Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын сайд Ц.Цогзолмаа яамны үйл ажиллагааны явц, тулгамдсан асуудлаар газар, хэлтсийн дарга нартайгаа шуурхай хурал хийх үеэр сэтгүүлч миний бие байлцав. Энэ үеэр тус яамны газрын дарга нар хариуцсан салбарын тулгамдсан асуудал, одоогийн хүрсэн түвшний талаар товч танилцуулга хийж байсан юм. Том зургаар харвал боловсролын яам маань барилга, аж ахуйн яам болж хувирсныг олж харлаа.
Танилцуулгын үеэр дурдагдсан гол гол мэдээллийг товчлон хүргэе:
- ЕБС-ын багш нарын цалинг 95 хувь хүртэл нэмэгдүүлэх бүрэн боломжтой бөгөөд гагцхүү багшийн зэрэг дэв, ур чадварыг тогтоох тогтолцоо нь олон шат дамжлагатай, удирдлагын бүх эрх мэдлийг яам өөр дээрээ төвлөрүүлснээс болж багш нарын цалин, урамшуулал нэмэгдүүлэхэд гацаа үүсдэг байна.
- Ерөнхий Боловсролын Сургуулийн хичээлийн хөтөлбөрийн чанар, санхүүжилт, багшийн ур чадвар, сурагчийн суралцсан байдал зэрэг олон үзүүлэлтийг ‘Үнэлгээ’ хийх чадавх одоогийн байдлаар хариуцсан яаманд байхгүй байна.
- Чанартай сурах бичиг боловсруулахад үндэсний боловсон хүчин дутмаг.
- Гурван ээлжээр хичээллэж байгаа нийт 24 сургууль байгаа юм байна. Үүнийг яаралтай шийдвэрлэх чиглэлд ажиллаж байна. Энэ онд багтаад 3 сургууль ашиглалтад орно гэв. Хурлын үеэр тус яамны сайд Ц.Цогзолмаа ‘Боловсролын салбар бол нийгмийн суурь асуудал. Бүх асуудлаа нээлттэй, ил тод явуулна, үүсээд байгаа асуудлаа олон нийтэд танилцуулъя. Эрэмбэ дарааллаар нь шийдвэрлэнэ’ хэмээн хэлсэн юм.