Үгийн сангаас “ЧИ”-г хасъя

2017-06-6 Мэдээ, мэдээлэл

 Монгол үгийн сангаас дээрх үгийг хасах бодит шалтгаан байна. Ургуулан бодвоос “чи” гэдэг нь аливаа хараалын үгийг хавчуурга болсон мэт. Зарим хүн хэн нэгний өөдөөс долоовор хуруугаа гозойлгон бүр чичлэн байж “чи, чи муу” гэх нь энүүхэнд. Чичлэхийг дүүрч гэж бодъё. Хэтэрвэл зөрчил болчихно. Харин хаа сайгүй хэрэглэдэг “чи” үг хайран санагдах юм. Уг нь ахмад нь дүү хүнийг дууддаг төлөөний үг юмсан. Боловсролтой, соёлтой, ухаантай хүн “чи” үгийг хэрэглэхээс цэрвэж эцэг эхээс өгсөн нэрийг нь хэлж харьцаж ярилцаж байгаа нь олонтаа харагддаг. Ийм хүнийг соёлтой гэхээс өөрөөр юу гэхэв. Энэ харилцаанаас улбаалан эелдэг, зөөлөн уур амьсгал ноёлох. Зорьсон зорилго санасан хэрэгээ ч бүтээж байгаа харагдах юм. Сайхан дулаан уур амьсгал аливаа үйлсийн эхлэл байдаг аж. Харин “чи”-г хэрэглэсэн хоёр харилцагчийн үйл хөдлөл нь хүртэл өөр юм гээч. Нэг нь түшмэл зан гаргана. Нөгөө нь царайчилж сууна. Зарим түшмэл зантай нь “Би төрийн албан хаагч. Чи нохой шиг битгий үүдээр эргэлдээд бай. Одоо гар” гэж омогдоно. Ажлаа бүтээлгэчих санаатай яваа нөгөө харилцагч нь “Үгүй ээ, дарга аа” хэмээн царайчилна. Энэ харилцаа хэрээсээ хэтэрвэл “Би, Чи”-дээ тулна. Эцэст нь “Би мэдэж байна. Чи…Чи…” ингэж харилцааны жүжиг төгсөнө.

Ингэхэд хэн нь хэнийг “Чи” гээд байна вэ. Дарга уу, ахмад настан уу. Эсвэл дүү нь ахмад настан руу “чи” гэв үү.

Юутай ч эрх мэдэлтэн бусдыг “чи” гэх нь олон аж. Энд тэр тийм, энэ ийм гэж хэн нэгний тухай ярьсангүй. Мөн соёлтой, соёлгүйн тухай хөндсөнгүй. Харин хэнд ч анзаарагдаад байдаггүй тэгсэн мөртлөө хэрүүлийн үг бүхэнд хавчуулагддаг “чи” үгийн тухай цухас дурьдлаа.

Иймээс “чи” хэмээх төлөөний үгийг үгийг сангаас хасч хүнийг бүтэн нэрээр нь дуудаж харьцаж байя. Ингэж хэвшиж чадвал бидний харьцааны үнэ цэнэ эрх биш дээрдэх бус уу. Уншигч та бодоод үз. Нэгийг тунгаа.

А.Уянга

Өнөөдрийн онч үг

2 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.