“Эрдэнэс Монгол” ХХК-д хийгдэж байгаа шалгалт болон сүүлийн үед зарим сайтаар гараад байгаа асуудлаар тус компанийн Нэгдсэн стратеги, санхүүгийн удирдлагын газрын дарга Б.Батбаяраас тодрууллаа.
– “Эрдэнэс Монгол” компанид санхүүгийн хяналт шалгалт хийж байна гэдэг мэдээлэл байна. Энэ ямар зорилготой, хаанаас хийж байгаа хяналт, шалгалт вэ? Хэр хугацаанд үргэлжлэх вэ?
– Өнгөрсөн 7 хоногт Ерөнхий сайдын захирамжаар Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яамны хамтарсан хяналт, шалгалт орсон. Энэ жилийн хувьд он гарсаар манай компанид төрийн хяналтын чиг үүрэг хэрэгжүүлэгч газруудын төлөвлөгөөт шалгалтууд хуваарийн дагуу орж байна. Үүний нэг нь дээр дурдсан шалгалт юм. Тухайлбал, холбогдох хууль журамд заасны дагуу манай компанийн зүгээс 2024 оны санхүүгийн тайлангаа хөндлөнгийн компаниар хийлгүүлж, Үндэсний аудитын газар хянаж баталгаажуулсан. Түүнчлэн 2022-2023 оны татвар ногдуулалт, төлөлтөд төлөвлөгөөт шалгалт хийгдэж байна. Төрийн өмчит компанид шалгалт орох нь анхаарал татахуйц асуудал биш. Энэ шалгалтуудаар мөнгө угаасан, менежментийн төлбөр, ногдол ашигт зарим нэг мэдээллийн сайт дээр бичсэн шиг ямар нэгэн зөрчил гараагүй болно. Холбогдох хууль журамд заасны дагуу төлөвлөгөөт шалгалтууд ороод явж байгаа гэсэн үг юм.
– Танай компанийн удирдлагууд Засгийн газрын чиг үүргийн эсрэг ажилласан байж болзошгүй гэсэн яриа гарсан байна. Энэ үнэн үү?
– Хаанаас ийм яриа, ямар зорилгоор гаргасныг мэдэхгүй юм. Тийм зүйл огт байхгүй. Манай компанийн хувьцаа эзэмшигчийн эрхийг Засгийн газрын хэрэг эрхлэх газар хэрэгжүүлдэг, Засгийн газрын бодлого шийдвэр, Ерөнхий сайдын захирамж, чиглэлийн дагуу ажиллаж, үйл ажиллагаагаа тогтмол тайлагнаж явдаг. Засгийн газрын бодлогоос зөрж ажиллах ямар ч эрх зүйн үндэс байхгүй. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт заасан томоохон бодлого зорилтуудыг хэрэгжүүлэхэд манай компанийн зүгээс чиг үүргийнхээ дагуу идэвх зүтгэл гарган, хамтран ажилладаг.
Засгийн газраас зарласан 14 мега төслийн аж үйлдвэрийн салбарт хэрэгжих 6 төсөл нь “Эрдэнэс Монгол” нэгдлийн дунд хугацааны Стратегид тусгагдсан төслүүд юм.
Түүнчлэн өнөөдөр хүн бүрийн ярьж буй Баялгийн сангийн хуулийг боловсруулах, Ораногийн хөрөнгө оруулалтын гэрээг эцэслэх, 1072 хувьцааны эрх зүйг сайжруулах зэрэг томоохон ажлуудыг манай компани хийж гүйцэтгэж ирлээ.
– Нэгдсэн удирдлагаар хангадаг толгой компанийн хувьд “Эрдэнэс Монгол” компани харьяа компаниудаасаа менежментийн төлбөр авдаг. Энэ төлбөрийг юунд зарцуулдаг вэ?
– “Эрдэнэс Монгол” ХХК нь нэгдлийн бүрэлдэхүүн компаниуд нэгдсэн стратеги төлөвлөлтийн хүрээнд бизнес төлөвлөгөөгөө боловсруулж үйл ажиллагааны зохистой менежмент хэрэгжүүлэх замаар үйл ажиллагааны үр ашигтай тогтолцоог бүрдүүлэх менежментийн үйлчилгээг өгдөг юм. Толгой компаниас 2024 онд гэхэд 7 чиглэлийн 36 төрлийн үйлчилгээг 1017 удаа нэгдлийн бүрэлдэхүүн, харьяа үйлдвэрийн газруудад үзүүлсэн байна. Түүнчлэн менежментийн орлогоос мөнгөн хөрөнгийн дутагдалтай болон төслийн шатандаа байгаа охин компаниудад Засгийн газрын тогтоол, шийдвэрээр санхүүжилт олгогддог.
Тухайлбал, 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд нийтдээ 39.3 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон бөгөөд үүний 12.0 тэрбум төгрөгийг Багануур ХК, 17.0 тэрбум төгрөгийг Шивээ-Овоо ХК-дад санхүүжилт олгосон.
Иймэрхүү асуудлуудыг ганцхан манай компани бие дааж шийддэг ч юм биш ээ. Засгийн газрын тогтоол шийдвэр, нэн тэргүүнд шийдвэрлэх нийгмийн асуудал зэргээс хамаардаг, тодорхой процессын дагуу явагддаг.
– Гашуунсухайтын авто зам ашигласны төлбөрийн асуудал яригдаж байна. Зарцуулалтын мэдээллийг тодруулмаар байна?
– Өнгөрсөн хугацаанд Гашуун сухайт авто замын орлого нь төлөвлөгөөт зам засвар, арчлалтын зардлаа санхүүжүүлж чаддаггүй байсан. “Эрдэнэс Монгол” ХХК-аас Гашуун сухайт авто зам (ГСАЗ) компанийн үйл ажиллагааг сайжруулснаар нүүрсний экспорт 2.4 дахин нэмэгдэх шалтгаан болсон. Тус замаар 1 өдөрт тээвэр хийх машины тоо 2.1 дахин өсгөх боломжыг олгосон нэгдсэн хяналтын системийг нэвтрүүллээ.
Түүнчлэн замын ачаалал нэмэгдсэн нь зам засвар арчлалт, зам засварт зарцуулах хөрөнгө оруулалтыг өсгөсөн шаардлагыг бий болгосон. Мөн тус компани дээр хуримтлагдсан өр төлбөрийг барагдууллаа. Тухайлбал, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 239 км автозамыг худалдан авах зорилгоор МУХБ-ны 46 тэрбум төгрөг төлж, нийтдээ 272.0 тэрбум төгрөгийн зээлийг төлж барагдуулсан, Азийн хөгжлийн банкны засаглал сайжруулах төслийн хүрээнд авсан 8.6 сая ам.долларын зээлийг хүүгийн үлдэгдэл 32.0 тэрбум төгрөгийг тус тус төлж барагдуулсан.
Ингэснээр “Эрдэнэс Монгол” ХХК нь улсын төсөв болон банкны салбаруудад төлөх өр төлбөрийн үлдэгдэлгүй болж урт хугацааны хуримтлагдсан өр төлбөрөөс чөлөөлөгдснөөр санхүүгийн хувьд хөл дээрээ тогтож байна.
– Танай компанийн удирдлагууд өөрсдөдөө үр дүн тооцож урамшуулал авсан гэсэн мэдээлэл байна. Энэ талаар тодруулахгүй юу?
– Төрийн өмчийн компаниудын Гүйцэтгэх удирдлагын цалин урамшуулалтай холбоотой ташаа мэдээллүүд байнга гардаг. Өнгөрсөн жилийн өдийд мөн “Эрдэнэс тавантолгой” ХК-д томилогдон ажилласан Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн урамшуулалтай холбоотой элдэв мэдээллүүд гарч байсан.
Төрийн өмчит хуулийн этгээдүүдийн гүйцэтгэх удирдлагын цалин, урамшуулалыг тогтоохдоо Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас баталсан аргачлалын дагуу “Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-өөс баталсан журам байдаг. Энэ журмаар тухайн компанийн стратегийн ач холбогдол, ажиллагсдын тоо, хөрөнгийн хэмжээ, цэвэр ашгийн хэмжээг харгалзан тогтоодог юм. Энэ журмын дагуу “сайн” үнэлгээ авсан компаниудын ТУЗ шийдвэр гаргавал Гүйцэтгэх захиралуудад урамшуулал олгодог.
Төрийн өмчит хуулийн этгээдүүдийн гүйцэтгэх удирдлагуудын жилийн ажлын үр дүнг тухайн компанийн ТУЗ нь үнэлж урамшуулал олгох шийдвэрийг гаргадаг. Урамшууллыг ТУЗ-ийн хараат бус гишүүдээс бүрдсэн Цалин урамшуулал, гүйцэтгэлийн хороо, Аудит, эрсдэлийн хороодууд Гүйцэтгэх удирдлагын тухайн жилийн үйл ажиллагааны үр дүнд үнэлгээг хийж, ТУЗ-ийн хурлаар 1-6 сарын үндсэн цалинтай тэнцэх урамшуулал олгох шийдвэрийг гаргадаг. Гүйцэтгэх захирал өөрөө ажлаа дүгнэдэг асуудал хувийн компаниудад ч байдаггүй. Тэгэхээр Гүйцэтгэх захирал өөрсөддөө үнэлгээ өгч, урамшуулал шийдэх боломжгүй гэсэн үг. Өөрөөр хэлбэл дээрх мэдээлэл ор үндэслэлгүй, санаатай мэдэн будилж төөрөгдүүлсэн, худал мэдээлэл гэж ойлгох ёстой.
15 цагийн өмнө
Өчигдөр
2025-06-3
2025-06-3
87840
32116
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.