ОТРООР ЯВАА МАЛЧДЫН СУДАЛГААГ ГАРГАЖ, ХЯНАЛТЫН ПОСТУУДЫГ НЭМЭГДҮҮЛНЭ

2018-03-19 Хөвсгөл
Аймгийн Онцгой комиссын 07 дугаар хуралдаан хуралдаж хил залгаа аймгуудад шүлхий өвчин нэмэгдэж буйтай холбогдуулан отроор өөр аймагт яваа малчдынхаа бүртгэл судалгааг дахин гаргаж, өвчнөөс урьдчилан сэргийлэх хяналтын постуудыг нэмэгдүүлэхээр боллоо. Өнөөдрийн байдлаар аймгийн 31900 мал өөр аймгийн нутагт отроор хаваржиж байгаа гэнэ.

Мал төллөх цаг болсон тул малчид орон нутагтаа ирэх учраас шүлхий өвчнөөс сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлж голомт бүхий нутгаас ирж буй малыг оруулахгүй байх, эрүүл тайван бүс нутагт оторлоод ирж буй малыг халдваргүйжүүлэн урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах үүргийг мэргэжлийн байгууллагуудад өглөө. Аймгийн Тариалан, Рашаант, Их-Уул сумын хил залгаа газруудад хяналтын 24 цагийн пост ажиллаж байгаа бөгөөд Завхан, Архангай аймгаас өвчин орж ирэх эрсдэлийг бууруулах зорилгоор хил залгаа сумдад хяналтын пост нэмэгдүүлэн ажиллахаар боллоо.

[powr-comments id=86ad5453_1485400055]

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.