Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд инженерийн хангамжийн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл ажил болон Шуурхай удирдлага, зохицуулалтын төвийн үйл ажиллагаатай танилцаж, инженерийн хангамжийн байгууллагуудын удирдлагуудтай уулзаж, ярилцлаа.
Уулзалтын үеэр Дулааны цахилгаан станцууд болон олон нийтийн үйлчилгээний байгууллагуудын төлөөллүүд өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах ажлын явцын талаар танилцууллаа.
Дулааны IV цахилгаан станцын ерөнхий инженерийн орлогч Ч.Ганбат “2017-2018 оны өвлийн ачааллын бэлтгэл ажлыг хангахад 10 бүлэг төлөвлөгөө гарсан байгаа. Зохион байгуулалтын талаар дөрвөн ажлын төлөвлөгөө гаргаснаас хоёр нь бүрэн биелэлттэй явж байна. Техник үйлчилгээ, засварын бүрэн зогсолт хийх ажил 100 хувь хийгдсэн. Нүүрсний нөөцлөлтийн хувьд графикийн дагуу явж байгаа. Өнөөдрийн байдлаар 124.1 мянган тонн нүүрс буюу 14 хоногийн нөөцтэй байна” хэмээн танилцууллаа.
Дулааны III цахилгаан станцын дэд захирал Т.Энхтөр “Өвөлжилтийн бэлтгэл ажил хангагдсан. Бэлтгэл ажлыг хангах төлөвлөгөө 94 хувьтай биелсэн. Өнөөдрийн байдлаар 749 тонн мазут нөөцөлсөн. Энэ бол хангалттай хэмжээ. 60750 тонн буюу 20 хоногийн нүүрсний нөөцтэй байгаа. Гол бүтээгдэхүүнүүд хангалттай байна. Хөрөнгө оруулалтаар нийтдээ 23 ажил төлөвлөснөөс 21 ажил нь бүрэн хийгдэж, хоёр ажил нь 4 хувьтай байгаа үргэлжлээд явж байна. Барилгын засварын ажил бүрэн хийгдсэн. Өвөлжилтийн бэлтгэл бүрэн хангагдаад байна” хэмээлээ.
“Өнөөдрийн байдлаар манай станц 12798 тонн нүүрсний нөөцтэй байна. Хоногт 400 тонн орчим нүүрс зарцуулдаг. Одоогийн байдлаар суурилагдсан хүчин чадлын 17 хувь нь ачааллыг авч явж байна. Өвлийн их ачааллын үед 53 хувийн ачаалал авч явна. Манай станц их ачааллын үед 40 гаруй хувь, энгийн үед 60 гаруй хувийн ачаалал авах нөөц бий. Цаашдаа ачаалал авах бүрэн боломжтой” хэмээн Амгалан дулааны станцын ерөнхий инженер Ч.Цогтсайхан ярилаа.
Дулааны II цахилгаан станцын дэд захирал Г.Болдсайхан “Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах ажил нийтдээ 92 хувьтай байна. Өнөөдрийн байдлаар 14 мянган тонн буюу 20 хоногийн нүүрсний нөөцтэй” хэмээв.
Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн Шуурхай удирдлагын албаны дарга Батмөнх “Өвөлжилтийн бэлтгэл ажил өнгөрсөн сарын 8-нд 100 хувь хангагдаж дууссан. Өнөөдрийн байдлаар Дулааны II, III, IV, Амгалан станцууд дулаанжуулалтын нөөц тоноглолтой горим, ажиллагааны хувьд хэвийн ажиллаж байна. Хэрэглэгч хүссэн цагтаа дулаанаа ав гэсэн зорилт тавиад ажилласны хувьд өнгөрсөн сарын 9-нөөс эхлэн орон сууц аж ахуйн нэгжийг холбосон. Есдүгээр сарын 15 гэхэд нийт орон сууцны зөрчилтэй бус хэрэглэгчдийг 100 хувь хангаж холбосон байгаа” гэлээ.
ОСНААҮГ-ын ИБХХ-ийн дарга Ж.Пүрэвжамц “ОСНААҮГ энэ жил өөрийн хөрөнгөөр их засварын 32, урсгал засварын 40 нэр төрлийн ажил хийхээр төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар бүх ажил хийгдэж 100 хувийн гүйцэтгэлтэй байна” гэв.
УБЦТС ТӨХК-ийн Инженерийн бодлогын хэлтсийн дарга Батцэцэг “Улаанбаатар хотын найман дүүрэг, Төв аймгийн 16 сумыг цахилгаан, эрчим хүчээр хангаж нийт 360 мянга гаруй хэрэглэгчид хүрч ажилладаг. Өнгөрсөн өвөл 114 мянган өрхөд шөнийн тариф тэглэсэн үнээр хөнгөлөлт үзүүлсэн байгаа. Ингэснээр шөнийн ачаалал 17 хувиар өссөн. Компанийн хэмжээнд урсгал засварын ажил 80 хувийн гүйцэтгэлтэй байна. Энэ сарын 15-н гэхэд их болон урсгал засвараа хийж дуусгана” хэмээн хэллээ.
“Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах нэгдсэн төлөвлөгөөний биелэлт салбарын хэмжээнд 94 хувьтай байна. Нийтийн тээврийн үйлчилгээний үндсэн чиглэлд гэрээтэй ажилладаг 21 аж ахуйн нэгжийн өвөлжилтийн бэлтгэл ажлыг шалгаж ажилласан. Үүнээс бүрэн хангалттай 9, хангалттай 7, бүрэн бус хангалттай 5, хангалтгүй үнэлгээтэй хоёр аж ахуйн нэгж байгууллага байна. Нийслэлийн Тээврийн газрын захиргааны зөвлөлөөр хэлэлцээд хангалтгүй үнэлгээтэй таван ААН-д хугацаатай үүрэг даалгавар өгсөн. Хангалтгүй үнэлгээ авсан хоёр ААН-д гэрээ цуцлах мэдэгдэл хүргүүлж, шаардлагатай зохицуулалтын арга хэмжээ авахаар болсон. Нийтийн тээврийн үйлчилгээний 5.12 стандартын дагуу үйлдвэрлэгдсэнээс хойш 12-оос дээш жил ашигласан бол нийтийн тээврээс хасна гэж заасны дагуу энэ оны арванхоёрдугаар сард 202 автобусыг үйлчилгээнээс чөлөөлөхөөр байгаа. Үүнээс өнөөдрийн байдлаар 14 ААН 81 тээврийн хэрэгслээр парк шинэчлэл, нөхөн хангалт хийсэн. Арванхоёрдугаар сараас өмнө таван ААН 46 тээврийн хэрэгслээр парк шинэчлэлт, нөхөн хангалт хийхээр төлөвлөөд гэрээ хийсэн” хэмээн Нийслэлийн Тээврийн газрын Зорчигч тээврийн хэлтсийн дарга Э.Баярт танилцууллаа.
Геодези, усны барилга байгууламжийн газрын ерөнхий инженер С.Батсайхан “Энэ жил үерийн хамгаалалтын далан сувгийн цэвэрлэгээний ажил бүрэн хийгдсэн. Авто замын борооны ус зайлуулах шугам сүлжээний их цэвэрлэгээ хийгдсэн. Давтан цэвэрлэгээний ажил дуусах шатандаа явж байна. Халиа, дошин үүсэхтэй холбоотойгоор Дэнжийн мянгын 1, 3-р суваг болон төв хэсгийн хөрсний усны шугамыг хөлдөлтөөс сэргийлэх ажил 100 хувь хийгдээд байна” хэмээн танилцууллаа.
Танилцуулгын дараа Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Улаанбаатар хот хүйтэн нийслэлийн нэг. Хот гэдэг их айлын хувьд өвөлдөө бэлтгэж, айл өрх, албан байгууллагууд өвлийг өнтэй давах бэлтгэлийг хангах нь маш чухал зүйл байдаг. Нийслэлийн Засаг даргын зөвлөлөөр гурван удаа өвөлжилтийн бэлтгэлийг авч хэлэлцсэн. Өнөөдөр нийслэл бүхэлдээ дулаанаа аваад, өвлийн горимдоо шилжээд дөрөв хонож байна. Энэ өдөр холбогдох албан тушаалтнуудтай уулзаж өвөлжилтийн бэлтгэл ажил дууссан байдал, цаашдаа болзошгүй аваар ослын үед хэрхэн ажиллах вэ гэдэг асуудлаар ярилцлаа. Та бүхний танилцуулгаас харахад өвлийн бэлтгэл бүрэн хангагджээ гэж харж байна” хэмээлээ.
Мөн тэрбээр “Цаашдаа хэд хэдэн зүйл дээр анхаарч ажиллах хэрэгтэй. Өвлийг дулаахан, цас багатай болно гээд тайвшрах хэрэггүй. Болзошгүй аваар ослын үед хэрхэн ажиллах вэ гэдэгт анхаарлаа хандуулж ажиллах шаардлагатай. Бид хэдийгээр улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар засварууд хийж байгаа ч Улаанбаатар хотын ерөнхий тоноглолууд нэлээд хуучирсан. Тиймээс болзошгүй аваар ослоос сэргийлж ажиллах шаардлагатай. Энэ үед шуурхай ажиллах багийг бэлдэх хэрэгтэй. Нийслэлийн Засаг даргын хувьд энэ тал дээр байнга анхаарлаа хандуулж ажиллана. Шаардлагатай тохиолдолд арга хэмжээ авах техник, хүн хүч, санхүүгийн нөөцийг бэлэн байлгахад анхаарч ажиллах хэрэгтэй” гэдгийг онцолж байлаа.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87371
30444
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.