800 сая ам.долларын бонд амжилттай босгожээ

2017-10-26 Парламент

Чуулганы танхимаас

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

Засгийн газар ирэх оны эдийн засгийн өсөлтийг 4.2 хувь байхаар төсөөлжээ. Эдийн засгийн өсөлтийг үүнээс өндөр тооцож болох байсан ч Хятад руу гаргаж байгаа эрдэс баялгийн экспорт дээр дэд бүтэц хөгжөөгүй нь хүндрэл учруулж болзошгүй гэж үзсэн аж.

 Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын өгсөн мэдээллээр олон улсын зах зээлд Засгийн газрын бонд гаргах ажиллагаа урьд шөнө 24.00 цагт амжилттай дууссан байна. Нийт 800 сая ам.долларын арилжаа хийсэн байна. Шинэ бондын хүү өмнө нь гаргаж байсан Чингис, Хубилай бондоос 2 орчим хувиар бага аж.

Энэ ажлыг шинэ Засгийн газар бүрдэж, ажилд орохоос өмнө Сангийн яам гардан ажилласан байна. Ийм учраас Сангийн сайд асан Б.Чойжилсүрэнд талархах ёстой гэж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хэллээ.

Олон улсын зах зээлд 800 сая ам.долларын бонд гаргаж, арилжаалахад Мэргэжлийн Засгийн газар Олон улсын валютын сантай ойлголцож ажиллаж, эдийн засгийн хүндрэлтэй байдлыг зогсоосон нь хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээсэн байна.

Шинэ Засгийн газар босгосон бондын 400 сая ам.долларыг өмнөх бондын төлбөрийг хийхэд, үлдсэн 400 сая ам.долларыг нь Монгол руу татах аж. Иймээс валютын ханш өсөх эрсдэл буурч буй ажээ.

Ийнхүү 12.00 цагийн үед тус асуудлыг хэлэлцэж дуусаад гишүүдийн 82.8 хувийн саналаар дэмжин, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ.  

Энэхүү төсөлтэй холбоотой зарим зүйлийг тодруулбал, Засгийн газар 2017 оны төсвийн тодотголыг боловсруулахдаа алдагдлыг 2.7 их наяд төгрөг байхаар тооцсоныг дахин 300 тэрбумаар бууруулжээ.

Энэ тухай Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Улсын өрийн хэмжээ нь ДНБ-ээс давсан, өрийн дарамтаараа дэлхийд алт, мөнгөн медальтай явж байхад алдагдлыг бууруулахад асар хүнд байгаа. Гэсэн ч алдагдлыг боломжоороо бууруулсан. Нөхцөл байдал амаргүй учраас зээлийнхээ хүүд төлөх мөнгөнд анхаарч байна. Тэтгэврийн сан 1.4 их наяд төгрөг. Гэтэл тэтгэврийн сантайгаа ижил хэмжээтэй мөнгийг авсан зээлийн хүүд төлдөг. Ийм учраас хугацаа тулсан өрөө дарах, өндөр хүүтэй зээлийг арилжааны банкнаас авахыг зогсоох,  Засгийн газрын хөрөнгийг зөв менежмент хийх зэрэг арга хэмжээ авч ажиллана” хэмээн тодотгосон юм.

С.Гэрэлчулуун

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.