“Internet of Things” буюу юмсын интернэт төлөв

2023-08-15 Амрах агшин

 

20 дугаар зууны суут эрдэмтдийн нэг Николо Тесла 1926 онд Коллиерс сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Утасгүй холболт хангалттай бүрхсэний дараа дэлхийг асар том тархи болгох бөгөөд бүх зүйлсийн хэлбэр нь хөгжний ритмийн хэсэг адил илэрхий болж түүнийг удирдах хэрэгслийн хүн халаасандаа авч явах болно” гэж зөгнөн хэлснийг одоогийн 1999 онд Английн технологийн пионер Кэвин Эштон өөрийн илтгэлдээ нэршил болгон тогтоож “Internet of Things” (IoT) буюу юмсын интернэт төлөв гэх ойлголт нь бодит байдалд авчрахаар болжээ. Энэхүү ойлголт нь бидний ажил, амьдралд ихээхэн өөрчлөлтүүдийг оруулах бөгөөд энэхүү нийтлэлдээ ээдрээтэй техникийн агуулгаас нь хазайн энгийнээр тайлбарлахаар хичээв.

Та бүхэн өндөр хурдны өргөн зурвасын сүлжээ гэж сонссон байх энэ нь их хурдтай интернэтийг ерөнхийд нь хэлж байгаа бөгөөд энэ нь өргөн хэрэглээнд гарахын хэрээр үнэ нь буурч байна. Шинээр нэмэгдэж буй төхөөрөмжүүд нь бүгд утасгүй сүлжээний(wifi) чадавхтай болж, ухаалаг утасны хэрэглээний өсөлт тэнгэр лүү чиглэлтэй болтол өсөж эхэллээ. Энэ нь юмсын интернэт төлөв гэх хүчит шуурганы эхлэл юм./Арын фон зургыг хавсралтаар илгээв/

Юмсын интернэт төлөв гэж юу вэ?

Энгийнээр хэлэх нь энэ нь бүх төхөөрөмжийг интернэтэд, бас өөр хооронд нь холбох тухай ойлголт юм. Энэ нь үүрэн утас, угаалгын машин, чихэвч, гэрэл, тэр байтугай тухайн төхөөрөмжийн тодорхой хэсэг гээд таны төсөөлж болох бүх зүйлсийг хамарна. АНУ –ийн мэдээллийн технологийн судалгааны хүрээлэн болох Гартнер нь 2020 онд 26 тэрбум төхөөрөмжүүд юмсын интернэтэд хамрагдана гэж үзсэнийг бусад байгууллагууд дээрх судалгаанаас хамаагүй их 100 тэрбум илүү төхөөрөмжүүд бичил электроникийн хөгжлөөс үүдээд тэр аварга сүлжээнд холбогдоно гэж үзэж байна. Эдгээр нь хүн – хүн, хүн – юмс, юмс – юмс гэсэн холболтууд байх тул машинаас машинд буюу “machine to machine” (m2m) технологийг өргөн ашиглах юм байна.

Танд хэрхэн нөлөөлөх вэ?

Ирээдүйд гарч ирэх нэгэн шинэ дүрэм бол “бүх холбогдсон зүйл ба холбогдох зүйл” юм. Гэхдээ яагаад дэлхийд та ийм их холбоотой төхөөрөмжийг гаргахаар хүсэж байгаа вэ гэвэл тухайн нэгэн зүйл ямар харагдаж байгаа эсэх, эсвэл ямар чадавхтай байгааг байнга хүсэж байгаатай холбоотой. Жишээлбэл та хурал руугаа яаран явж байхад таны машин календар луу чинь хандаж чухал ажилтай тул хамгийн замын түгжээ үүсээгүй чиглэлийг сонгон машины тань GPS –д харуулах болно. Хэрэв замын түгжээ тойрох боломжгүй бол автоматаар бусад нөхдөд чинь таны хоцрохыг анхууруулах боломжтой эсэхийг асууна. Өглөө 6 цагт таны сэрүүлэг дуугарах үед кофены машин тань ажиллан халуун кофегоор угтаж, цонх чинь автоматаар онгойн өглөөний нарыг харуулдаг бол ямар вэ? Эсвэл оффисын хэвлэгчний хор дуусах үедээ автоматаар дэлгүүрээс хамгийн хямд хор захиалдаг бол ямар вэ?

Илүү өргөн утгаараа юмсын интернэт төлөв нь ухаалаг хотуудыг байгуулахад ашиглагдана. Үүнд зам тээврийн хөдөлгөөнийг зохицуулах, хог хаягдлын хэмжээг багасгах, цахилгааны хэрэглээг бууруулах, ногоон байгууламжийн хэмжээг хянах зэргээр тусалж бидний амьдрах орчинг сайжруулна.

Юмсын интернэт төлөв нь бидний одоогоор төсөөлж ч чадахгүй боломжуудыг үүсгэж, цаашид ямар нөлөө үзүүлэхийг бид бүрэн ойлгоогүй байна. Иймд та бүхэн яагаад энэ сэдэв өнөөдөр олны анхаарлын төвд байгааг харж байгаа болов уу. Энэ ойлголт нь маш их бололцооны үүдийг нээх бөгөөд бас олон түвэгтэй асуудлын эхлэл байх болно.
Хэдэн тэрбум төхөөрөмжүүд холбогдон ажиллах нь мэдээж мэдээллийн аюулгүй байдлын асуудлыг үүсгэнэ. Энгийнээр тайлбарлахад хэн нэгэн таны шарах шүүгээний сүлжээнд нэвтрэн хувийн мэдээллүүдийг чинь хулгайлах оролдлого хийх нь тийм ч таатай зүйл биш шүү дээ. Иймд юмсын интернэт төлөвийг хэрэглээнд нэвтрүүлэхэд аюулгүй байдлыг хангах талаар маш их ажил Мэдээлэл, харилцаа холбооны технологийн салбарын мэргэжилтнүүдэд байна.

Юмсын интернэт төлөвтэй холбоотой үүсэх технологийн шийдлүүдийг дурдаад байвал маш их мэдээлэл болно. Энэ нүсэр өгөгдлийг дамжуулах сүлжээ, хадгалах багтаамжийн асуудлыг шийдвэрлэхэд хөдөлгөөнт холбооны 5 дахь үе(5G), үүлэн тооцоолол(cloud computing), их өгөгдөл(big data) зэрэг асуудал үүсэхээс гадна хамгийн наад талын суурь технологи нь интернэт протоколын хаягжилтийг хувилбар 6 (IPv6) –д шилжихээс эхлэх юм. Мөн микро электрон механик систем (MEMS) –ийг түгээмэл нэвтрүүлэх үүнд бичил, нано хагас дамжуулагчуудыг бүтээгдэхүүнүүдэд суурилуулна.

Эцэст нь хэлэхэд интернэт уусан алга болж орчинд тань шингэх тэр цаг ойрхон байна. Харин таны хэрэглээний чадвар сайн байж хэрэглэгч байх, эсвэл бүтээх чадвараа ашиглан инновацыг нэвтрүүлэгч байх эсэх нь танаас хамаарна.

Цолмондэлгэрийн ОДХҮҮ

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.