Увс аймгийн ард түмэн эрт дээр үеэс ардын язгуур өв соёлоо үр хойч үедээ өвлүүлэн үлдээсээр ирсэн уламжлалтай. Энэ сарын 25-нд Улаангом хотноо нутгийн гар урчуудыг дэмжих, бүтээлийг нь нийтэд сурталчлах, бүтээгдэхүүний чанарыг сайжруулж, зах зээлд өрсөлдөхүйц бодит үнэ тогтоох, гадаад, дотоодын иргэдэд хэрэгцээтэй бүтээгдэхүүнээ үйлдвэрлэгчээс нь шууд худалдан авах боломж олгох, эрэлт хэрэгцээтэй гар урлалын бүтээгдэхүүн үйлдвэрлэж нийлүүлэх туршлага судлуулах зорилготойгоор Улаангом сумын соёлын төвөөс гар урлал, уламжлалт эд хэрэглэл үзэсгэлэнг зохион байгууллаа. Үзэсгэлэнд мод, чулуу, эсгий, арьс шир, адууны дэл сүүл, амааны ноолуур, тэмээ, хонины ноосоор хийсэн эд хэрэгсэл, эмээл, суран эдлэл, хувцас зэргийг үйлдвэрлэл эрхлэгчид дэлгэн харууллаа. Үзэсгэлэнд оролцогчид залгамж халаагаа бэлдэх, ажлыг эрчимтэй хийх шаардлагатай байгааг дурдаад, сурах сонирхолтой залууст арга туршлагаасаа зааж сургахад бэлэн байгаагаа хэлж байлаа. Хэзээ ч дахин давтагдашгүй гар урлалын хосгүй бүтээлүүдийг дэлхийн зах зээлд гаргах боломж орчин үед нээлттэй ч хамгийн гол нь түүнийг өвлөн зах зээл дахь цар хүрээг нэмэгдүүлэх нь хойч үеийн хийх ёстой ажил гэдгийг ахмад гар урчууд хэлж байлаа. Н.Эрхэс |
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.