Хог хаягдлын асуудлыг зөвлөлдлөө

2017-02-17 Увс
Аймгийн ИТХ-ын Байгаль орчин, экологийн тэнцвэрт байдлын хорооноос Увс аймгийн хаягдлын удирдлагын төв болох “Элемэнт” ХХК, Улаангом сумын удирдлагууд, аймгийн төвийн гэр хорооллын багаас аймгийн ИТХ-д сонгогдсон төлөөлөгчид, АЗДТГ, БОАЖГ-ын холбогдох мэргэжилтнүүдийг хамруулан Улаангом сумын хог хаягдлын менежмент, цаашид авах арга хэмжээний талаар уулзалт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. “Элемент” ХХК-д нийт айл өрхүүдээс хуримтлуулсан хогны төлбөрийн 70 хувийг, үлдсэн 30 хувийг суманд хуваарилдаг аж. Суманд хуваарилсан 30 хувиас орон сууцны айл өрхүүдийн хог ачих, мэдээлэл сургалт сурталчилгаа, урамшуулалд зарцуулдаг байна. Өнгөрсөн онд айл өрхүүдээс хогны төлбөрт 66 сая 300 мянган төгрөг хуримтлагдсанаас Элемент компанид 42 сая 729 мянган төгрөг, Хотын хөгжил цэцэрлэгжүүлэлтийн газарт 11 сая төгрөг, хэвлэл мэдээлэлд 7 сая 239 мянган төгрөг, хур хог зайлуулсан хөлсөнд 10 сая 680 мянган төгрөгийг тус тус хуваарилжээ.
Хэлэлцүүлгээс дараахь саналууд гарлаа. Үүнд:
1. Хогны төлбөрийн тайланг нээлттэй болгох, зарцуулалтын тайлан тавих
2. Улаангом суманд хогны төлбөрийн 30 хувийг авч үлддэг ч зарцуулалт бүрхэг, үр дүн багатай байгаа учраас хогны төлбөрийг Элемент компанид төвлөрүүлж хариуцлагыг сайжруулах
3. Багийн ИНХ-ын дарга,Засаг дарга нартай хог ачилтын компани хамтарч хувиарын дагуу хяналт тавих, хогны машин гудамжаар явахдаа чанга яригчаар мэдэгдэх
4. Хогоо гаргаж тавьж чадахгүй ганц бие өндөр настан, хүндэтгэх шалтгаантай хүмүүсийн судалгаа гаргаж хашаанаас нь ачих
5. Архи пиво нийлүүлдэг томоохон компаниудад шил, лаазаа эргэж авах санал хүргүүлэх

 

[powr-comments id=86ad5453_1485400055]

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.