ХӨСҮТ-өөс вакцинжуулалтын арав хоногийн аянг эхлүүлсэн байна. Энэ талаар тус төвийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагамаас тодрууллаа.
-Вакцинжуулалтын аяны онцлог юу байх вэ. Иргэд хэрхэн хамрагдах вэ?
-Томуугийн эсрэг вакцинжуулалтын арав хоногийн аян аравдугаар сарын 16-26-ны хооронд үргэлжилнэ.
Аяны хүрээнд аль ч төрлийн вакцинаасаа хоцорсон хүүхдүүдийг дархлаажуулалтад нөхөн хамруулна. Мөн “Томуугийн эсрэг дархлаажуулалт” уриан дор явагдаж байгаа аяны бас нэгэн онцлог нь жирэмсэн эмэгтэйчүүд, зорилтод бүлгийн архаг суурь өвчтэй иргэдийг аль болох түлхүү хамруулахаар ажиллаж байна. Жирэмсэн эмэгтэйчүүд томуугийн вакциныг хийлгэж болно. Ямар нэгэн сөрөг нөлөөгүй.
-Аян эхэлснээс хойш хэдэн тун вакцин хийсэн бэ. Иргэд хаана очих вэ?
-Энэ жил нийт 175 мянган тун вакцин буцалтгүй тусламжаар ирэх бөгөөд үүнээс эхний 50 мянган хүн тун томуугийн эсрэг вакциныг АНУ-ын Протейн сайнс корпорациас хүлээн авсан. Вакциныг энэ сарын 13-наас орон нутаг болон нийслэлд тарааж эхлээд байна. Ирэх долоо хоногт буюу энэ сарын 23-наас бага насны хүүхдийн вакциныг хуваарийн дагуу тараана. Иргэд харьяа дүүргийнхээ Эрүүл мэндийн нэгдлүүд дээрээ очиж вакциндаа хамрагдах боломжтой.
-Томуугийн өвчлөлийн нөхцөл байдал хэр байгаа вэ?
-Улсын хэмжээнд амбулаториор үйлчлүүлэгчдийн 3-5 хувь нь томуу төст өвчинтэй гэж оношлогдсон. Өвчлөгчдийн 80 хувь нь 15 хүртэлх, 70 хувь нь дөрөв хүртэлх насны хүүхдийн өвчлөл эзэлж байна. ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори ТХТН-үүдээс ирүүлсэн сорьцод мультиплекс полимеразийн гинжин урвалын аргаар томуугийн вирусийг тодорхойлж эхэлсэн.
Эх сурвалж: Зууны мэдээ
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87367
30406
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.