УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, НҮБ-ын Хүн амын сан, Эрүүл мэндийн яам хамтран өнгөрсөн өдрүүдэд Хөвсгөл аймгийн эмч нарын дунд сургалт зохион байгууллаа.
Эх, хүүхдийн эндэгдлийг бууруулах зорилготой зохион байгуулсан дээрх сургалтыг тус байнгын хороо бүх аймгуудад зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж.
Одоогоор Хөвсгөл аймгийн нийт эмч нарын 70 хувь нь, мөн сумдын эх барих эмч нар сургалтад хамрагджээ.
Хөвсгөл аймгийн хувьд эх, нярайн эндэгдэл бусад аймгуудтай харьцуулахад 1.5 дахин өндөр байгаа аж. Иймээс дээрх сургалт нь цагаа олсон чухал арга хэмжээ боллоо гэдгийг эмч нар хэлж байна.
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан “УИХ эрүүл мэндийн салбарын үйлчилгээг бүх иргэдэд хүртээмжтэй хүргэхэд хууль эрх зүйн орчныг сайжруулахаас эхлээд хэрэгжилтэд анхаарч байна. Эх, хүүхдийн эндэгдлийг бууруулахад онцгой анхаарал хандуулж, ажиллах шаардлага тулгарч байгаа. Энэ удаагийн сургалт нь төрөлтийг хэрхэн зөв удирдах, гарч болзошгүй хүндрэлийн үед тусламжийг хэрхэн үзүүлэх талаарх мэргэжлийн арга зүйгээр хангаж ажиллахад чиглэлээ” гэсэн юм.
Хөвсгөл аймагт 2016 онд 3000 орчим эх амаржсан байна. Тэдний 80 хувь нь аймгийн төвд амаржсан бол 20 хувь нь сумын төвийн эрүүл мэндийн төвд болон гэртээ хүүхдээ төрүүлжээ.
Сум, багт амьдардаг эхчүүд жирэмснийхээ хугацаанд эмчийн хяналтын үзлэгт хамрагддаггүй нь төрөх үед хүндрэл үүсэх бас нэг шалтгаан, нөхцөл болж буй ажээ.
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.