“АГААР НЭГ” платформыг албан ёсоор нээв

2021-03-2 Байгаль орчин

Өнөөдөр Хөгжлийн түнш байгууллагуудын агаарын бохирдлыг бууруулах ажлын хэсэг энэ оны анхдугаар хуралдааныг цахимаар зохион байгууллаа. Хуралд БОАЖ-ын сайд, ОББҮХ-ны дарга Н.Уртнасан, НҮБ-ын Хүүхдийн Сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч, Ажлын хэсгийн дарга Алекс Хайкенс болон холбогдох албаны хүмүүс оролцсон юм.

Энэ үеэр НҮБ-ын Хүүхдийн Сан, Швейцарын хөгжлийн агентлагийн хамтран хэрэгжүүлж байгаа “Эх, хүүхдийн эрүүл мэндэд үзүүлэх агаарын бохирдлын нөлөөг бууруулах нь” төслийн нэг үр дүн болох “Агаар нэг” мэдлэгийн менежментийн платформыг албан ёсоор нээлээ.

Энэхүү платформоор дамжуулан Монгол Улсын агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийгдэж буй хамгийн сүүлийн ажил, төсөл, судалгаа, тайлангын талаар цаг тухайд нь мэдээлэл авах боломжтой.

Тухайлбал, НҮБ-ын Хүүхдийн Cан, UNDP in Mongolia, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, People in Need Mongolia, GGGI Mongolia болон бусад байгууллага хэдийн элсэж цаг үеийн мэдээлэл, ажлын тайлан, төслийн мэдээллээ хуваалцан үр дүнтэй хамтран ажиллаж эхлээд байна.

Энэхүү платформын санаачилгыг Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Швейцарын хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хүүхдийн Cангийн дэмжлэгээр Breathe Mongolia – Clean Air Coalition ТББ гүйцэтгэв.

Цаашид энэхүү платформыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны зүгээс хөгжүүлж мэдлэг, мэдээллийн дата сан болгохоор ажиллах юм. Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон иргэний нийгмийн байгууллагууд, хувийн хэвшлийнхэн платформд нэгдэн ажлын тайлан, төслийн мэдээллээ хуваалцан эрүүл, аюулгүй орчныг бүтээхэд хамтран ажиллах боломж нээлттэй.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.