
Намрын сэрүүн унаж, малчид өвөлжөө бууцаа зэхэж ахуй энэ өдрүүдэд Төв аймгийн Алтанбулаг, Говь-Алтай аймгийн Цогт, Дэлгэр сумаас түгшүүрийн харанга дэлдлээ. Ямааны уушги, гялтан хальсыг гэмтээж, амьсгал боогдуулан үхэлд хүргэдэг “Contagious Caprine Pleuropneumonia” буюу ямааны халдварт плевропневмони өвчин малын хотонд чимээгүйхэн шургалжээ. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбатын хийсэн албан ёсны мэдээллээр уг халдварын эх үүсвэр нь БНХАУ-аас мал оруулж ирэх зөвшөөрөлгүй “Саятан сүрэг” дэлгүүрийн хууль бусаар зөөвөрлөн авчирсан Арвас үүлдрийн ухнаас тархсан байж болзошгүй байна. Цахим орчинд тавигдсан “ухна зарна” гэх зарын дагуу үүлдэр угсаагаа сайжруулах гэсэн малчдын итгэмтгий занг далимдуулан хилийн чанадаас зөөвөрлөгдөн орж ирсэн уг халдварын асуудлыг өдгөө Тагнуулын ерөнхий газарт шилжүүлэн шалгаж эхэлжээ.
Годрон өвчний нэг аюултай шинж нь нууц үе нь маш урт хугацаанд үргэлжилдэгт оршдог. Гаднаасаа эрүүл мэт харагдах ухна сүрэгт нийлж, намар оройн хээлтүүлгийн цагаар халдварыг чимээгүй тараасаар байжээ. Халдвар авсан ямаанууд өндөр халуурч, толгойгоо унжуулан, амнаас нь хөөстэй шүлс гоожиж, хөлөө солбин гуйвсаар богино хугацаанд хотоороо сүйрэх аюулд хүрдэг байна.
Одоогийн байдлаар тус хууль бусаар орж ирсэн үржлийн ухна нийлүүлэгдсэн байж болзошгүй 10 аймгийн 13 байршилд Мал эмнэлгийн ерөнхий газраас мөшгөн тандалт хийж, хавьтал болсон сүргийг тогтоохоор ажиллаж байна.
Харин Мал эмнэлгийн албаныхны мэдээлж буйгаар уг өвчин хүнд халдварлахгүй бөгөөд зөвхөн ямаа болон ямааны төрлийн зэрлэг амьтад (янгир гэх мэт)-ад халддаг тул иргэд хүнсний аюулгүй байдалд хэт сандрах шаардлагагүй. Гэвч нэгэнт халдвар орсон сүргийг эмчилж авч үлдэх боломжгүй, сүрэг тэр чигтээ өвчилдөг тул голомтыг таслан зогсоох цорын ганц арга нь шууд устгалд оруулах юм.
Мэргэжлийн байгууллагаас малчдын хувьд малаа дур мэдэн нүүлгэн шилжүүлэхгүй байх, сэжигтэй шинж тэмдэг илэрвэл мал эмнэлгийн тусламжийн 7505-6655 дугаарт яаралтай мэдэгдэхийг анхааруулж байна. Хяналтгүй хил гааль, хариуцлагагүй наймааны золиосонд Монголын ямаан сүрэг, малчдын амьжиргаа үрэгдэх эрсдэл нүүрлээд буй энэ үед малчдын сонор сэрэмж хамгаас чухал болоод байгаа юм.
1 цагийн өмнө
1 цагийн өмнө
6 цагийн өмнө
2026-10-1
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.