийн сайп Ц.Нямдорж ийн хэллээ:

-“Б.Хурц хэвлэлийн хурал хийсэн гэж сонссон. Зул бөхөхийнхөө өмнө бадамлаж асдаг. Тэр л болж байгаа болов уу. Би УИХ-д байр сууриа хэлсэн. Намд үйлчилдэг хууль хяналтынхныг илчилнэ гэж. Тэр бүлэглэлийн гол зохион байгуулагч нь Б.Хурц л даа. Солигдохоо мэдчихээд тэгж байна. Энэ асуудал өнөөдөр шийдэгдэнэ. Нэг цагийн дотор амжиж энэ асуудлыг шийднэ. Надад хэлж амжаагүй үг байгаа. “Эрдэнэт”-ийн 49 хувийг ийш тийш болгох ажиллагаанд Б.Хурц оролцсон шүү. Д.Эрдэнэбилэг гэдэг хүний хуурай дүү. Ийм оролцоотой, ийм учиртай юм. “Эрдэнэт”-ийн асуудлаар шийдвэр гаргахаас урьтаж тэд нар ийм мэдээлэл хийж байгаа юм байна л даа. 

Б.Хурц С.Зоригийн хэрэг өдий хүртэл илрээгүй нь надаас болсон шахуу юм сая ярина лээ. С.Зоригийн хэргийг шалгах ажлын хэсэгт би ерөөсөө өөрчлөлт оруулаагүй. Одоо бол харин цагдаагийн байгууллагаас төлөөлж орсон хүмүүсийг өөрчилнө. Тагнуулын ерөнхий газрын дарга өнөөдөр цэвэр улс төрийн зорилготой мэдэгдэл хийж байна. Өдий хүртэл явж ирсэн цагдаа, тагнуулын системийг нь нураана гэж үхтлээ айж байгаа байхгүй юу. Би бол нураана. Энэ бол дөнгөж эхлэл. Н.Алтанхуяг, Д.Дорлигжав хоёр надад ямар падлий байгаа юм бэ. Бид өөрсдийнхөө хашааг мэднэ. Бид хаана байхаа мэднэ. Ер нь бол их сандарч байгаа юм байна.

Тагнуулын ерөнхий газрын даргыг соль гэдэг саналыг би Ерөнхий сайдад тавьсан байгаа. Цагдаа, тагнуул бол Засгийн газрын байгууллага. Гэтэл Ц.Элбэгдорж тагнуул, цагдаагийн байгууллагыг улс төрийн зорилгоор ашиглаж ирсэн нь ийнхүү тодорхой боллоо.  Өнөөдөр Б.Хурц өөрийгөө илчиллээ. Би ийм дайралт ирнэ гэдгийг мэдэж байсан. Би жилийн өмнө Б.Хурцыг өрөөндөө дуудаад, өргөдлөө өгөөд яв гэж хэлж байсан. Тэр үед намайг тагнаж байсан юм шүү дээ. Манай улсын үндэсний аюулгүй байдлыг хангах үүрэгтэй байгууллага улстөрчдийг тагнадаг, цагдаа хүчний байгууллагыг томилгоогоор дамжуулж удирддаг байдал байсан нь өнөөдөр илэрч байна. Би үүнийг таслан зогсоох гэж байгаа юм. Би ингэх тусам илүү эрчимтэй цэвэрлэнэ” хэмээн мэдэгдлээ.

С.Гэрэл

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.