Нийслэлийн шуурхай хуралдаан боллоо

2017-10-25 Нийслэл

Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд өнгөрсөн зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг даалгавар болон түүний биелэлтийн талаар НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцууллаа.

Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболд “Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд гэмт хэрэг, зөрчил, зам тээврийн ослын шинжтэй 26586 дуудлага, мэдээлэл хүлээн авсан нь өмнөх 14 хоногтой харьцуулахад 3078 нэгж буюу 13.1 хувиар, гэмт хэргийн шинжтэй 119 үйлдэл бүртгэгдсэн нь 56 нэгж буюу 5.3 тус тус хувиар өссөн үзүүлэлттэй байна. Хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, үйлдэгдсэн хэргийг шуурхай илрүүлэх, алдагдсан эд зүйлсийг эрэн сурвалжлах, хулгайн эд зүйл зарж борлуулдаг сэжигтэй газруудыг олж тогтоон хяналт тавих, сэжигтэй этгээдүүдийг эрэн сурвалжлан олж тогтоон хуулийн хариуцлагад хүлээлгэх зорилгоор “Сонор” хэсэгчилсэн арга хэмжээ зохион байгуулсан. Арга хэмжээний хүрээнд орон байрны хулгайлах гэмт хэрэг 3, халаасны хулгайн 3 гэмт хэргийг илрүүлж, орон байрны хулгайлах гэмт хэрэг үйлддэг 4 бүлгийн 12 этгээдийг баримтжуулан шалгаж, 43 удаагийн үйлдлээр хулгайлах гэмт хэрэг үйлдсэнийг тогтоосон. Явган эргүүлийн 2027 чиглэлд 4168 офицер, ахлагч, олон нийтийн цагдаа, сонсогч, машинт эргүүлд 56 автомашинтай 112 офицер, цагдаа үүрэг гүйцэтгэн 68 гэмт хэргийг халуун мөрөөр нь илрүүлж ажилласан байна” гэж танилцуулав.

“Замын цагдаагийн албаны Мэдээлэл шуурхай удирдлагын хэлтэст 3616 дуудлага мэдээлэл ирснээс хүн гэмтсэн хэргийн шинжтэй 119, зөрчлийн шинжтэй 1400 дуудлаганд очиж хойшлуулшгүй ажиллагаа явуулан, 1519 ослыг материалжуулан шалгаж байна. Нийслэлийн хэмжээнд зам тээврийн осол 7.3 хувиар өссөн дүнтэй байгаагаас БЗД, СБД-ийн нутаг дэвсгэрт зам тээврийн осол их гарч байна” гэж Нийслэлийн цагдаагийн газрын Замын хөдөлгөөний хяналтын газрын дарга, дэд хурандаа Б.Эрдэнэбат хэллээ.

НОБГ-ын дэд дарга, дэд хурандаа Н.Нямхорлоо “Өнгөрсөн өдрүүдэд аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын 90 удаагийн дуудлагыг хүлээн авч Гал түймэр унтраах, аврах ангиуд объектын гал түймрийн 82, техникийн холбогдолтой осол, аврах ажиллагааны 8 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэсэн. Нийслэлийн хоёр дүүргийн 3 газарт гарсан мал, амьтны гоц халдварт шүлхий өвчинтэй тэмцэх, хорио цээрийн дэглэмийн үйл ажиллагааг холбогдох зааврын дагуу зохион байгуулж шаардлагатай арга хэмжээг авч ажилласнаар, мал амьтан нэмж өвчлөөгүй, эмнэл зүйн шинж тэмдгээр өвчилсөн мал эдгэрсэн тул мэргэжлийн байгууллагуудын зөвлөмж, дүгнэлтийг үндэслэн хорио цээрийн дэглэмийг буулгаж, хязгаарлалтын дэглэмд шилжүүлэн хяналт тавин ажиллаж байна” гэлээ.

“Зөрчлийн тухай хуулийн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны дагуу мэргэжлийн хяналтын улсын /ахлах/ байцаагчид 791 зүйл заалтаас 686 зүйл заалтын дагуу хяналт шалгалт хийж байна. Агаарын чанарыг сайжруулах бүсэд мөрдөх журам, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар зурагт хуудас бэлтгэн хэвлүүлж агаарын чанарыг сайжруулах бүсэд харьяалагдах төвийн 6 дүүргийн 138 хороонд үйлдвэрлэл, үйлчилгээ явуулж буй 10599 иргэн, аж ахуйн нэгжид хүргэлээ” гэж Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун ярилаа.

Зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийн явц, Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг НИТХ-д өргөн барьсантай холбогдуулан НИТХ-ын Дэд хороо, Намын бүлгийн хуралдаанаар хэлэлцэх тул нийслэлийн нутгийн захиргааны нийт байгууллагуудын удирдлагууд идэвхтэй оролцох нь зүйтэй” гээд хүүхэд, гэр бүлийн хүчирхийлэлийн эсрэг нэгдсэн бодлого боловсруулах, тогтмол арга хэмжээ зохион байгуулах, нийслэлийн замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, авто замын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээ болон хориглосон газарт автомашинаа байршуулж авто замын хөдөлгөөнд саад учруулж, зөрчил гаргасан тээврийн хэрэгсэлийг ачиж бүртгэх, хариуцлага тооцох, хяналтыг сайжруулах, шүлхий өвчинтэй тэмцэх, хорио цээрийн дэглэмийн үйл ажиллагааг холбогдох зааврын дагуу зохион байгуулах, хяналтын үйл ажиллагааг тогтмол зохион байгуулж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов.

Өнөөдрийн онч үг

19 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.